Тойм: М.Уранцэцэг Монголын шилдэг тамирчин, М.Анхцэцэг дэлхийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2021.12.19-нд нийтлэгдсэн

Тойм: М.Уранцэцэг Монголын шилдэг тамирчин, М.Анхцэцэг дэлхийн аварга болов

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ОХУ-Д АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москвад албан ёсны айлчлалаа арванхоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улс /ОХУ/-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтай 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хоёр тал оны туршид өргөн хүрээнд тэмдэглэж, ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны зорилт, тэргүүлэх чиглэлийн талаар ойлголцолд хүрч, хамтарсан Тунхаглал гаргасан нь хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

"ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЗЭМШЛИЙН 34 ХУВЬД НОГДОХ ӨРИЙГ ТЭГЛЭНЭ"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Ерөнхий сайдын нэр дээр арванхоёрдугаар сарын 13-нд “Рио Тинто” болон “Туркойз хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас албан бичиг ирүүлсэн. Уг захидалд “Оюутолгой”-н үр өгөөжийг ард түмний эрх ашигт нийцүүлэх, өмнөх өрийг тэглэх, Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах, “Эрдэнэс Оюутолгой” хувьцаат компанийн талд үүссэн өмнөх өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид нээлттэй ил тод болгох саналыг хэлэлцэж, ТУЗ-д танилцуулсны үндсэн дээр дараах таван арга хэмжээг авч байна. Үүнд:

1."Оюутолгой" төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар "Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэнэ нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;

2. ДУББСТ болон “Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцлаж дуусгавар болгох;

3. "Оюутолгой"-н далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;

4. Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж "Эрдэнэс Оюутолгой" ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;

5. "Оюутолгой" ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу "Оюутолгой" ХХК төлөх гэсэн саналыг тавилаа.

"ААВ МИНЬ ӨНӨӨДӨР ХЭЛМЭГДЛЭЭ"

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны арванхоёрдугаар сарын 7-16-ны өдрийн хооронд хянан хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. Шүүхээс хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн ял оноосон юм.

Э.Бат-Үүлийн хүү Чулуудай:

-Аав минь өнөөдөр хэлмэгдлээ. Хэвлэлийнхэн нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Өөрөө огт оролцоогүй, хийгээгүй, мэдээгүй байсан хэргийн төлөө нийслэлийн удирдлагуудаас хохиролтой гэж нэхэмжлэл гаргасны дагуу хохирол төлүүлж, дөрвөн жилийн ял оноолоо. Биднийг анх хамт ялласан. Гэхдээ миний хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Би аавынхаа төлөө тэмцэнэ. Үнэхээр шударга бус байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан. Бид хуулийн дагуу давж заалдана. Эцсийг нь хүртэл явна.

Аав минь захиж хэлэхдээ "Нэгдүгээрт, хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Би шударга ёсны төлөө тэмцэнэ. Шүүхийн хараат бус байдал, гэр хорооллынхоо төлөө тэмцэнэ. Би улс төрийн тэмцэл хийж байхдаа хэнийг ч гүтгэж, гутаан доромжилж байгаагүй. Монголын ардчилал ялна" гэж хэлүүллээ.

Миний аав ардчиллын төлөө 30 гаруй жил тэмцсэн. Энэ хэргийг зохиосон хүн бүртэй тэмцэнэ. Улсад нэг ширхэг мөнгөний хохирол учруулаагүй. Шүүх байгууллагыг хүндэтгэж, өнөөдрийг хүртэл чимээгүй байсан. Аавын биеийн байдал муу байна. Саяхан бэртэл авсан байсан.

М.УРАНЦЭЦЭГ МОНГОЛЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛОВ

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал болох "Бөртэ Чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 13-нд тодорлоо. “Бөртэ Чоно” наадмын шилдгээр тодорсон зургаан тамирчнаас Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг нийт авсан оноогоороо тэргүүлж, 2021 оны Монголын шилдэг тамирчнаар тодрон, шилжин явах цомын эзэн боллоо. Тэрбээр санал асуулгад 142 оноо авсан бол арын өрсөлдөгч Ц.Цогтбаатар 125 оноотой байв.

“Токио-2020” олимпийн наадмын мөнгөн медалийн эзэн, Ази тивийн аваргын хүрэл медальт Саейд Моллай оны шилдэг эрэгтэй тамирчны санал асуулгад аман хүзүүдлээ. Спортын сэтгүүлчдийн дунд явуулсан санал асуулгаар тэрбээр 89 оноо авсан юм.

"ЭРЭЭНИЙ ХИЛ НЭЭСЭН Ч ТЯНЬЖИНД ОМИКРОНЫ ХАЛДВАР ГАРЛАА"

Эрээн-Замын-Үүд дэх автозамын боомтыг энэ сарын 13-наас тодорхойгүй хугацаагаар хаасан гэх мэдээлэл цацагдаж эхлэв. Уг асуудалд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тайлбар өглөө. Тэрбээр “Энэ сарын 8-нд би Замын-Үүд боомтод ажилласан. Энэ сарын 10-11-нд тээврийн хэрэгслийг Эрээн талаас дундын цэг дээр байршуулсан.

Гэхдээ Эрээний талд хүндрэл үүссэн нь автомашинууд цаг агаарын байдлаас шалтгаалан асахгүй байх, гаалийн бүрдүүлэлт, бодит автомашин дээрх ачааны жин, хэмжээ зөрөх асуудлаас үүдэлтэй. Иймд энэ сарын 14, 15-нд үнэлгээ хийж дүгнэлт нь гарч байна. Тэгэхээр Эрээн дахин хаалгаа бариагүй.

Бараа бүтээгдэхүүн эргэлтэд орох  үе шаттай ажлын процесс явагдаж байна” гэв. Тяньжин хотод Covid-19-ийн омикрон хувилбар бүртгэгдсэн нь анхаарал татаж буй. Ачаа тээврээр дамжин халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн анхаарч буй талаар тус яамнаас өгч буй мэдээллээр “Хилээр нэвтэрч буй ачаа тээврийг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ариутгаж халдваргүйжүүлж байна” гэлээ.

М.АНХЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо болсон хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ сарын 17-нд Гавьяат тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичив.

Тэрбээр огцомоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн боллоо. Манай тамирчин нийлбэрээр 250 кг-ыг өргөсөн бол дэд байрт шалгарсан Узбекистаны Т.Уабборова, хүрэл медальт Норвегийн С.Коанда нар ижил 244 кг-ыг өргөсөн байна.

Хэдхэн сарын өмнө Токиогийн олимпийн шагналт байрт шалгарсан М.Анхцэцэг маань ийнхүү хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас бичиж, ДАШТ-ээс алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, анхдагч болж байв. Үүний дараа 2019 онд дахин хүрэл медаль хүртэж, медалиа ихэрлүүлсэн түүхтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж