Хоёр хоногийн хугацаатай, маш шахуу хөтөлбөртэйгөөр ОХУ-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчилсан нь Төрийн тэргүүн болсноос хойшх албан ёсны анхны гадаад айлчлал байлаа.
Монгол, Орос дипломат харилцаа тогтоосны зуун жилийн ойн хүрээнд, мөн Монголын Төрийн тэргүүн Кремлийн эзэнтэй гурван цаг хэлэлцээ хийсэн гээд тодотгох онцлогтой уг айлчлал ямар үр дүнтэй болсон бэ гэх асуулт олон нийтийн дунд тавигдаж буй нь зүйн хэрэг. Нэн ялангуяа ОХУ-ын удирдагч Владимир Путинтай манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юу тохирч, юу амалчхаад ирсэн нь монголчуудын хувьд сонирхолтой сэдэв байх нь дамжиггүй.
Хоёр их гүрний дунд оршдог, далайд гарцгүй Монгол Улсын экспорт, импорт ОХУ, Хятадаас үеийн үед хамааралтай нь байсан, байсаар ч байх болов уу. Москва ханиах эсвэл Бээжин найтаах төдийд Монголын эдийн засагт доргилт мэдрэгддэг нь газар зүйн нөхцөл байдлын маань нэг онцлог. Газар нутгаа ачаад нүүж болохгүйгээс хойш Орос, Хятадтай дайсагналцахаас илүү эн тэнцүү найрсаг харилцаатай байх нь Монголын нэг гадаад бодлого байх ёстой. Айлаар бодсон ч хөрштэйгээ хэрэлдээд, муудалцаад байвал юу болох билээ.
Энэхүү айлчлалд оросууд нэн анхаарч, ёслол, хүндэтгэлтэй хандсан жишигхэн жишээг дурдахад нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг цэцэг өргөхөд Оросын тал Б.Шаравын "Монголын тал нутаг"-ийг тоглосон явдал.
Ерөнхийдөө энэ удаагийн айлчлалд Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын удирдагч Владимир Путин нарт танилцах шаардлага гарсангүй. Ерөнхий сайд байхдаа 2019 онд У.Хүрэлсүх Орост айлчилж, Оросоос Хятад руу тавигдах байгалийн хийг Монголоор дамжуулах асуудлыг ярилцаж байсан. Владимир Путиныг мөн 2019 онд Монголд айлчлах үеэр ч энэ асуудлыг хөндөж байв.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын албан бусаар өгсөн мэдээллээс сонсоход гадаад улс орнууд Орос, Хятад, тэрчлэн НҮБ-ын чуулганы үеэр уулзаж, ярилцсан америкчууд хүртэл Монголын засаглалын тогтвортой байдалд ач холбогдол өгч эхэлсэн гэх. Учир нь, Монголын улс төрийн тогтворгүй байдлаас болж гадаадынхантай хийсэн гэрээ хэлцэл цаасан дээр үлддэг нь худлаа биш л дээ. Салбарын сайд байтугай яам нь байхгүй болчихсон, тэр бүү хэл Засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ өөрчлөгдөж, бодлого нь тэс өөр болдог нь гадаадынхантай гэрээ, хэлцэл хийхэд сөргөөр нөлөөлдөг, ахиад л эхнээсээ асуудлыг ярьж, судлахад хүрдэг байлаа.
Өнгөрсөн зуун жилийн 70 жилд нь Монгол, Орос ах дүүгийн найрамдалт харилцаатай явж ирсэн, одоо бол стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай найрсаг хөршүүд. Цаашдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Европ-Азийг холбосон гүүр, “Транзит Монгол” болж байж л шинэ зууны геополитикийн нэг тоглогч болно. Улс төр, эдийн засаг талаасаа.
ОХУ-ын удирдагч Владимир Путин Монголын Ерөнхийлөгчөөс Оросын эрчим хүчний компаниуд манай шатах тослох материалын дотоодын зах зээлд орж ажиллах, цөмийн салбарт хамтрах, Байгал, Таир нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалах хамтрах сонирхолтойгоо, монголчууд хариуд нь “Транзит Монгол” болох амбицаа илэрхийлэв. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэж үг бий.
"Роснефть" монголчуудтай хамтран Монголын шинэ нисэх онгоцны буудлыг шатахууны нийлүүлэхийг сонирхож буй тухай айлчлалаас өмнө яригдаж байсан асуудал. Гэхдээ том төслүүдийн дэргэд энэ нь "жижигхэн" асуудал гэсэн үг. Төмөр зам болон авто замаар Европ-Азийг холбосон гүүр болох, хойноос урагшаа нийлүүлэх эрчим хүчний дамжуулагч байхыг монголчууд хэзээнээсээ мөрөөдөж ирсэн юм. Тиймээс Кремль дэх 1:1 уулзалтын үеэр төмөр замын төв магистраль шугам болон техник, технологийн суурь бүтцийг шинэчлэхээс гадна босоо тэнхлэгийн төмөр замыг тавих, баруун зүүн талаараа шинэ коридор байгуулах асуудлыг хөндсөн байна. Өөрөөр хэлбэл, Арц сууриас БНХАУ руу, Эрээнцаваас Бичигтийн боомт хүртэл төв магистралиас гадна гурван улсыг холбосон төмөр зам байгуулах талаар ярилцсаныг Я.Содбаатар дарга сонирхуулав. Айлчлалын багт багтсан Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах ТЭЗҮ 70 хувьтай байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлоод "2024 оноос хийн хоолойн ажлын барилга бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлнэ. Төсөл хэрэгжсэнээр 1500-1700 хүний ажлын байр бий болно" гэлээ. Монголын нутгаар, Сэлэнгийн Хиагтын хилээс БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд боомт хүртэлх нийтдээ 960.5 км газар хийн хоолой тавигдах гэнэ.
Цар тахлаас болж Кремлийн эзэн ордондоо зочин барагтай бол хүлээж аваагүй агаад харин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой үе үе уулзах болсон гэх. Монголын Ерөнхийлөгчтэй уулзахаас өмнө Владимир Путин Энэтхэгт өөрийн биеэр очин Модитой тэврэлдээд ирсэн бий. Тэрхүү дээд хэмжээний уулзалтын дараа, Монгол, Оросын Төрийн тэргүүн нарын 1:1 уулзалтын өмнө Хятад, Оросын удирдагчид цахимаар уулзалт хийсэн юм.
Байгал, Таир нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалах талаар хамтран ажиллах сонирхлоо Оросын тал илэрхийлсэн нь Эгийн голын цахилгаан станц барихыг зөвшөөрөхгүй гэх илэрхийлэмж нь. Гэхдээ Монголын эрчим хүчний салбарт шинэ гарц боломж байгаа нь цөмийн салбар юм. Өмнө нь Сү.Батболдын үед Оросын тал Монголоос уран олборлох хүслээ тулгаж байсан бол энэ удаад аядуу зөөлөн хандаж, "цөмийн салбарт хамтрах" сонирхлоо илэрхийллээ. Атомын цахилгаан барих нь Монголын эдийн засаг, эрчим хүчинд ашигтай. Монгол нь ураны нөөцөөр дэлхийд 15-д ордог тул цөмийн жижигхэн реактор барих нь асуудалгүй аж. Тэгээд ч Чернобылийн атомын цахилгаан станцын айдас аль хэдийнэ ард үлдэж, хүн төрөлхтөн текник, технологийн өндөр хөгжилд хүрснийг, Монголын цөмийн эрчим хүч хөгжүүлэх цаг болсныг олон улсын харилцаа судлаач Д.Баярхүү профессор ярив. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагаас 2019 онд гаргасан мэдээллээр АНУ-д нийт 98, Франц улсад 58, БНХАУ-д 46, Японд 39, БНСУ-д 24, Энэтхэгт 22, Канадад 19, Их Британи болон Украинд 15 цөмийн реактор ажиллаж байна. Тэгвэл ОХУ-ын Росатом корпорацын мэдээлснээр тус улсад 35 эрчим хүчний блок бүхий 10 атомын цахилгаан станц ажилладаг аж.
Оросын зарим хэвлэлүүдэд В.Путин Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр унасан рейтингээ өсгөж байна гэсэн бичвэрүүд ч харагдсан. Ямар ч байсан их гүрний Төрийн тэргүүний зүгээс Монголыг Евроазийн эдийн засгийн холбоонд болон ШХАБ-д элсүүлэх, элсэх асуудлыг огт хөндсөнгүй. Урьд нь ОХУ-ын талаас монголчуудад тулгасан, дээрээс харсан, харилцсан хандлага гаргадаг байсан бол энэ удаад ижил төвшнөөс энэ тэнцүү байдлаар хэлэлцээ хийсэн нь айлчлалын үр дүн, шинэ зууны шинэ хандлага байлаа. Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай болсон нь Ерөнхийлөгчийн Тамгын газар Гадаад харилцааны яам нягт уялдаатай ажилласны үр дүн гэж хөндлөнгийн ажиглагчид дүгнэж байна. ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.Матвиенко нь "Гадаад бодлогоо эмэгтэй хүн хариуцуулсан нь маш ухаалаг шийдвэр болжээ" гэж үнэлсэн нь санамсаргүй ч хэлсэн үг биш болов уу.
Эцэст нь, айлчлалаар гаргасан “Зуун жилийн” буюу “Москвагийн тунхаглал”-ыг Монгол, Оросын шинэ зууны харилцааны замын зураг гэж хэлж болно. Энэ бүхэн ажил хэрэг болж чадвал Москва, Бээжин найтаах төдийд Монгол хатгаа тусахаа байна гэсэн үг.
Холбоотой мэдээ