МАН-ын бүлгийн өнөөдрийн /2021.12.20/ хуралдаанаар Цар тахлын хуулийн зургаан сараар /2022.06.01/ хүртэл сунгахаар болсон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг мөн хугацаанд хойшлуулсан гэх мэдээлэл гарчээ.
Харин Монголбанкнаас энэ талаар тодруулахад “Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах тухай үүрэг чиглэл Монголбанкинд ирээгүй. Эцсийн шийдвэрийг УИХ гаргах болов уу. Одоогоор Цар тахлын хууль арванхоёрдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр дуусч ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс төлнө гэдэг хэвээрээ байна.
Мөн ипотекийн зээлээ хойшлуулсан иргэдийн хувьд өмнөх зээлийн хуваарийн дагуу төлбөрөө төлнө. Өөрөөр хэлбэл, сард төлдөг байсан зээлийн төлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд төлбөр хойшлуулах хугацаа дуусгавар болсноос эхлэн зээлийн гэрээний дагуу төлдөг байсан дүнгээр төлбөрөө үргэлжлүүлэн төлнө.
Цар тахлын үед ипотекийн зээлийг хойшлуулахад үндсэн төлбөр дээр хүү бодоогүй” гэлээ.
Улсын хэмжээнд 897 мянга гаруй өрх байдаг. Нийслэлийн 411 мянга гаруй өрхийн нь 201 мянга нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц, бие даасан тохилог сууцанд амьдарч байна. Монголбанкны мэдээлснээр 55676 зээлдэгчийн 2.9 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг хойшлуулжээ.
Үүнээс гадна, валютын нөөц багасаагүй, энэ оны аравдугаар сарын байдлаар 4.2 тэрбум буюу түүхэнд байгаагүй их өссөнийг тус банк мэдээлэв.
Холбоотой мэдээ