МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Ч.Хашчулуун өнгөрсөн Баасан гаригт болсон "Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт" эрдэм шинжилгээний хуралд оролцож, "Төв банкны хараат бус байдал ба Covid-19-ийн нөлөө" сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариулт авснаа хүргэе.
-Монголбанк цар тахалтай холбоотойгоор эдийн засгийг сэргээх чиглэлээр багагүй ажил хийж байна. Гэхдээ Засгийн газрын “хариуцлага”-ыг үүрэх ёсгүй гэж үзэж байна. Та энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Төв банк эдийн засгийг сэргээх, ажилгүйдлийг бууруулах ажилд оролцох нь зөв байх. Гэхдээ энэ нь урт хугацаанд төв банкны хийх гол ажил биш ээ гэдгийг санах хэрэгтэй. Ялангуяа үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтийг дэмжих, томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь төв банкны бус, засгийн газрын шууд хийх ёстой ажил юм. Өнгөрсөн хугацаанд мөнгөний бодлогоор төв банк эдийн засгийг сэргээхийг хичээсэн. Тодорхой хэмжээний үр дүн өгсөн. Үүнээс цааш эдийн засгийн өсөлтийг баталгаажуулах, хямралаас гарах, бараа таваарын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хилийн гарцыг сайжруулах, төмөр замаа хурдан ашиглалтад оруулах зэрэг нь төв банкны хийх ёстой ажил биш. Хэдийгээр Covid-19-ийн нөлөө арилаагүй ч тохиолдлын тоо нь харьцангуй буурч байх шиг байна. Тиймээс төв банк эргээд өөрийн ажилдаа илүү төвлөрч, эдийн засгийг сэргээх том төслүүд дээр Засгийн газар илүү хичээх ёстой болов уу гэж бодож байна. Бид энэ оны зургадугаар сараас хойш томоохон төслүүдийг эхлүүлнэ гэж ярьсан. Үнэн хэрэгтээ өнөөдөр аж үйлдвэрлэлийн нэг ч төсөл эхлээгүй байна. Зам тавьж эхлээгүй байна. Ингээд бодоод үзэхээр Засгийн газарт хийх ажил маш их байна.
-Төв банк хараат бус байх ёстой гэж олон жил ярилаа. Яг үүн шиг төсвийн бодлого ч хараат бус байх ёстой гэдгийг ярих шаардлагатай болов уу?
–Улс орны санхүүгийн системээс ганцхан төв банкийг сугалж аваад хараат бус байх ёстой гэж ярих нь учир дутагдалтай. Яагаад вэ гэвэл санхүүгийн бусад хэсгүүд нь ямар байна вэ гэдгийг ярихгүйгээр зөвхөн төв банкийг ярих нь учир дутагдалтай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Манай улсын хувьд эдийн засаг, сангийн, төсвийн, мөнгөний бодлого гэж бий. Мөнгөний бодлого хараат бусаар хийгдвэл үр өгөөж сайтай болно. Харьцангуй эдийн засгийн суурьтай, ханшаа бариад, төгрөгийн ханшийг хамгаална. Төсвийн бодлого дээр мөн адил тийм байдлаар хандах ёстой болж байгаа юм. Ирэх оны их том төсөв баталлаа. Түүхэнд анх удаа 18 их наядын зардалтай гарлаа. Байж болно. Төсвийн бодлого дээр хараат бус, хэрэгжилт нь хэр байна вэ, хэрэгтэй хэрэггүй төслүүд байна уу гэдгийг харах хэрэгтэй. Төсвийн бодлого 100 хувь хараат бус байна гэж байхгүй л дээ. Тухайн үеийн эрх баригч намын бодлогыг хэрэгжүүлж байгаа гэдэг утгаараа. Бодлогыг хэрэгжүүлэх нь нэг хэрэг. Практик дээр юу хийх вэ гэдгийг авч үзэх нь зөв байх. Тийм учраас төсөв, санхүүгийн зөвлөлүүд нь үр өгөөжтэй ажиллаж байна уу гэдэг чухал.
-10 жилийн өмнөхтэй харьцуулбал өнөөдөр төв банкны хараат бус байх байдал дээрдэв үү?
-10 жилийн өмнө манай төв банкинд мөн л мэргэжлийн хүмүүс ажиллаж байсан. 2008, 2010 онд их олон удаа солигдож, донсолсон гэж шууд хэлэх нь зөв байх. Энэ нь тийм сайн үзүүлэлт биш л дээ. Төв банкны удирдлага аль болох тогтвортой ажиллах нь илүү чухал. Түүнээс нэг нам солигдлоо гээд өөр хүн томилох байдал байх ёсгүй байгууллага бол Монголбанк. Дэлхийн улсуудад нам, улс төрөөс хараат бус байдлаар бодлогоо хэрэгжүүлж байх ёстой байгууллага бол төв банк гэж хэлээд байгаа юм. Сүүлийн үед энэ асуудалд тодорхой хэмжээний ахиц гарч байна. Шийдвэр гаргалтын хувьд төв банк Мөнгөний бодлогын хороо байгуулж, хараат бус гишүүдийг оруулсан. Шийдвэр гаргалт дээр төв банк улс дотроо яах аргагүй тэргүүлж байх ёстой болов уу гэж бодож байна. Дараагийн ээлжинд төсөв дээр тийм ахиц гараасай, мөн улсын өрийн асуудал байна. Системийн хэсгүүд маань сайн болж байж улс оронд байгаа хязгаарлагдмал нөөцөө хэрэгтэй юмандаа зарцуулах байх. Түүнээс хөшөө барих ч гэдэг юм уу дэмий зарлагадаж болохгүй. Тэгж байж хамгийн тулгамдсан асуудалдаа, тухайлбал, эмнэлэг, сургууль гэх мэт илүү тулсан асуудалдаа зориулах боломж гарах болов уу.
-Төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэхийн тулд засаглалын гол түлхүүр Төлөөлөн удирдах зөвлөлийг системтэйгээр байгуулах шаардлагатай гэж олон улсын байгууллагууд үзэж байна. Манай улсад энэ асуудал яригдаж байна уу?
-Төлөөлөн удирдах зөвлөл гэдэг илүү арилжааны банк тал руугаа яригдана. Дэлхийд төв банкны Төлөөлөн удирдах зөвлөл гэж байгаа байх. Манайд бусад зөвлөлүүд илүү ажилладаг. Тиймээс аль болох хараат бус судлаач шинжээч нар байвал зүгээр гэсэн бодолтой байна.
-Монголбанк түүхэндээ есөн ерөнхийлөгчийн нүүр үзжээ. Улс төрийн болон бусад шалтгааны улмаас нэг л ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан. Ер нь төв банкны улс төрөөс хараат байдлыг яаж бууруулвал зохих вэ?
-Төв банкны удирдлагын тогтвортой ажиллагаа гэж хэлэх нь зөв байх. Улс төр өдөр бүр өөрөөр үргэлжилнэ. Төв банкны удирдлага аль болох урт хугацаагаар ажиллах нь өдөр тутмын өөрчлөлтөөс тодорхой хэмжээгээр хамаарна гэсэн үг. Гол зорилго нь энэ юм. Тэгвэл мэргэшсэн боловсон хүчин нь яваандаа сайжрах байх, шийдвэр гаргалт нь мөн хараат бус болох магадлал хамаагүй илүү болж байгаа юм. Түүнээс биш их богино хугацаатай, нэг шийдвэр нь таалагдахгүй байвал халж сольдог байвал мэдээж төв банкны хараат бус байдал дордоно. Тиймээс бид аль болох түүнээс болгоомжлох ёстой гэж үзэж байна.
-Төв банк инфляцын зорилтоо хэн нэгнээс хараат бусаар тодорхойлж чадаж байгаа гэж бодож байна уу?
-Чадаж байгаа. Төв банкны хувьд нэг хэцүү зүйл нь юмны үнийн савлагаа зөвхөн мөнгөний бодлогоос хамаардаггүй. Бараа таваарын нийлүүлэлт, дэлхийн зах зээлийн байдал, манай дотоодын үйлдвэрлэлийн байдал, түүний доголдол зэрэг маш олон зүйл нөлөөлдөг. Жишээлбэл, сая инфляц өссөн. Нэгдүгээрт, шатахууны үнэ асар их нэмэгдэж байна. Хоёрдугаарт, бараа таваарын хомсдол асар их нөлөөлж байна. Бидний шүүмжилдэг, идэхгүй гэж ярьдаг байсан Хятадын ногоо тасрахаараа үнэ нь их өсдөг нь харагдлаа. Тэгэхээр үнэн хэрэг дээрээ дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байж энэ байдлаас сална л даа. Ядаж хүнсний ногоогоо дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг, шатахуунаа 100 хувь нэрдэг, цахилгаанаа дотооддоо үйлдвэрлэдэг, гаднаас нэг крантыг нь хаачихвал дууслаа гэсэн байдал руу орохгүйн тулд эдийн засгийн засгийг хөгжүүлэх ажил чухал. Энэ бол төв банкны хийх ажил хараахан биш. Засгийн газрын хийх ажил. Засгийн газар эдийн засгаа сэргээнэ гэж зургаан сар ярилаа. Энэ чиглэлээр юу хийсэн бэ гэхээр, зээл их хэмжээгээр гаргасан. Үйлдвэр баригдсан уу, нефтийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт хэр зэрэг ахицтай байна вэ, цахилгаан станц баригдсан уу, эмийн үйлдвэрлэл нэмэгдсэн үү, хүнсний үйлдвэрлэл хэр их өссөн бэ, эдгээр асуудлууд дээр ямар ахиц байна вэ гэдгийг л харах нь чухал байна.
Холбоотой мэдээ