Африкт нүүрлээд буй усны хомсдолын асуудлаас болж Камеруны хойд хэсэгт сөргөлдөөн гарлаа. Улмаар 30 мянга гаруй хүн Чад улс руу дүрвэжээ. Тодруулбал, загасчид болон тариачдын хооронд дэгдсэн уг сөргөлдөөний улмаас 22 хүн нас барж, 30 хүн ноцтой бэртжээ.
НҮБ-ын үзэж буйгаар усны хомсдолын гол шалтгаан нь Чад нуурын усны түвшин эрс багассантай холбоотой юм. Усны зохисгүй хэрэглээ болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 1963 оноос хойш Чад нуурын хэмжээ 90 хувиар багасчээ.
“Уг сөргөлдөөн анх малчид болон загасчдын хооронд усны нөөцийг харилцан хувааж хэрэглэхтэй холбоотой эхэлсэн. Загасчид аж ахуйгаа эрхлэхийн тулд нүх ухдаг. Энд усны хомсдол хаа сайгүй байдаг учраас тэдний ухсан нүхэн дэх ус руу үхэр тэмүүлдэг. Эндээс л анх сөргөлдөөн үүссэн” гэж Камерун дахь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дэд комиссар хэлжээ.
Мөн тариаланчдын ухсан шуудуунд шороо, ус холилдон шаварлаг болсон байдаг тул үхэр мал гарч чадахгүй живэх тохиолдол байдаг. Тиймээс малчид бухимдаж, шуудуу ухсан тариаланчид руу дайрсан. Сөргөлдөөн сүүлдээ нэлээд ширүүсч, тосгоныг шатаах хүртэл даамжирсан байна. Энэ явдлын улмаас хэдэн мянган иргэд нутгаасаа дүрвэхэд хүрчээ.
Чад руу дүрвэсэн 55 настай нэгэн иргэн нутгийнхаа есөн хүнийг нас барсан байхыг хараад маш их цочирдсон бөгөөд “Энх тайван тогтоогүй цагт буцаж очихоос би айж байна” гэж хэлжээ.
Хойд Камерун нь Сахарын цөлийн өмнөд хэсэгт орших хагас хуурай бүс нутаг болох Сахелийн нэг хэсэг юм. Хүлэмжийн хийн ялгаруулалтаас шалтгаалан агаарын хэм өсч, гадаргын ус уурших болсон тул Сахел дэлхийн дунджаас 1.5 дахин дулаарсан. Цаг агаар хэт гандуу байгаа учир борооны усыг газрын хөрс шингээж дийлэхгүй, ган гачиг нүүрлэж байна. НҮБ-ын тооцоолсноор Сахел дахь тариалангийн талбайн 80 орчим хувь нь цаг уурын өөрчлөлтөөс болж доройтжээ.
Эх сурвалж: Yahoo news
М.Наранжаргал
Холбоотой мэдээ