1000 оюутны байр 1000 айлын байр болжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.21-нд нийтлэгдсэн

1000 оюутны байр 1000 айлын байр болжээ

1000 оюутны байр 1000 айлын байр болжээ

Баянзүрх дүүрэгт байрлах мянган оюутны байр нийтийн байр болоод уджээ. Анх 2013 онд ашиглалтад орж байсан тус байранд архидалт, эмх замбараагүй байдлын үүр овоохой болсон гэхэд буруудахааргүй болжээ.

Ганц хүнд л зориулсан юм уу гэлтэй умгар өрөөнд хоёр, гурвуулаа амьдардаг охидын хувьд айдастай амьдардгаа нуугаагүй. Учир нь шөнө дөлөөр коридорт согтуу хүмүүс агсамнах, хэрүүл маргаан зодоон, завхайрал үл тасардаг аж. Гэсэн ч хөдөөнөөс нийслэлд суралцахаар ирсэн оюутнуудад олон сонголт байхгүй.

Сургуулийнхаа дотуур байранд орж чадаагүй, байр, хажуу өрөө түрээслэх боломжгүй  оюутнуудын зарим нь мянган оюутны байрыг сонгодог. Даанч нэршил нь л оюутны гэхээс биш бодит байдал дээр элдэв янзын хүмүүс цуглардаг газар болж хувирсан байна.

Тус байр нь орчин тойрноосоо авхуулаад амьдрах орчин хүндхэн болох нь гаднаас нь харахад илтгэнэ. Үүдээр нь ороход жижүүр байрладаг ч баргийн хүнийг тоохгүй. Тэрбээр “Манай энэ байранд цөөхөн оюутан байдаг. Түрээсийн байр болсон шүү дээ. Гэхдээ элдэв янзын асуудал гардаггүй. Согтуу хүмүүс эргэлддэггүй” гэх. Оюутнуудын талаар сураглах төдийд “элдэв янзын хэрэг гардаггүй” гэсэн тайлбарыг өгч байлаа.

Урт нарийн коридороор эгнэсэн олон хаалганы цаана айл бүрийн амьдрал өрнөнө. Харин оюутнууд байрлах нь цөөхөн. Наад зах нь зургаан айлын хаалгыг тогшиход нэг нь оюутан, бусад нь түрээсийнхэн байв. Мөн нэг давхартаа хүнсний дэлгүүртэй.  Хэсэг саатвал оюутнууд ихэвчлэн хоёр, гурван ширхэг сонгино, төмс, бэлэн гоймон, граммын банш, газтай ундаа, ширхэгийн шампунь авах нь нийтлэг аж. Дэлгүүрийн хамгийн гүйлгээтэй бараа нь бэлэн гоймон, зайдас, газтай ундаа. Дэлгүүрийн худалдагч "Энэ дэлгүүрийг түрээслээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Оюутнууд маш цөөхөн байдаг. Гэхдээ амьдарч байгаа оюутан залуус бэлэн гоймон, зайдас, газтай ундаа, зайрмаг маш их авдаг. Ойролцоо нь баар, паб, караоке их байдаг болохоор ууж шартсан залуус бэлэн гоймон авдаг юм шиг л анзаарагдсан. Уг нь уушийн газар биш сагсны талбай, спорт заал байх нь хэрэгтэй" гэлээ.

ОЮУТНУУДАД  БААР, КАРАОКЕ БИШ СПОРТ ЗААЛ, НОМЫН САН ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

Оюутнуудын хувьд амьдрах орчин нөхцөл хүндхэн ч ёстой тэвчихээс өөр сонголтгүй гэж байв. Өдийд их дээд сургуулийн амралт эхэлсэн ч шалгалт шүүлгэ эхэлсэн тул орон нутагтаа буцаагүй оюутан цөөнгүй. Тэдний нэг нь Их Засаг их дээд сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Л.Тэргэл. Тэр хэлэхдээ “Оюутнуудад чөлөөт цаг гэж байдаггүй. Зав гарвал ажил хийнэ. Хичээлийнхээ хажуугаар ажиллаж хэрэглээнийхээ мөнгийг олдог. Эцэг эхээсээ мөнгө авах шаардлагагүй шүү дээ. Тиймээс чөлөөт цагаа спорт заал, фитнесст өнгөрүүлэх боломж гардаггүй. Харин оюутны байр  номын сан, спорт заалтай байсан бол цаг гаргаж болох байсан болов уу. Даанч амьдрах орчин бохир. Эргэн тойронд баар, паб байна. Бас тухгүй юм билээ” гэж байв. Түүнтэй адил бусад оюутан залууст ч бас оюутны байр нь хоног төөрүүлэх оромж, түр байрлах газар, архидалтын үүр уурхай бус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар үгүйлэгдэж байна. Оюутны байранд номын сан, спорт заал, кофе шоп, фитнесс зэрэг чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх нь  тэдний битүүхэн “мөрөөдөл” нь болжээ.

ШУТИС-ийн  гуравдугаар дамжаанд суралцдаг Х.Болор-Эрдэнэ найзтайгаа сарын 250 мянган төгрөгийг байрны түрээст төлдөг ч хоёулхнаа тул шөнө дөлөөр айдастай байдаг аж. Учир нь хичээлээ давтах, унтаж амрах үед нь агсам согтуу хүмүүсийн хэрүүл зодоон тасардаггүй гэнэ. Уг нь оюутны байр нь нийтийнх биш зөвхөн тэдэнд зориулсан чөлөөт цаг өнгөрүүлэх спорт заал, номын сантай, үе тэнгийнх нь залуус амьдардаг бол айх аюулгүй гэж тодорхойлов. Тэрбээр “Оюутнуудын амьдрах орчин нөхцөл маш хүнд. Зориулалтын дотуур байр нь маш хүйтэн бас барагтай бол олддоггүй. Одоогийн амьдарч байгаа байр оюутнуудын гэхээс илүү нийтийнх болсон. Айлуудад түрээсэлсэн. Шөнө дөлөөр согтуу хүмүүсийн хөл, чимээ шуугиан тасардаггүй. Энэ жил анх удаа мянган оюутны байранд амьдарч байна. Амьдрах орчин бохир бас  гэгээ тасарсан үед байр луугаа орох замдаа айдастай байдаг. Олон баар, паб караокетой болохоор согтуу хүмүүс их. Миний хувьд хичээлийнхээ хажуугаар ажиллах боломжгүй учраас өндөр хөлсний байр түрээслэж чаддаггүй. Хамгийн хямд боломжийн үнэтэй, олдсон байр нь л мянган оюутны байр” гэв.

АШУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан Х.Уянгаа  үе тэнгийнхээ хоёр охины хамт  1000 оюутны байрны умгархан өрөөг түрээсэлдэг. Охидын хувьд цомхон амьдардаг аж. Буйдан, ширээ, хувцасны шүүгээ зэрэг нүдэнд тусав. Нэг нь хичээлээ давтаж байлаа. Түүний хувь оюутны байрыг спорт заал, номын сан, кофе шоп, фитнесс зэрэг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байгаасай гэж битүүхэндээ л “мөрөөддөг” аж.  Ялангуяа номын сантай байгаасай гэж  боддог гэнэ. Х.Уянгаа “Бидний хувьд хичээлийнхээ хажуугаар ажиллах боломж байхгүй. Маш их хичээлтэй. Эцэг эхээсээ хэрэглээнийхээ зардлыг авдаг. Оюутны байр амьдрах орчин нөхцөл хүнд. Гадуур чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байдаг. Гэхдээ бидэнд гадуур хэсэх зав гардаггүй. Харин оюутны байр оюутнуудадаа зориулагдсан байгаасай гэж боддог. Айлуудад түрээсэлдэггүй, байрандаа номын сан, кофе шоптой бол хичээл хийх тухтай орчин ч бүрдэнэ” гэв.

Эрэгтэй оюутнуудын хувьд амьдрах байр олоход хүндхэн байдаг аж. Учир нь, түрээслүүлэгчид эрэгтэй оюутнуудыг бохир заваан, архиддаг гэсэн буруу ташаа ойлголтоос үүдэн байр олдохгүй гудамжинд гарахаас наахнуур байдгийг хэлж байв. Аль эсвэл олдсон зарим байр нь маш өндөр үнэтэй аж. Батлан хамгаалахын Их сургуулийн  гуравдугаар дамжааны оюутан Б.Пүрэвдорж мянган оюутны байранд сарын 650 мянган төгрөгийн түрээсийг  найзуудтайгаа хувааж төлдөг.

 

Өрөөндөө тавуулаа амьдардаг. Тэдний хувьд хичээлийнхээ хажуугаар ажиллаж түрээсийн төлбөр, хэрэглээний зардлаа олдог тул чөлөөт цаг гардаггүй гэнэ. Гэхдээ огт шоуддаггүй гэсэн үг биш ч байрных нь ойролцоо хэтэрхий олон караоке, паб, зочид буудал байрладаг нь тухгүй санагддаг аж. Үүний оронд спорт заал үгүй юмаа гэхэд сагсны талбайтай байхыг хүснэ. Тэрбээр “Оюутны байранд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байдаггүй. Спорт заал, номын сангүй байлаа гэхэд гадаа талбайд сагсны талбай, цэцэрлэгт хүрээлэнтэй байгаасай. Мянган оюутны байранд зөвхөн оюутнууд амьдардаггүй. Ер нь нийтийн байр болсон. Миний хувьд байрны түрээст нэг сарын 650 мянган төгрөгийг найзуудтайгаа хувааж төлдөг. Энэ жил байрны үнэ өссөн. Хамгийн хямд нь л 600 мянган төгрөгөөс эхэлж байна билээ. Амьдрах газар хамгийн хүндрэлтэй асуудал. Сургууль дотуур байргүй бол маш хэцүү. Манай  сургууль оюутны дотуур байргүй учраас гадуур түрээсийн үнэтэй байранд орохоос өөр сонголтгүй. Нөгөө талд, түрээслүүлэгчид хүйсээр ялгаварлан гадуурхдаг нь маш хэцүү. Хажуу өрөө, нэг өрөө байранд охидуудад л байр түрээслүүлнэ гэдэг. Гэтэл хоёр эрэгтэй байр түрээслэе цэвэрхэн байна гэхэд л итгэхгүй, татгалздаг. Эрэгтэй гэхээр л бохир заваан, үргэлж архидаж шоуддаг гэсэн үг биш шүү дээ” гэлээ.

Мянган оюутны байрны ойролцоо тав алхахгүй баар, караоке, лоунж, зочид буудлын гэрлүүд анивчина. Нэг метр хүрэхгүй зайд таван ч караоке, хоёр ч зочид буудал байна. Мөн PC тоглоомын газар ч ажиллана. Тоглоомын төвөөр орвол дийлэнх нь 20-30 насны залуус сууж байлаа. Тэдний хувьд чөлөөт цагаа өнгөрүүлэх газрын нэг нь энэхүү тоглоомын төв. Харин зочид буудал, лоунж, караокены эзэд оюутнууд орлогынх нь эх үүсвэр биш гэдгийг хэлж байх. Учир нь, оюутнууд лоунжид суухад 2 лааз шар айргаас хэтэрдэггүй, караокедлоо гэхэд шар айраг худалдан авдаггүй гэнэ. Мөн “Жой” гэх зочид буудал ажиллуулдаг 40 орчим насны эмэгтэй оюутнууд орлогод нь нөлөөлдөггүй, 21 нас хүрээгүй бол үйлчилдэггүй гэдгийг хэлж байв. Тус зочид буудал нь зургаан өрөөтэй бөгөөд орон нутгаас нийслэлд түр ажлаар ирсэн хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг гэх. Тэрбээр “Зочид буудалд архидаж, завхайрдаг гэх ойлголт өрөөсгөл. Гэвч ийм хандлага одоо ч амь бөхтэй байна. Хүмүүс  их соёлтой болсон. Хөдөө орон нутгийн иргэд айлд саатаж хүндрүүлэхийн оронд түр байрлаад л буцдаг. Мөн хөдөө ажилтай хүн ч энд хэсэг саатна. Гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ гурав хоночихоод буцах ч тохиолдол байна. Зарим нь гэр орондоо хүүхдүүдийнхээ дэргэд архидахгүй гэж буудалд шар айраг уудаг. Бас өрх толгойлсон эмэгтэйчүүд уулздаг залуутайгаа хааяа ирэх нь ч байна шүү дээ. Гэтэл цагдаа нар ирээд хаалганы цаана чимээ чагнаж байгаад инээх дуу чимээ гарвал шууд онгойлгуулдаг. Энэ бол маш бүдүүлэг бас хүний эрхэнд халдаж буй явдал. Ийм байтал өөрсдөө ч бас дүрэмт хувцастай ирчихээд архиддаг. Өмнөөс нь ичдэг. Харин бид оюутнуудад үйлчилдэггүй. Иргэний үнэмлэхийг нь шалгадаг. Хуулиар бол 21 нас хүрсэн бол бидэнд хамаагүй, үйлчилж болно. Гэхдээ манайх үйлчилдэггүй, оюутнууд ч орж ирдэггүй” гэж байв.

Наад зах нь нэг л оюутны байрны  орчин ойролцоох дүр зураг ийм байна. Харин олон улсад оюутны байр нь манайх шиг гэрэлтүүлгээрээ баар, караокед уриалан дуудахгүй нь мэдээж. Хамгийн ойрын жишээ нь ОХУ-д оюутнуудын дотуур байр нь хяналтын камертай, оюутнууд үнэмлэхээ үзүүлж нэвтэрдэг. Их сургуулийн оюутны хотхон нь ихэвчлэн дэлгүүр, кафе, хооллох танхим, эмийн сан, банк зэрэг хот доторх хотхон байдаг. Тус улсын Их дээд сургуулийн  бүх дотуур байр оюутнуудад  үнэ төлбөргүй эсвэл бага зэргийн төлбөртэй спортын төвүүдтэй. Жишээ нь, Жишээ нь Новосибирскийн улсын их сургууль усан бассейн, теннисний талбай, биеийн тамирын заалтай. Мөн ИТМО үндэсний судалгааны их сургуулийн дасгалын төвд нэг удаа хичээллэх төлбөр 100 рубль аж. Харин манай улсын хувьд оюутны байр нь нийтийн байр болсон аль эсвэл тэдэнд зориулсан хотхон бүү хэл чөлөөт цаг өнгөрүүлэх газар ч  алга.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж