Ардчиллын төлөөх хонгконгчуудын тэмцлийг дарахын тулд Бээжин нь Үндэсний аюулгүй байдлыг сахиулах нэртэй хатуу хуулийг баталсан. 2020 оны долдугаар сарын 1-ний шөнө дунд Бээжингийн баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль Хонгконгод хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн онд Хонгконгод олон хоног өрнөсөн бослого, тэмцэлд оройлон оролцсон хүмүүст хэдхэн сарын өмнө ял оноосон билээ. Тэгвэл ардчиллын төлөөх хонгконгчуудын тэмцэл ялагдаж эхэлсэн бололтой. Тодруулбал, Хонгконгийн хууль тогтоох зөвлөлийг сонгох сонгуульд оролцогчдын тоо өмнө нь байгаагүй бага ирцтэй байлаа. Энэ нь Хятадын засгийн газраас баталсан аюулгүй байдлыг сахиулах шинэ хуулийн дараа зохион байгуулагдаж буй анхны сонгууль юм. Эх сурвалжуудын мэдээлснээр Хонгконгийн хууль тогтоох зөвлөлийн сонгуульд сонгогчдын жагсаалтад бүртгэлтэй иргэдийн ердөө 30.2 хувь нь саналаа өгчээ. Хонгконгод маргаан дагуулсан “эх орончдын” тогтоолыг өнгөрсөн гуравдугаар сард баталснаар Бээжин нь нэр дэвшигчдийг хянах боломжийг олгосон аж. Энэ тогтоолыг батлахдаа албаныхан Хонгконгод тогтвортой байдал хэрэгтэй гэж лоббидсон бол шүүмжлэгчид үүнийг хотын ардчиллыг сулруулсан алхам гэж байв.
Хонгконгийн хууль тогтоох зөвлөл нь тус хотын аливаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, батлах эрхтэй хүчирхэг байгууллага. Тус зөвлөлийн 90 гишүүний зөвхөн 20-ыг нь шууд сонгодог бол 40-ыг нь Бээжингийн “гар хөл болсон” Сонгуулийн хорооноос томилдог. Үлдсэн гишүүд нь худалдаа, бизнесийн гэх тусгай ашиг сонирхолтой бүлгүүдээс сонгогддог. Эдгээр бүлэг нь ихэнхдээ Бээжингийн талыг баримтлагчид байдаг. Сонгуулийн өмнө Хонгконгийн албаныхан сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 4.5 сая хүнийг саналаа өгч, идэвхтэй оролцохыг уриалсан. Тухайлбал, өнгөрсөн Бямба гаригт сонгогчдын гар утас руу мессеж илгээснээр ирцийг нэмэгдүүлэхийг хичээжээ. Бээжинг дэмжигч “DAB” намын дарга Старри Лийгийн хэлснээр амралтын өдрүүдэд сонгогчдын идэвхи муу, ирц бага байв. Санхүүч мэргэжилтэй 20 настай бүсгүй энэ сонгуульд оролцохгүй гэдгээ “AFP” агентлагийн сурвалжлагчид хэлжээ. Тэрбээр “Тэртэй тэргүй Бээжинг дэмжигчид илт ялах нь тодорхой байхад саналаа өгөөд яах юм бэ” гэж тэрбээр хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Хонгконгийн зарим тэмцэгчид сонгуулийг бойкотлож, саналын хуудсаа тэмдэглэлгүй “цагаан санал” өгцгөөж байгаа аж. Хэдийгээр цагаан санал нь хууль ёсных ч Хонгконгийн удирдлагууд үүнийг хууль бус гэж мэдэгдэж байна. Хонгконгийн ерөнхийлөн захирагч Карри Лам хэлэхдээ сонгуулийн ирц тэдэнд хувьд хүрнэ гэж босго тавихгүй гэсэн нь оролцогчдын идэвх сул байхыг урьдчилан тооцоолжээ. Сонгуулийн үеэр хэв журам, аюулгүй байдлыг сахиулахын тулд 10 мянга гаруй цагдаа амралтын өдрүүдээр үүрэг гүйцэтгэсэн хэмээн хотын цагдаагийн газрын дарга Реймонд Сиу хэлжээ.
Хонгконгод өнгөрсөн 2019 оны сүүлээс он дамжин үргэлжилсэн ардчиллын төлөөх жагсаал цуглаан, бослого тэмцлийн эцэст Бээжин нь хотод тогтоох хяналтаа сэргээхийн тулд Үндэсний аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу терроризм буюу алан хядах ажиллагаа зохион байгуулах, Хятадаас салан тусгаарлах үзлийг дэвэргэсэн тохиолдолд насаар нь хорих зэрэг хатуу ял оногдуулах юм. Улмаар ардчиллын төлөө гэсэн сэтгэлтэй олон залуусыг баривчилж, хорих ялаар шийтгэсэн юм. Тухайлбал, Хонгконгийн эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын нэг, 24 настай Тонг Ин Китийг мотоциклоороо цагдаа нарыг дайрч гэмтээсэн төдийгүй салан тусгаарлах үзлийг сурталчилсан гэж буруутгасан юм. Түүнд насаар нь хорих ял оноосон. Мөн өнгөрсөн тавдугаар сард ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Воныг 1989 оны Тянь Ань Миний цуст хядлагыг дурсан санах жагсаалд оролцож, амь үрэгдэгсдэд зул өргөснийх нь төлөө 10 сар шоронд хорих ялаар шийтгэсэн.
Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр чөлөөт хэвлэлүүд бүгд хаагдаж, олон нийтийн жагсаал цуглаан хориотой болж, хотын ардчиллыг дэмжигч идэвхтнүүд, улстөрчид зарим нь шоронд орж, зарим нь суудлаасаа буун амаа таглуулсан байна. Мөн хэдэн арван мянган иргэд Нэгдсэн Вант улс, Канад, Австрали зэрэг орогнол амласан ардчилсан орнууд руу дүрвэх болсон.
Холбоотой мэдээ