“Бизнес эрхлэгчдэд хуулиас давсан шаардлага тавихгүй байхаар журамлалаа”

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

“Бизнес эрхлэгчдэд хуулиас давсан шаардлага тавихгүй байхаар журамлалаа”

“Бизнес эрхлэгчдэд хуулиас давсан шаардлага тавихгүй байхаар журамлалаа”

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2011, 2016, 2019 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”, “Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам”-д тус тус өөрчлөлт оруулах тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Энэ нь Улаанбаатарт бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилготой юм.

Улмаар төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, коронавируст халдварт цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилтын хүрээнд үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохтой холбоотой шаардлагагүй зарим зохицуулалтыг хасах, хүчингүй болгохоор тусгажээ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгож буй зөвшөөрлийн шинжтэй 225 нэр төрлийн үйлчилгээ байдаг аж. Үүнийг задалбал тусгай зөвшөөрөл 46, энгийн зөвшөөрөл 28, гэрээ байгуулж, гэрчилгээ олгодог 102, дүгнэлт тодорхойлолт олгодог 49 үйлчилгээ байгаа юм. Гэтэл эдгээрийн 74 нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна.

Тодруулбал, уг хуулийн 5.2-т “Тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн зөвхөн татварын байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” хэмээн заасан байдаг.

Энэхүү асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Олон төрлийн зөвшөөрөл шаарддаг байдлыг халах шийдвэрийг бид Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Хамгийн гол нь хууль нийцэж, стандарт, эрүүл  ахуйн шаардлагаа хангах шаардлагыг л тавьж байна. Засгийн газрын 62 дугаар тэмдэглэл дээр энэ талаар маш тодорхой тусгасан. Хүчингүй болсон тушаал, захирамж, тогтоолоос эхлээд ач холбогдлоо алдсан, дагаж мөрдөхгүй байгаа журмууд, хууль нь өөрчлөгдсөн ч дагаж мөрдөх журмаа шинэчлээгүй зэрэг олон асуудал үүнд бий. 2022 оны эхнээс хэд хэдэн хууль шинээр хэрэгжинэ. Тиймээс Засаг дарга, түүний нэгжийн зүгээс хуульд байхгүй зүйлийг аж ахуйн нэгжүүдээсээ шаардахгүйгээр ажиллая. Энэ шийдвэр цар тахлын нөлөөгөөр унасан эдийн засгийг богино хугацаанд сэргээхэд түлхэц болно” гэлээ.

Улмаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”, “Соёл урлагийн сургалт, цэнгээнт үйлчилгээний журам”-д байгаа “Зөвшөөрлийн гэрчилгээ” гэсэн томъёоллыг хасахыг Тэргүүлэгчид дэмжив. Мөн хуулийн 5, 6 дугаар зүйл болон 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 7.4, 7.5, 7.6, 8 дугаар зүйлийн 8.2, 8.4, 9 дүгээр зүйлийн 9.8, 9.9, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгохыг дэмжсэн юм.

Ингэснээр стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд бүх төрлийн үйлчилгээ эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх бизнесийн таатай орчин  бүрдэх боломжийг баталгаажуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж