News.mn "Монгол сервис" буландаа автобусны соёлын талаар цувралаар хөндөн бичиж байгаа билээ. Энэ удаад нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэд ямар гомдол гаргадаг тухай хүргэж байна.
Сурагчдын амралт эхэлсэн тул нийслэлийн автозамын хөдөлгөөний ачаалал буурчээ. Гэсэн ч хэдий ажил орох, тарах цагаар автобус хүлээх нь "алаан" хэвээр. Хүйтний эрч чангарч буй ч хүмүүс 30-40 минут нийтийн тээвэр хүлээх нь хэвийн үзэгдэл болжээ.
Орой болж, утаа сааралтаж, тэнгэрийн хаяа ч харагдахгүй болсон 17:40 минут. Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан гэх нэгэн залуугийн яриаг автобусанд сонссон тухайгаа хуваалцъя.
“Автобус бааз-Зайсан” чиглэлийн Ч:55 дугаартай шар автобусанд суулаа. Цантсан цонхны цаанаас хаана яваагаа ч үл мэдэх автобус дүүрэн хүн. Бүгд дор бүрнээ завгүй. Зарим нь утсаа маажиж, зарим нь утсаараа ярьж, зарим нь унтана. Тэр дунд нэгэн залуугийн утсаар ярих нь анхаарал ихэд татав. Сонсоход залуугийн гутал нь илч алдсан тул хөлдөхийн даваан дээр автобус суужээ. Тэр уурандаа нийтийн тээврийнхэн рүү залгаж, бухимдлаа илэрхийлж эхлэв.
Залуу "Байна, сайн байна уу. Нийтийн тээврийн үйлчилгээний газар мөн үү? Танайх гомдол санал хүлээж авдаг юм уу. Хүмүүс ажил, хичээлээ тараад хөлдөж үхтлээ автобус хүлээж байна. Би оюутан болж ирснээсээ хойш танайд гомдол гаргаж байна. Гэтэл асуудал огт засрахгүй юм.
Холын чиглэлийн автобусны тоогоо нэмчихвэл эргэлтээр ирэх хугацаа нь ойртмоор санагдах юм. Гэтэл төвийн автобус нь таван минут ч хүрэхгүй цуварч ирж байхад холын чиглэлийн автобус огт ирдэггүй. Цаг хүлээлгээд ирэхэд нь хүлээсэн хүмүүс нь биш овсгоотой нь суучихна. Таксины мөнгөтэй байсан бол хүн бүр жижиг тэргэнд суугаад явна. Энэ чинь нийтийн тээвэр юм байгаа биз дээ. Яагаад ард иргэдийн зорчих тээврийнхээ тоог нэмж чаддаггүй юм бэ?" гэхчилэн амьсгаа ч авахгүй үгсээ угсруулан уцаарлангуйгаар хов зөөлөө. Хэсэг чимээгүй байснаа, мөнөөх залуу "Би харин танд хэлээд байна шүү дээ. Ойлголоо, уламжилъя, жолоочид хариуцлага тооцъё гэх хэлчхээд асуудал яг л хэвэндээ байдаг. Та наад утсан дээр ирж байгаа гомдлоо бүртгэж аваад цалин авч байгаа биз дээ" хэмээн хуурай агсрав.
ТҮГЖРЭЛЭЭС ГАРААД Л ЖОЛООЧИД УЛААН ГАЗУУ ДАВХИДАГ
Залуу ч замын турш гомдлоо хэлсээр. "Хөгшин настай болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчлэх дургүй Би одоо Дэнжийн мянгын автобусанд суугаад явж байна. Түгжирч түгжирч Зайсангаас гүүр давж, Багшийн дээд буудлын буудлаас пиг дүүрч 100 айл хүртэл "мөлхөнө". Түгжрэлээс гарангуутаа гарлаа галзуу, согтуу давхина. 57 сургууль, "Хүчит шонхор" дээр хүн их буудаг учир аргагүй эрхэнд зогсоно. Түүнээс хойш зорчигчдоо буулгахгүй авч давхидаг. Би гэхэд Гахайн байрны буудал дээр буудаг. Тэнд жолооч хальт тоормослоод хаалгаа хагас нээгээд давхичихдаг. Хэлэхээр хаалганд ойртохгүй яасан юм гээд хараана. Залуу хүмүүс үсрээд буучихдаг. Харин настай хөгшчүүл, хүүхэд тэвэрсэн хүмүүс хэцүү харагддаг. Автобусны чиглэл, дугаартай нь, зорчсон цаг минутаа хүртэл хэлж байхад жолоочид нь ядаж хариуцлага тооцмоор. Улаан галзуу явж байхдаа чихэвч зүүгээд утсаар ярина, нэг гараараа тамхи татаж, нөгөө гараараа жолоо барина. Хэрэв танайх хүлээж авахгүй бол би Засгийн газрын 11-11 дугаарт хандана. Жолоочдын харилцаа хандлага маш бүдүүлэг байна. Төлбөрөө төлөөд зорчиж байгаа иргэд аюулгүй үйлчилгээ авах ёстой. Цалин аваад ажиллаж байгаа бол сэтгэлтэй байх хэрэгтэй" хэмээн бухимдав.
Ямартай ч автобусанд өрнөх түмэн ярианы дундаас тэр нэг оюутан залуугийн олны төлөө хэлсэн санал шүүмж ихэд сонирхолтой санагдлаа. Өнгөрсөн хугацаанд өдөр бүр нийтийн тээвэрт суудаг байсан ч хаалганы дээр байдаг тусгай дугаар руу залгаж санал хэлж байсан хүнтэй таарч байсангүй. Иргэдээ боддог ухаалаг нийслэлийн удирдлагуудтай байсан бол иргэд хөхөө өвлийн хүйтэнд хөлдөтлөө автобус хүлээхгүй байсан нь лавтай.
Холбоотой мэдээ