"ХӨСҮТ омикроныг илрүүлэх лабораторитой болсон"

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

"ХӨСҮТ омикроныг илрүүлэх лабораторитой болсон"

"ХӨСҮТ омикроныг илрүүлэх лабораторитой болсон"

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.12.20/ мэдээллээр Covid-19 халдварын 125 тохиолдол бүртгэгдэв. Үүний гурав нь зөөвөрлөгдсөн тохиолдол болохыг тус яам мэдээлжээ. Хэдийгээр өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол сүүлийн үед буурч байгаа ч өмнөх алдааг давтахгүй байхад анхаарч ажиллаж байгааг салбарын яамнаас онцлов. Энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Дотоодод халдварын тохиолдол буурч байгаа ч дэлхийн бусад улс орны жишээнээс харвал омикрон хувилбар маш богино хугацаанд тархаж байна. Жишээ нь, Өмнөд Африкт батлагдсан тохиолдлуудын 90 гаруй хувь нь омикрон хувилбар байна.  Мөн Их Британи улсад PCR шинжилгээгээр илэрч буй тохиолдлын 70 гаруй хувь нь омикрон хувилбар байна. Тиймээс энэ хувилбар маш хоруу чанартай, богино хугацаанд халдварладаг болох нь тодорхой болж байна.

Энэ хувилбар Монголд бүртгэгдвэл хурдан тархах магадлалтай. Вакцинд хамрагдсан хүмүүс ч өвдөх магадлалтай. Гэхдээ эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг вакцин бууруулна.

Насанд хүрэгсдийн хувьд өвдөх магадлал бага, бага насны хүүхдүүд өвдөх эрсдэлтэй тул анхаарч байна. Үүнд анхаарал хандуулж байна” гэлээ. Түүний хэлснээр одоогоор 5-аас доош насны хүүхдүүдээ вакцинд хамруулах талаар судалж байгаа аж. Өөрөөр хэлбэл, олон улсын туршлагаас хамаарч  бага насны хүүхдүүдийг вакцинд хамруулах эсэхийг шийдвэрлэх бололтой.

Манай улсад одоогоор омикрон хувилбар бүртгэгдээгүй бөгөөд зөөвөрлөгдсөн тохиолдлуудын дийлэнх нь альфа болон дельта хувилбар илэрч байгааг тэрбээр хэлсэн.

Энэ тухай ярихдаа “Монгол Улсад вирусийн мутацлагдсан хувилбарыг илрүүлэх боломж бүрдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас төхөөрөмж хандивлаж Халдварт өвчин судлалын үндэсний төвд вирусийн генийн дараалал тогтоох лаборатори байгуулсан. Тус лабораториор омикрон хувилбар байгаа эсэхийг хянаж шинжилж байна. Бид хилийн боомтуудад зорчигчдоос түргэвчилсэн болон PCR шинжилгээг авч, гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Хэрэв эерэг тохиолдол батлагдвал Халдварт өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн тусгаарлах арга хэмжээг авна.

Зорчигчдын хувьд гадаадаас аялал жуулчлалын шугамаар болон ажиллаж сурч байгаад эх орноо зорьсон иргэд юм.

Халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисстой хамтран шийдвэр гаргаж ажиллаж байгаа. Бид  өмнө нь гаргаж байсан алдаануудыг давтахгүйн тулд тандалтын шинжилгээнүүд болон эерэг тохиолдол батлагдсан хүмүүсийн ар гэрийнхнийг тусгаарлах, шинжилгээ авах арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.

УОК-ын дэргэдэх Шуурхай штабын мэдээлснээр өнөөдрийн байдлаар омикрон хувилбар бүртгэгдсэн улс орноос дамжин ирсэн иргэд манай улсад бүртгэгдээгүй. Гадаадаас ирж буй иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд гэрт нь тусгаарлаж, давтан шинжилгээ авч байгааг мэдээлэв. Мөн тусгаарлах байрны бэлтгэл ажлын бүрэн хангасан болохыг мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж