Улсын дээд шүүхийн шүүгч нарын хуралдаанаар АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэхээс татгалзжээ.
Улсын дээд шүүхээс Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэв. Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 12, 2021 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх тул 2021 оны гуравдугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэжээ.
Мөн дээд шүүхэд М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлт одоогоор байхгүй байна.
Эргэн сануулахад АН-ынхан Онц их хурлаас гаргасан шийдвэр, дүрэм болон О.Цогтгэрэлийг намын даргаараа Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр 2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хандсан. Уг хуралд АН-ын анхан болон дунд шатны байгууллага буюу 330 сум, есөн дүүргийн төлөөлөл оролцож шинэ удирдлагаараа О.Цогтгэрэлийг ёсчлон баталсан. Харин М.Тулгатыг АН-ын дэд даргаар ажиллахыг урьж байсан юм. Энэхүү урилгыг М.Тулгат даргатай АН-ынхан хүлээж аваагүй агаад тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй, АН-д шинэчлэл хийх хэрэгтэйг онцолж байсан.