Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

-100…

Одоогоос гучин жилийн өмнө “100-гийн” гэхээр л хүн бүхэн ундаа гээд л шууд ойлгочихдог байлаа. “100” гэдэг тоог ундаа өмчилсөн хэрэг биш шууд л ундаатай бидний “уясан” сэтгэхүй. Хатуу дарсны ерөнхий ойлголтыг хэсэгтээ булаасан энэ ойлголт арга буюу буцааж өгсөн гэлтэй.

“Хорин нэг” гээч он гарч ирснээр сархад биш нам энэ тоог өмчлөв. 100 ер нь хэрэгтэй ч хэтрүүлбэл дэмий эд санжээ.

“100” гэдэг тоог нэг жилийн хугацаанд өмчлөх гэсэн өөрийнх болгох гэсэн марафоныг хэн ч юм эхлүүлчихлээ. Батлан хамгаалах салбар үүссэний 100 жил, Худалдаа аж үйлдвэрийн салбар үүссэний 100 жил гээд л хөвөрнө.

Эрх чөлөө тусгаар тогтнолоо бид 1911 онд дахин олчихоод Богд хаант засгийн үед шийдвэр гаргах таван яамыг байгуулж байснаа мартчихсан гэж үү?

– Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яам,

-Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам,

-Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яам,

-Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам,

-Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам байв.

1911 оны эрх чөлөөний хувьсгалын дараахан нэгдмэл Монгол Улсыг байгуулахаар таван замаар Өвөрмонголыг хятадуудаас чөлөөлөх дайныг Монголын тал эхлүүлээд зогсохгүй ялалт байгуулж байсныг сануулах нь илүүц. Бүр тодотгох юм бол 1912 оос 1915 оны хугацаанд гурван замаар Өвөрмонголыг чөлөөлөхөөр цэрэг зэвсгээ оруулж бараг л чөлөөлсөн нь бий. Таван замын байлдааны талаар урд хөршийнхөн дурсах дургүй байдгийн цаад шалтгаан нь удаа дараа ялагдсан болохоор тэр. Нийтдээ хоёр улс 58 удаа зэвсэгт тулгаралт хийснээс Монголын тал 33-т ялалт байгуулсан бол хятадын тал 11-т нь ялалт байгуулж үлдсэн 14 нь тодорхой ялалтгүйгээр  хоцорсон гэдэг нь ч архивын баримт бичигт хадгалаастай бий. Гэтэл өнөөдөр Таван замын байлдааны гол зам, бутарсан улсаа нэгтгэх их үйлсийн эхлэл болгож Бөртэг буцаан авахаар Тоорил хаанаас тусламж эрэн зорчсон Дарханы замаа хаагаад бараг таван жил болжээ. Хэдий зэр зэвсгээр маруухан ч монголчуудын найман зууны өмнөх байлдах арга ухаан нь тухайн цаг үед ч гайхагдаж байсны тод баталгаа нь энэ гэдгийг Батлан хамгаалахын 100-н жилийн ойг тэмдэглээд байгаа Гүрсэдийн Сайханбаяр сайд тайлбарлачихна биз ээ. Орчин цагийн зэвсэгт хүчин гэх зэргээр ойлгомжгүй тайлбар хийх нь ч өөрөө зохимжгүй. Азид анхны төрд улсыг бий болгосон Модун Шаньюу ч өөрийнх нь зарлигийг хөтөлбөргүй дагах цэргийн хүчээр төрөө төвхнүүлж байсан домогтой гэдгийг мартсанд тань харамсал илэрхийлье. Түүхийн нэг зуун жилийг өмчлөх гэсэн улайрал чинь бүхэл бүтэн мянганы түүхийг үгүйсгэх аюултай.

Цагдаагийн 100 жилийн ойн самбарыг тогтоох гэсэн аврагч харамсалтайяа амиа алдлаа. Иргэний амь нас, эрүүл мэндийг элдэв эрсдэлээс хамгаалах ёстой цагдаагийн 100 жилийн ойн салбарыг тогтоох гээд иргэн эндчихээд байхад шүү дээ. Тэнэглэлд хязгаар үгүй хойно, ядаж “арван тавны цагдаа” л гэхэд  тэмдэглээд байгаагаас нь даруй 10 жилээр урагшлуулах байлаа. Хэрэвзээ тэгсэн бол тэгш ой гэж сүртэй тэмдэглэхгүй, аврагч амьд үлдэж, ард үлдэгсэд нь биесээ “таних” байсан ч юм бил үү, хэн мэдлээ.

…Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Орост хийж буй айлчлалыг тайлбарлаж буй Гадаад харилцааны яам “Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд” л гээд байдаг. Гэтэл анх 1862 онд албан харилцаа тогтоож, татваргүй худалдаа хийж эхэлснийг тооцдоггүй юмаа гэхэд 1912 оны Монгол-Оросын найрамдлын гэрээг ч авч хэлэлцэхгүй бололтой. Энэ яам өөрсдийгөө үгүйсгэж 100 жилээ тэмдэглээд байгаа хойно, арга ч үгүй биз.

Түүхийн ухааны доктор Д.Анхбаяр: Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам 100 жилийнхээ ойг хийх гэж байна. Гэтэл бид чинь 1911 онд Гадаад хэргийн яамаа байгуулсан. Анхны сайд гэхээр Чин ван Ханддоржоос эхэлнэ. Тэгсэн мөртлөө 100 жил тэмдэглээд сууж байгаа нь Монгол Улсын 10 жилийн түүхийг үгүйсгэж байгаагаас ялгаагүй хэрэг. Батлан хамгаалах яамны 100 жил гээд байна. Гэтэл 1911 онд Цэргийн яам гэж байгуулаад таван замын байлдаан хийгээд Өвөрмонголоо бүрэн чөлөөлчихсөн хүмүүс шүү дээ. Энийгээ бид үгүйсгээд байгаа хэрэг үү? Ардын хувсгалын ойг бол дэмжинэ. Гэхдээ бүх зүйлийг 100 жил гэж хайрцаглах нь буруу. Үүнийгээ ухамсарлах хэрэгтэй байх.

Дахиад түүхийн цаг хугацааг найман зуунаар урагшлуулах юм бол монголчууд өрнө, дорныг холбосон их худалдааны зам бий болгосон гэдэг. Харин өнөө цагийнхан маань орчин цагийн худалдааны салбар үүссэний 100-н жилийг өнгөрөгч Баасан гаригт тэмдэглэж орхив. Торгоны замыг “Цайны”  гэж бүдгэрүүлэн өөрсдийн болгон сэргээхэд Хятадын удирдагч Ши Жиньпин анхаарч 30 тэрбум юаны хөрөнгө гаргахаа илэрийлчихээд байхад л ийм ой тэмдэглээд сууж байгаа нь бидний арчаагүйгийнх гэхээс өөр юу хэлэх билээ. Угтаа бол найман зууны өмнө Торгоны замаар дорноос өрнө рүү, өрнөөс дорно руу худалдаа наймаа эрхэлж, энэ л замаар арилжаа, наймаа хийгсдийг нүүдэлчид ч, уугуул суугуул нь ч тэр тонон дээрэмддэггүй байсан нь түүхийн бичээст бас л бий.  Салбарын яам нь Худалдаа аж үйлдвэрийн танхимтайгаа хамтраад ийм нэг элэг доог болмоор ой тэмдэглээд суух нь хэр ч зохимжтой юм гэдгийг түүхчид нь харин халаглан суугаа нь  бодит үнэн.  Өнгөрсөн түүх рүүгээ гар буугаар буудахын цагт ирээдүй харин их буугаар буудна гэдэг. Будилаан хутгаж түүхээ гээсний гайг ч их гүрнүүд их овжноор ашигласан баримт бий.

Тухайлбал, Монгол Улсын тусгаар тогтнолыг уг нь бол 100-н жилийн өмнө  Хятадын тал хүлээн зөвшөөрч судалгаа шинжилгээний эх сурвалжууддаа бичдэг байсныг манай судлаачид баталж байгаа юм. Гэтэл Ялтын гэрээний дараа 1946 оны 10-р сарын 20-нд их гүрнүүдийн шахалтаар болсон нийт ард түмний тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулгыг тэмдэглэлт өдөр болгосны балгаас үүдэн Хятадын тал монголчууд 1946 оноос тусгаар тогтносон гэж тэмдэглэх болсон гэдгийг учир мэдэх хүмүүс ярих болсныг ч бодолцох л учиртай. Бид өөрсдөө агуу гэсэн түүхээ алдаж байгаа энэ мэт жишээ олон. Өнгөрсөн түүхэндээ өмчлөх ч зүйлгүй улс гүрнүүд хүртэл өнөөдөр өөрсдийнхөөрөө түүх зохиогоод уран сайхны бүтээлээр дэлхийд тамгалахыг хүсдэг болсон цаг.

Холливудын алдарт жүжигчин Матт Даймоны тоглосон Цагаан хэрэм кинонд угтаа бол хүн иддэг ногоон махчид бус Монголын их морьтонгууд байх байлаа. Гэтэл бид бүхнийг “100 жил” болгосон хойно морьтонгуудын довтолгооноос сэргийлэх хэрмийг хэн дуртай нь үгүйсгэх нь гарцаагүй. Монголын түүхийг зэрэмдэглэж, өөртөө наахыг хүсэгчдийн тэргүүн эгнээнд Казакстан, Турк, Өмнөд Солонгос улсууд жагсаж байгааг ч 100-хан жилийн түүхээр өөрийгөө гоёх гэсэн эрхмүүдэд дуулгачихая. Үнэндээ тэд гэхээсээ илүү бид өөрсдөө ийн балгас болгон хувиргаж байна.

Эхлэлд бичсэн 100-гийн ундаа шиг хямдханаар Монголын түүхэнд хандах эрх хэнд ч үгүй гэдгийг дахиад нэг сануулая. “100 жил” гэж баяр болгон, нэгэндээ төмөр өгч, зуу татах сайхаан. Харин татсаар татсаар тасраад сэрэхэд л хамаг зовлон эхлэх вий…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж