Ресторан, баар, зочид буудлаас тусгай зөвшөөрөл шаардахгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

Ресторан, баар, зочид буудлаас тусгай зөвшөөрөл шаардахгүй

Ресторан, баар, зочид буудлаас тусгай зөвшөөрөл шаардахгүй

Удаан хугацаанд үүдээ барьж, хямралд өртсөн үйлчилгээний байгууллагууд хэл ам, хэрүүл жагсаал болж байж нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хариуцлагын гэрээ байгуулж, үүдээ нээсэн ч төрийн байгууллагынхны элдвийн дарамт шахалтыг тэвчиж дийлэлгүй хаагдахад хүрч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл, төрийн байгууллагуудын ажилтнуудын дарамт, шахалтыг тэвчихээ больсон учраас эхнээсээ хаалгаа барьж эхлэв. Төрийн байгууллагын авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдал анхаарал татахуйц байгаа юм. Учир нь бизнес эрхлэхэд эдгээр зүйлс хамгийн их саад болдгийг бизнес эрхлэгчдийн дийлэнх нь тодорхойлсон байгаа юм. 

Тэгвэл Хотын дарга Д.Сумъяабазар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс  эхлэн  ресторан, зочид буудал, баар  үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй 74 чиглэлд багтсан гэдгийг өнөөдөр /2021.12.20/ дуулгав. 

Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа нийт 18,664 аж ахуйн  нэгж байгууллага нь жилд дунджаар 7-12 бичиг баримт хөөцөлддөг. Өөрөөр хэлбэл, энэ бичиг хэргийн зардлыг тооцоход жилд 191 сая төгрөгийг зарцуулдаг аж. 

Хотын дарга Д.Сумъяабазар "Зах худалдааны төв, супермаркет, сүлжээ дэлгүүр, мини маркет, төрөлжсөн барааны дэлгүүр, ТҮЦ, ресторан, кафе, цайны газар, баар, түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар, үсчин, гоо засал, хувцас захиалга засвар, гэр ахуйн тавилга захиалга засвар, хими цэвэрлэгээ, гэрэл зураг дүрс бичлэгийн үйлчилгээ, зочид буудал, жуулчны бааз, амралтын газар, саун, нийтийн бие засах газар, авто засвар, авто угаалга, нийтийн байрны үйлчилгээ зэрэг 74 үйлчилгээтэй холбоотой тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг оруулж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд  хариуцлагатай байж ажиллаасай. Цаашид засаг даргын дэргэд байнгын үйл ажиллагаатай зөвлөл байгуулж байна. Цаашдаа нийгэм, эдийн засаг, аюулгүй байдалтай холбоотой биш бол тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болох ба Зөвшөөрлийн тухай хуулийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ" гэв. 

Монгол Улсын хэмжээнд 2019 онд 1400 орчим тусгай зөвшөөрөл олгосон бол 2020 онд 1600 орчим болж өсчээ. Ерөнхийдөө төрийн байгууллагаас олгодог тусгай  зөвшөөрлийн тоо өссөн нь тэдний халаасыг зузаалах,  авлига, хээл хахуулийг цэцэглүүлэх үүр уурхай болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Үйлчилгээний байгууллагууд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл авахын тулд:

  •  Тусгай зөвшөөрөл хүссэн албан тоот
  • ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Мэргэжлийн хяналтын газраас тухайн үйлчилгээний чиглэлээр ажлын байрандаа гаргуулсан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт
  •  Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандартын шаардлагыг дүгнэсэн стандартын хуудасны хуулбар
  • Тухайн дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хийсэн гэрээний хуулбар
  •  Тухайн ажлын байранд гарсан онцгой байдлын газрын галын дүгнэлт зэргийг  бүрдүүлдэг

Гэвч аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөл хүссэн материал шаардлага хангаж байгаа эсэх мэдээлэл тодорхойгүй, нэгдсэн мэдээллийн сан байхгүй учраас тусгай зөвшөөрлийг өргөдлийн журмаар авах явцад авлига их  гардаг аж. Үе, үеийн эрх баригчид нийгэмд хардлага төрүүлж, авлигад өртсөн тусгай зөвшөөрлийг цэгцэлнэ гэж олон ярьсан. УИХ-ын дарга Г.Занданшатар ч ийм амлалт өгч, хуулийн эрх зүйн орчинг өөрчилж өгнө гэдгээ ч амласан. Гэхдээ Монголын дарга нар амалсан, ярьснаа ажил хэрэг болгох нь ховор. Гэсэн ч  УИХ-ын  намрын чуулганаар  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх учраас  хувийн хэвшлийнхний дунд эерэг хүлээлт үүсчээ. 

Тус хуулийн төсөлд 1600 орчим тусгай зөвшөөрлийг дор хаяж, 440-490 болгон бууруулна гэдгийг онцолжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж