2022 онд тохиох спортын ОНЦЛОХ ТЭМЦЭЭНҮҮД

Хуучирсан мэдээ: 2021.12.20-нд нийтлэгдсэн

2022 онд тохиох спортын ОНЦЛОХ ТЭМЦЭЭНҮҮД

2022 онд тохиох спортын ОНЦЛОХ ТЭМЦЭЭНҮҮД

Ирэх 2022 онд олон улсын хэмжээнд зохион байгуулагдах онцлох спортын томоохон арга хэмжээнүүдийг та бүхэндээ танилцуулж байна.


  1. Өвлийн олимп

Байршил: Хятад, Бээжин

Огноо: Хоёрдугаар сарын 4-20

Бээжингийн өвлийн олимп 2022 оныг чимнэ. Бээжин, Жанжиажэ, Яньцин зэрэг гурван хотод хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд дэлхийн цас, мөсний спортын шилдгүүд хуран чуулна. Нээлт, хаалтын арга хэмжээ Бээжин хотноо болно. 15 спортын төрлийн 109 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө.

Олон улсын хүний эрхийн байгууллагууд, улс орнуудын зүгээс Хятадын засгийн газрын Шинжаан-Уйгур, Төвөд, Хонгконг, Өвөрмонгол зэрэг газруудад хэрэгжүүлж буй төрийн арга хэмжээ, бодлого нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж байгаа учир дипломат бойкот хийхийг зарлаж байгаа юм. Одоогийн байдлаар Литви, АНУ, Шинэ Зеаланд, Австрали, Канад, Косово, Латви, Япон, Эстони, Австри, Бельги зэрэг орнууд албаны төлөөлөгчдөө Бээжингийн олимп руу илгээхгүй гэдгээ зарлаад байна.

Монгол Улсын тухайд гүйлтийн цанын төрөлд хоёр эрх авсан.

Харин Бээжингийн өвлийн паралимп гуравдугаар сарын 4-нөөс 13-ны өдрүүдэд болно. Монголын пара цанын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Ганболд одоогоор эрхээ аваад байна.

  1. FIFA Клубуудын ДАШТ

Байршил: Арабын Нэгдсэн Эмират, Абу Даби

Огноо: Хоёрдугаар сарын 3-12

Анх Хятадад дараа нь Японд болох байсан энэхүү тэмцээн цар тахлын улмаас хойшлогдсоор эцэст нь Абу Даби хотод болохоор болсон. Уламжлал ёсоор тив, бүс нутагтаа аварга болсон долоон баг оролцож байгаа бөгөөд эхний шатанд зохион байгуулагч орны Аль Жазира болон далайн орнуудын аварга Аукланд Сити багууд учраа таарчээ. Харин хагас шигшээд Европын аварга Челси, Өмнөд Америкийн аврага Палмейрас багууд шалгараад байна. Мөн Азийн аварга Аль Хилал, Африкийн аварга Аль Ахли, Хойд, Төв Америк болон Карибийн тэнгисийн орнуудын аварга Монтеррей зэрэг багууд оролцож байна.

  1. Супер Боул

Байршил: АНУ, Инглвуд

Огноо: Хоёрдугаар сарын 13

Америк хөлбөмбөгийн оргил тоглолт болох Супер Боул ирэх жил Калифорни мужийн Инглвудын СоФи цэнгэлдэхэд болно. Жил бүр Супер Боулын завсарлагаанаар хэн гэдэг од ая дуугаа өргөх вэ гэдэг хүлээлт үзэгчдийн дунд үүсдэг. Тэгвэл ирэх жилийн тухайд бид бүхний сайн мэдэх "Dr.Dre", "Snoop Dogg", "Eminem", Мэри Ж.Ближ, Кендрик Ламар нар үзүүлбэрээ үзүүлэх аж.

Бооцооны газруудын таамаглаж буйгаар Том Бредигээр толгойлуулсан Тампа Бэй Бакканирс болон Патрик Махоумсээр удирдуулсан Канзас Сити Чифс багууд энэ жил дахин учраа таарах гэнэ. Өнгөрсөн жил дээрх хоёр баг тоглоход Том Бредигийн баг ялж, тэрбээр долоо дахь түрүүгээ хүртсэн билээ.

  1. Шайбтайн хоккейн ДАШТ

Байршил: Финланд, Хельсинки

Огноо: Тавдугаар сарын 13-29

2021 оны дэд аваргууд энэ удаад Хельсинки, Тампере хотууддаа дэлхийн аваргыг зохион байгуулна. А хэсэгт аваргаа хамгаалагч Канад, Орос, Герман, Швейцарь, Словак, Дани, Казахстан, Итали зэрэг багууд багтсан бол В хэсэгт Финланд, АНУ, Чех, Швед, Латви, Норвеги, Беларусь, Их Британи зэрэг багууд багтжээ.

  1. УЕФА Аваргуудын лигийн финал

Байршил: ОХУ, Санкт-Петербург

Огноо: Тавдугаар сарын 28

Санкт-Петербург хотын Газпром аренад УЕФА Аваргуудын лигийн финал эргэн ирнэ. Ирэх жил түрүүлэх магадлал нь хамгийн өндөр багаар Манчестер Сити нэрлэгдэж байгаа бол тэдний араас Байерн Мюнхен, Ливерпуль, ПСЖ, Челси зэрэг багууд удаалж байна.

  1. NBA-ийн финал

Байршил: АНУ, Канад

Огноо: Зургадугаар сарын 2-19

75 жилийн ой нь тохиож буй NBA-ийн улирал бүрийн финал сонирхолтой, үзүүштэй болдог. Бооцооны газруудын таамаглалаар Брүүклин Нетс энэ жил түрүүлэх хамгийн өндөр магадлалтай байгаа бол тэдний араас Уорриорс, Бакс, Санс, Лэйкерс, Жазз гэсэн багууд бичигджээ.

Мөн бүх оддын тоглолт хоёрдугаар сарын 20-ны өдөр Кливленд хотноо болно.

  1. Дэлхийн оюутны универсиад

Байршил: Хятад, Чэнду

Огноо: Зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 7-ны хооронд

2021 онд болох байсан энэхүү наадам цар тахлын улмаас нэг жил хойшилсон. Дэлхийн оюутан залуус 18 спортын төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорих бөгөөд Монголоос ширээний теннис, сагсан бөмбөгийн шигшээ багууд оролцохоор эрхээ аваад байна.

  1. Улаанбаатар Гранд Слам

Байршил: Монгол, Улаанбаатар

Огноо: Зургадугаар сарын 24-26

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны Гранд Слам буюу Их дуулга ангиллын тэмцээн Монголд эргэн ирлээ. 2009-2011 онуудад “Чингис хаан” дэлхийн цом, 2012-2016 онуудад “Чингис хаан” гран при гэх нэрэн дор болж байсан тэмцээн зэрэглэл ахин дахин дөрвөн жил зохион байгуулагдахаар болж байна.

  1. Азийн наадам

Байршил: Хятад, Ханжоу

Огноо: Есдүгээр сарын 10-25

Хятад улс ирэх жил спортын арга хэмжээгээр тасрахгүй бололтой. Өвлийн олимп, дэлхийн универсиадаас гадна Азийн наадам тус улсад болно. Энэ удаагийн Азийн наадмын онцлог нь цахим спорт болон брейк бүжгийн төрлүүдэд хөтөлбөрт нь орсон. Азийн 45 улсын баг тамирчид 37 спортын төрөлд хурд, хүрчээ сорино.

Харин Азийн пара наадам аравдугаар сарын 9-15-ны өдрүүдэд болно.

  1. FIFA хөлбөмбөгийн ДАШТ

Байршил: Катар

Огноо: Арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18

Дөрвөн жил тутам зуны улиралд болдог байсан хөлбөмбөгийн ДАШТ ирэх жил Катарын зуны аагим халуун уур амьсгалаас болж өвөл болохоор болсон. Таван тивийн шилдэг 32 баг Катарын таван хотын найман цэнгэлдэхэд наадаж, ганц нь л алтан дагиныг хүртэнэ.

Тоглолт явагдах цэнгэлдэхүүд ерөнхийдөө ашиглалтад орж, шинэчлэлт хийгдэж дууссан бөгөөд барилгын ажил нь их л хэл ам дагуулсан. Учир нь бүтээн байгуулалтад оролцсон ажилчид хөдөлмөрийн мөлжлөг, боочлолын золиос болж, олноороо амиа алдаж буй статистик, баримтууд гарч ирсэн. Гэвч олон улсын хөлбөмбөгийн холбоо чимээгүй өнгөрүүлэх бололтой.

Одоогоор Катар, Герман, Дани, Бразил, Франц, Бельги, Хорват, Испани, Серби, Англи, Швейцарь, Нидерланд, Аргентин зэрэг багууд оролцох эрхээ аваад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж