Дэлхийн дулаарлыг үл хайхарвал энэ зууны эцэс гэхэд манай гариг ган гачиг, үерийн аюулаас эхлээд байгалийн олон гамшигт үзэгдэлтэй нүүр тулах эрсдэл өндөр байгааг цаг уурын шинжээчид анхааруулж буй юм. АНУ, БНХАУ, Европын Холбоо дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 40 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас мэдээлснээр, xүлэмжийн хийн агууламж энэ хэвээр өсвөл энэ зууны эцэс гэхэд агаарын температур Парисын хэлэлцээрт тусгаснаас (1.5-2 хэм) илүүтэй нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Техник технологийн эрин зуунд дэлхийн дулааралд “бодит хувь нэмэр” оруулж буй хүмүүсээр цахим мөнгө үйлдвэрлэгчид нэрлэгдэж байна. Дижитал буюу цахим мөнгө үйлдвэрлэгчдийн үл үзэгдэх “арми” улс орнуудын жилийн хэрэглээнээс давсан цахилгаан хэрэглэж буй тул шүүмжлэгчид “Цахим мөнгө олборлогчид дэлхийг сүйрэлд хүргэж болзошгүй “хэмээн эмээж буйгаа мэдэгдсээр байна. Бид энэ долоо хоногийн “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ сэдвийг онцоллоо.
Цахим мөнгө болох биткойн бүтээхийн тулд хэдэн сая компьютер тооцоолол хийдэг. Түүнд зарцуулагддаг эрчим хүчний хэмжээг мэдээлэх зорилгоор Кембрижийн их сургууль “Cambridge Bitcoin Electricity Consumption Index” нэртэй сайт нээсэн. Тус байгууллагаас гаргасан судалгаагаар, 2019 онд Швейцарь улсын нийт эрчим хүчний хэрэглээтэй биткойны эрчим хүчний хэрэглээ тэнцжээ. Тухайн үед биткойн жилд 7 гигаватт буюу 61.76 тераватт цаг эрчим хүч хэрэглэж байсан аж. Энэ нь дэлхийн нийт цахилгааны хэрэгцээний 0.21 хувьтай тэнцэх бөгөөд 7 ширхэг атомын цахилгаан станц бий болгох асар их эрчим хүч юм. Түүнчлэн биткойны нэг жилд хэрэглэдэг цахилгаан эрчим хүч Кембрижийн их сургуулийн дараагийн 365 жилийн хэрэгцээтэй тэнцсэн нь сонирхолтой.
Биткойны эрчим хүчний шинжээч Алекс де Верс BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Биткойны хэрэглээнээс ялгарч буй хамгийн хортой зүйл нь нүүрстөрөгч юм. Биткойн жилдээ 100 сая хүрэхгүй гүйлгээ хийдэг ч маш их хэмжээний эрчим хүч зарцуулдаг. Эсрэгээрээ, уламжлалт санхүүгийн салбарт жилдээ 500 тэрбум орчим гүйлгээ хийгддэг. Гэтэл биткойны эрчим хүчний хэрэглээ дэлхийн бүх банкны нийт эрчим хүчний хэрэглээнээс их байна” гэж онцолжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн эрчим хүчний хэрэглээний ойролцоогоор 0.5 хувийг биткойн сүлжээ дангаараа бүрдүүлж байна.
Дэлхийн олон орны эрчим хүчний системүүд нүүрстөрөгчийн давхар исэл үүсгэдэг хий, нүүрс зэрэг "бохир" нөөцөөс хараат хэвээр. Цахилгаан эрчим хүчний өндөр хэрэглээ нь байгаль орчинд асар их хохирол учруулдаг.
АНУ-ын нөлөө бүхий сенатор Элизабет Уоррен 2021 оны зургадугаар сард “Уур амьсгалын хямралтай тэмцэхийн тулд бидний хийж чадах хамгийн хялбар бөгөөд хамгийн хор хөнөөл багатай зүйлсийн нэг бол байгаль орчинд хор хөнөөлтэй криптовалютуудын хөгжлийг таслан зогсоох явдал юм" гэж хэлжээ.
Арван жилийн өмнө олон олборлогч байгаагүй тул биткойныг суурин компьютер ашиглан олборлох боломжтой байсан бол өдгөө түүнийг компьютер дээр олборлоно гэвэл 13 орчим жил шаардлагатай болох аж.
Дэлхийн эрчим хүчний хэрэглээ үнэхээр хурдацтай өсч байна. Кембрижийн их сургуулийн эрдэмтдийн таамагласнаар 2021 онд биткойны сүлжээнд 119.65 тераватт цаг цахилгаан эрчим хүч шаардлагатай аж. 2018 онд энэ үзүүлэлт ердөө 29 тераватт цагтай тэнцэж байжээ. Хэрэв биткойн улс байсан бол жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр Аргентин 121.8 тераватт цаг, Нидерланд 111 тераватт цаг хэрэглээтэй гэж үзвэл жагсаалтын 32-т бичигдэх тооцоолол гарсан байна.
“Forex Suggest”-ийн тооцоолсноор, биткойны сүлжээ өнгөрсөн 2020 онд 59.9 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал үүсгэсэн нь дэлхийн нийт хэмжээний 0.16 хувийг эзэлжээ.
2021 оны дөрөвдүгээр сард дэлхийн хэмжээнд хятад олборлогчдын эзлэх хувь 46 хувь байсан бол дараагийн сард тэг хувь болж буурсан байна.
Улс орнууд дэлхийн дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахаа илэрхийлсээр байна. АНУ, Хятад улс ирэх есөн жилийн хугацаанд буюу 2030 он хүртэл дэлхийн агаар мандлын дундаж температурыг Парисын хэлэлцээрт заасан Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх тал дээр хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн билээ.
Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудын нэг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллахаа зарласан.
Тэрбээр “Монгол Улс “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулахаар ахиулан тодорхойллоо. Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2 хувь хүртэл ахиулах боломж байна” гэсэн билээ.
Японд 2021 оны гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилд 1.149 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарсан нь өмнөх оныхоос 5.1 хувиар буурсан үзүүлэлт аж. Энэ нь 2019 онд бүртгэгдээд байсан хамгийн бага үзүүлэлтийг шинэчиллээ гэж Японы Байгаль орчны яам мэдээлжээ. Энэ оны аравдугаар сард дэлхийн нефтийн хамгийн том экспортлогч орон болох Саудын Араб хүлэмжийн хийн ялгарлаа 2060 он гэхэд тэглэх амлалт өгсөн билээ.
Эх сурвалж: ВВС, NRP, REUTERS, EURO NEWS
Холбоотой мэдээ