Арван хэдхэн настай хүүхдүүдтэй үеийн юм шиг гүйн харайж, тэдэнтэй тоглоно. Бие халаалтын дасгал, бэлтгэл хийхдээ огт ядарч цуцахгүй, зааж сургах энэ эмэгтэйг Ж.Аяжан гэдэг. Тэрбээр одоо 56 настай. Хүүхэд байхаасаа л спортод дурлаж, сонирхон хичээллэсэн тэрбээр өдгөө 30 гаруй жил волейболтой ажил амьдралаа холбожээ. Спортын мастер цолтой.
Хэд хоногийн өмнө сагсан бөмбөгийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр түүний тоглож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэрбээр хүмүүст "Нас бол тоо" болохыг батлан харуулж, олон хүнд эрч хүч, урам зориг хайрласан юм. Хэдий нас 50 гарсан ч бөмбөг залж буй техник, хурд, эрч хүч нь залуу тамирчдаас дутахааргүй. Түүнтэй анх утсаар холбогдоход ахмадын волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ажлаасаа чөлөө авах гэж байна. Хотод очоод холбогдоно" гэсэн юм.
Товлосон өдрөө уулзахад Яармагт байрлах спорт зааланд том охины хамт хүүхдүүдтэй волейболын бэлтгэл хийж угтав. Бэлтгэлийн хар хослол, спорт пүүз өмссөн түүнийг хүүхдүүд дундаас танихгүй байснаа нуух юун.
Тэрбээр "Фэйсбүүкт миний сагс тоглож буй бичлэг цацагдаж, надад олон хүн баяр хүргэсэн. Урмын үг хэлж, амжилт хүссэн бүх хүмүүстээ баярлалаа. Гэнэтийн юм боллоо. Би өөрөө ч мэдээгүй байсан учраас их гайхсан. Хүмүүс нас бол тоо гэдэг гоё үгийг хэлсэн байна лээ" хэмээн өгүүлэв.
Тэрбээр энэ жил багаараа сагсан бөмбөгийн улсын аваргад хүрэл медалийн төлөө тоглосон боловч хүрэлийн төлөө тоглоод хожигджээ. "Улсын аваргад мундаг сагсан бөмбөг тоглодог ахмад тамирчин олон бий. Тухайн үеийн спортыг өнгөлж явсан тамирчид шүү дээ. Миний хувьд ахмадын улсын аваргад тоглож байгаа тамирчдыг хараад биширсэн. Эхний гурван байранд орсон ахмад тамирчид бүгд залуудаа Монголын шигшээ багийн тамирчид байсан. Энэ жилийн тэмцээнд нийт зургаан багийн 60 гаруй тамирчин өрсөлдсөн. Миний хувьд 50-иас дээш насны ангилалд тоглосон юм. Бид багаараа бэлтгэлээ сайн хийсэн бол амжилттай оролцох байсан" гэдгээ хэлэв.
"Би тавдугаар ангиасаа волейболын спортоор хичээллэсэн. Дорноговь аймгийн Иххэт суманд социализмын үед “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Хажуу-Улааны уурхай гэж байсан. Тийм учраас аймагт байхгүй маш том спорт заал суманд маань байдаг байлаа. Миний хүүхэд нас тэр зааланд л өнгөрсөн дөө. Тэнд мундаг сагс, волейбол тоглодог ах, эгч нарыг харж өдөр шөнөгүй сууна. Оросуудын ногоо тарьсан хашаанд хаймран бөмбөгөөр их тоглодог байсан" тухайгаа дурсан ярьсан юм.
Ж.Аяжан "Би волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор маргааш /2021.12.21/ Өвөрхангай аймаг явах гэж байна. Миний хувьд сүүлийн дөрөв, таван жил улсан аваргад идэвхтэй оролцож байна. Сүүлийн гурван жилд л гэхэд Говь-Алтай аймгийн нэр дээр Өмнөговьд волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд орсон. Ноднин багаараа аймгийнхаа нэр дээр тоглосон. Энэ жил Налайхын нэр дээр бас тоглоно" гэв.
Монгол Улсад волейболын спорт хөгжөөд 100-гаад жил болж буй. Энэ хугацаанд волейболын спорт багагүй хөгжиж, тамирчдын ур чадвар ч дэлхийд гологдохооргүй сайжирсан гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр "Энэ бол агуу спорт. Волейболын спорт нь бүх төрлийн спортын суурь нь болдог гэв.
Багын спортод элэгтэй тэрбээр аравдугаар ангидаа идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн. Тэрнээс хойш насанд хүрэгчдийн улсын аваргад "Уурхайчин" багийн тамирчнаар тоглож, алтан медаль авсан. Мөн зүүн бүсийн шилдэг тоглогчоор гурван удаа шалгарч байсан удаатай аж.
Одоо тэрбээр Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар волейболын дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Энэ жил тэтгэвэртээ гарах гэнэ. Би хоёр охинтой. Хоёулаа волейболын спортын мастер. Би таван зээ хүүтэй. Зээ нараа олимпийн таван цагираг болгон гэж ярьдаг. Тэд маань ирээдүйд бүгд л спортоор хичээллэх байх. Гэхдээ волейболын спортод заавал сургана гэв.
Тэрбээр 800 гаруй шавьтай. Тэр дундаас сүүлийн үед “Хасу мегасторс” багт Г.Төрмандах, “Хөвсгөл шинэ үе” багийн тамирчин Б.Янжинлхам нар дээд лигт тоглож байгаа аж.
Волейболын спортод насны хязгаар гэж байхгүй. Аль болох спортоор бага наснаасаа хичээллэвэл өөрсдөд нь сайн. Түүний бэлтгэлд долоон настай хүүхдээс жаран настай ахмад настан хүртэл ирж хичээллэдэг байна. Тэрбээр эрүүл байхын үндэс нь хөдөлгөөн чухал. Хүн хөдөлгөөнтэй байж эрүүл байна. Тэрнээс биш сууж байгаа юм чинь өвчин өөрөө ирнэ. Тиймээс эрч хүчтэй цоглог байгаарай" гэдгийг ярилцлагынхаа төгсгөлд зөвлөсөн юм.
Гэрэл зургийг Г.Дорждэрэм
Холбоотой мэдээ