“Чингис хаан" музейн бүтээн байгуулалтын ажил дууссан. Одоо энэ музейн сан хөмрөгийг бүрдүүлэх их ажил үлдээд буй. Багагүй хэл ам дагуулсан энэ музейн бүтээн байгуулалт, үзмэрүүд нь орчин үеийн дижитал 3D техник технологи ашигласан гэдгээрээ онцлог байх аж.
Үүнээс гадна монгол урчуудын ур ухаанаар бүтсэн цоо шинэ, содон үзмэрүүдийг байрлуулах сурагтай. Тодруулбал, музейн орой хэсэгт таван метрийн өндөртэй, алтадсан шонхор шувуу байрлуулсан. Харин музейн дотор талд их эзэн Чингис хааны гурван метр орчим өндөртэй цул алтан баримал байрлуулах гэнэ. Уг алтан барималыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болд бүтээж байгаа аж. Мөн монгол урчууд Хархорин хотын загварыг 3D технологи ашиглан бүтээж буй.
Музейн талбайн хувьд Ази тивдээ тавдугаар орох зай багтаамжтай. Дэлхийн хамгийн том музейд ашигладаг аюулгүй байдлын системийг суурилуулна гэдгийг албаныхан мэдээлсэн. Солонгос улсад зургаан тэрбум төгрөгөөр захиалан хийлгэсэн музейн шилэн хорго нь сүүлийн технологиор бүтээсэн музейн зориулалт бүхий автомат вакумжуулсан технологи гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Шинээр байгуулж буй музейн сан хөмрөгийн 20 хувийг төв болон орон нутгийн музейгээс цуглуулах гэнэ. Нийтдээ 40 орчим контент хэлбэрийн үзмэр байршуулахаар төлөвлөжээ.
Музейн есөн давхар барилгын долоон давхарт нь байнгын үзэсгэлэнгийн танхим байрших гэнэ. Үүнээс тавдугаар давхар тэр чигээрээ Монголын эзэнт гүрэнтэй холбоотой үзмэрийг дэлгэнэ аж. Энэ талаар Б.Даваацэрэн ярихдаа “Бид эд өлгийн зүйлсээс хаад язгууртны хэрэглээний төсөөллийг бий болгохыг зорьж буй. Мөн дээрээс нь үзмэртээ тулгуурласан контент хэлбэрийн түүхэн үйл явдлын мэдээллийг өгнө. Энэ музей өөрөө их онцгой. Бүх үзмэрийн заал танхимыг онцгой байдлаар төлөвлөсөн. Хоёрдугаарт, энэ музейг Чингис хааны нэрээр нэрлэсэн. Тийм учраас бид дутуу дульмаг, хуучин уламжлал дээрээ суурилсан дэглэлттэй байлгахыг бодохгүй байгаа. Төрт ёс, түүхийн уламжлалыг харуулсан музей байхаар зорьж байна” гэдгийг хэлж байв.
Гадаадаас 106 ширхэг үзмэр авч ирэх байснаас яриа хэлэлцээний явцад зарим үзмэр нь хасагдсан талаар өмнө нь мэдээлсэн. Одоогийн байдлаар Орос, Хятад, Япон, Австри, Франц, Их Британи зэрэг улсуудаас үзмэрээ авчээ.
Холбоотой мэдээ