Тайвань Монголын амны хөндийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны цахим семинар болов

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

Тайвань Монголын амны хөндийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны цахим семинар болов

"Тайваний шүдний эмч нарын нийгэмлэг" энэ сарын 15-ны өдөр Монгол Улсын Ангаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургууль, Нүүр ам судлалын эмнэлэг болон Монголын олон алдартай шүдний эмч, мэргэжилтнүүдтэй  хамтран цахим семинар зохион байгуулж, талууд ирэх онд амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах асуудлын хүрээнд хамтран ажиллах чиглэлийн талаар санал солилцов. Энэ удаагийн цахим семинар нь COVID-19 цар тахлын улмаас хоёр жил гаруй хугацаанд хоёр орны шүдний эмч нарын харилцаа тасалдсаны дараа зохион байгуулагдаж буй анхны семинар, хэлэлцүүлэг болж буйгаараа маш чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн цахим семинарын үеэр ирэх онд Монгол Улсад зохиогдох хүүхдийн шүд угаалтын тэмцээн, тусгай хэрэгцээт өвчтөнүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, цар тахлын дараах мэргэжилтэн, боловсон хүчнийг чадавхижуулах сургалт, семинар, хилийн чанад дахь хамтарсан эмнэлгийн үйлчилгээ тухайлбал гуравдагч улс оронд хамтарсан эмнэлгийн үзлэг оношилгооны үйлчилгээ үзүүлэх, цахим хэлбэрээр эмчилгээний туршлага харилцан солилцох гэх асуудлыг хөндөн ярилцав.

 

Ангаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал Б.Батбаяр болон бусад нэрт шүдний эмч нарын зүгээс ирэх онд Тайваний шүдний эмч нар туршлага солилцох, шинэ технологи, тоног төхөөрөмжийн талаархи мэдээлэл хуваалцах зорилгоор Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урьж байна. Монгол Улсад шүд эрүү нүүрний мэс заслын мэдээгүйжүүлэлтийн эмч бэлтгэх болон тусгай хэрэгцээт өвчтөнийг оношлох, эмчлэх нэмэлт тоног төхөөрөмжүүд нэн хэрэгцээ шаардлагатай байна. Монголын талаас Тайваний түншүүдтэйгээ холбогдох салбарт солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэв.

"Тайваний шүдний эмч нарын нийгэмлэг"-ийн удирдах зөвлөлийн дарга Чэнь Жиэн Жи цахим мэндчилгээндээ хэлсэн үгэндээ “Тайваний Шүдний эмч нарын нийгэмлэг нь Монгол орны мэргэжил нэгт түншүүдтэйгээ харилцаа, холбоо тогтоогоод хэдийнээ 10 жилийн нүүрийг үзсэн билээ. Бид цаашид ч Монгол орны мэргэжил нэгтнүүдтэйгээ ойр нягт хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэлтэй байна.” хэмээв. Өмнө нь олон удаа эмч нарын төлөөллийг тэргүүлэн Монгол Улсад хүрэлцэн ирж, Монгол орны мэргэжил нэгтнүүдтэй хамтран ажиллаж, шүд угаалтын тэмцээн хамтран зохион байгуулж байсан тус холбооны тэргүүн Хуан Мин Ю хэлэхдээ “Цар тахал дэгдсэн өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Тайваньд Шүд угаалтын тэмцээнийг танхимаар зохион байгуулах боломжгүй байсан бөгөөд энэ онд бага сургуулийн сурагчдын дунд шүд угаалтын тэмцээнийг богино хэмжээний видео контент, кино хэлбэрээр зохион байгуулсан. Бидний хувьд ирэх онд Монгол оронд зочлон, амны хөндийн эрүүл ахуйн мэдлэгийг түгээн, шүд угаалтын тэмцээн зохион завшаан тохионо гэж найдаж байна.”

 

 

Цахим семинарт уригдан оролцсон Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Өнөөдрийн цахим семинарт оролцож буй Монгол орны шүдний мэргэжилтнүүд болон Тайваний Шүдний эмч нарын нийгэмлэг хамтран, 2019 оны зун Монгол Улсын анхдугаар шүд угаалтын олимпиад”-ыг зохион байгуулж, сургуулийн насны хүүхэд багачуудад шүд угаах аргачлал, шүд угаахын ач холбогдолыг таниулахад дэмжлэг үзүүлсэн. Энэхүү олимпиад нь Монгол анд нөхдийн талархал, сайшаалыг хүлээсэн билээ. Хоёр орны Шүд угаалтын тэмцээнийг зохион байгуулах ажилд оролцсон шүдний эмч, мэргэжилтнүүд болон холбогдох албан байгууллагуудад гүн талархал илэрхийлж байна. COVID-19 цар тахлын нөхцөл байдал бүрэн намжсаны дараа талууд ирэх онд Шүд угаалтын хоёрдугаар тэмцээнийг хамтран зохион байгуулж, харилцан зочлох айлчлах, сургалт зохион байгуулах зэрэг хамтын ажиллагаагаа дахин сэргээнэ гэж найдаж байна.” хэмээв.

Фото зураг 1: Цар тахлын дараах үеийн Тайвань Монголын амны хөндийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны асуудлаархи цахим семимар бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд талуудын шүдний эмч мэргэжилтнүүдийн дунд зохиогдож буй анхны семинар хэлэлцүүлэг бөгөөд энэ үеэр цар тахлын дараах талуудын хамтын ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцэв.

Фото зураг 2: Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Талууд ирэх онд Монгол Улсад олны сайшаалыг хүртсэн Шүд угаалтын тэмцээнийг дахин зохион байгуулахын зэрэгцээ цар тахлын дараа харилцан зочлох айлчлах болон сургалт семинар зохион байгуулах үйл хэргээ дахин сэргээнэ гэж найдаж байна.” хэмээн онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж