Covid-19 халдварын улмаас хоёр жил хөл хорионд шинэ оноо угтсан монголчууд энэ жил баяраа нижгэр тэмдэглэх шинжтэй. Үүнийгээ дагаад хоногоор түрээслэх хаусны улирал эхлээд бараг шувтрах талдаа орж байна. Учир нь, албан байгууллагууд болон иргэд шинэ жилийн баяраа рестораны 00.00 цагт баригдалгүйгээр баярлах хүсэлтэй байна. Хаусны үнэ ханш байршил болон орчноосоо шалтгаалан түрээсийн үнийн хувьд 500-800 мянган төгрөгийн үнэтэй байна.
Хаус түрээслэгчид Covid-19 халдварын улмаас хоёр жил хүмүүс хүлээж аваагүй учраас түрээсээ 100-200 мянган төгрөгөөр нэмжээ. Үүнийгээ нуугаагүй бөгөөд ирэх нэгдүгээр сард үнэ буурна гэдгийг хэлж байв.
Тухайлбал, хотоос 30 километр /км/ зайтай Ар гүнтэд байрлах гурван унтлагын өрөө, хоёр угаалгын өрөө, дотроо караокетэй хаус 2018 онд хоногийн 600 мянган төгрөгийн үнээр түрээслүүлж байсан бол энэ жил 800 мянган төгрөг болжээ. Нөгөө талдаа хаусны эрэлт нэмэгдсэн учраас албан байгууллага, анги хамт олонд хоногийн түрээсийн үнэ бус гагцхүү сул өдөр олдох эсэх нь асуудал болжээ. Дээрх хаус нь 10-15 хүний багтаамжтай бөгөөд арванхоёрдугаар сарын захиалга дүүрсэн учраас ирэх нэгдүгээр сарын захиалгаа авч эхэлжээ. Ингэхдээ урьдчилгаа 50 хувиа төлөөд захиалгаа баталгаажуулна.
Мэдээж хэрэг байшингаа хүлээлгэж өгөхөд нь ор, дэрний цагаан хэрэглэлийг бохирдуулсан тохиолдолд 50 мянган төгрөг, хаусны эд хэрэгслийг эвдэлсэн бол 100 мянган төгрөгөөс дээш торгууль төлөх гэнэ. Хаус түрээслэгч "Согтуурхаж хөлчүүрхсэн залуус хоорондоо зодолдохыг алийг тэр гэх вэ. Ер нь ямар ч хохирлыг бүрэн гүйцэт нөхөн төлүүлж байж л сална шүү дээ. Гэхдээ манай хаусыг ихэвчлэн ажил хийдэг хүмүүс түрээсэлдэг учраас оюутан залуус шиг иргэний үнэмлэхээ барьцаалаад мөнгөө уван цуван төлье гэж гуйх хүн цөөхөн" гэдгийг онцлов.
НЭГДҮГЭЭР САРД ТҮРЭЭСИЙН ҮНЭ 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨР БУУРНА
Хотоос 30 км зайтай Ар гүнтэд байрлах дээрх дүплекс хаусны арванхоёрдугаар сарын захиалга дүүрсэн бөгөөд нэгдүгээр сарын 5-наас хойш захиалга авч эхэлнэ гэв. Ганц сул өдөр нь арванхоёрдугаар сарын 29-нд байгаа аж. Тус хаус нь гурван унтлагын өрөө, дотроо ариун цэврийн өрөөтэй, цахилгаан халаалттай, хоёр давхартаа гадна террастай 10-15 хүний багтаамжтай. Арванхоёрдугаар сарын хоногийн түрээс нь 800 мянган төгрөг байгаа бол ирэх нэгдүгээр сард 650 мянган төгрөг болж үнэ бууна гэдгийг хаус түрээслэгч хэлэв.
АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗАХИАЛГА ДҮҮРСЭН
Шарга морьт зусланд байрлах тус өвлийн байшин хоногийн 500 мянган төгрөг. 15-20 хүний багтаамжтай. Энэ үнэ нь ирэх нэгдүгээр сард 400 мянга болж буурах юм. Мөн арванхоёрдугаар сарын захиалга дүүрсэн учраас ирэх сарын захиалга авч байгаа аж.
УРЬДЧИЛГАА 30 ХУВИА ШИЛЖҮҮЛСНЭЭР ЗАХИАЛГА БАТАЛГААЖНА
Хот дотор буюу Баянзүрхийн хуучин товчооны ойролцоо уулын энгэрт байрлах дээрх хоёр давхар хаус хоногийн 800 мянган төгрөг. 10-15 хүн орох боломжтой бөгөөд урьдчилгаа 30 хувиа шилжүүлснээр захиалга баталгаажна. Тус хаус бусад хаусуудыг бодвол захиалгагүй өдөр олон байв. Үүнээс харахад иргэд хот дотор бус хотоос гарч цэвэр агаарт шинэ жилийн баяраа тэмдэглэх хүсэлтэй болжээ.
ИРЭХ САРД ТҮРЭЭСИЙН ҮНЭЭ 200 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМНЭ
Хотоос 49 км зайд буюу Тэрэлжид байрлах таван өрөөтэй хоёр давхар хаус хоногийн 800 мянган төгрөгийн үнэтэй байна. Арванхоёрдугаар сарын захиалга нь дүүрсэн бөгөөд нэгдүгээр сарын захиалгаа авч эхэлжээ. Уг нь ирэх сард хаусын эзэд үнээ 150-200 мянган төгрөгөөр буулгана гэдгээ хэлсэн бол дээрх хаусын эзэн түрээсийн үнээ 200 мянган төгрөгөөр нэмнэ гэнэ. Учир нь дээрх хаусаар үйлчлүүлсэн хүн бүр ам сайтайн дээр бараг сул өдөр байгаагүй учраас ийн үнээ нэмэх шалтгаан болсон бололтой.
Холбоотой мэдээ