Ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноож, хорьсон. Түүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Ардчиллын анхдагчдын нэг Ц.Элбэгдорж "Муухай өдөр" хэмээн тодотгож, өөрийн цахим хуудастаа ийн бичжээ. Түүний "Муухай өдөр" нийтлэлийг хүргэж байна.
2021 оны 12 дугаар сарын 16. Энэ өдрийг "муухай өдөр" гэж би бичлээ.
Нарны туяа сулхан тусах өвөл цагийн бүүдгэр, бас чимчигнүүр, гялалзуур өглөө. Хөл бөмбөгийн тайлбарлагч Балжиннямын тухай хэн ч итгэх аргагүй зүйл сонсов. Хүрэл зүрх ч хайлам хүнд мэдээ.
Тэр хөл бөмбөгийн хосгүй тайлбарлагч төдийгүй, хосгүй хүмүүн байлаа. Тааралдсан хүн бүртээ эерэг, дулаан, тааламжит эрчим хүч бэлэглэгч. Тийм хүн байхыг бүгд мөрөөдөж болох ч тэр хувь зохиолыг ганц хоёрхон нь эзэгнэдэг юм. Түүнийг эзэгнэгч тийм хосгүй нэгэн бол Балжинням. Дахиж түүнтэй уулзахгүй болчихлоо гэдэгтээ хүн бүр итгэхгүй байх шиг. Аргагүй, аргагүй. Тэр зөвхөн хөл бөмбөгийг шүтэн үзэгчдийн зүрх сэтгэлд бус түүний дуу хоолойг сонссон, дүрийг харсан бүх хүнд дэндүү дотно, ах дүү, анд найз нь болсон хүн л дээ. Тийм хүнийг "гайхамшиг гэхгүй бол" өөр хэнийг гайхамшиг гэх билээ.
Хүний сэтгэл бол хүрэн буурал зүрхтэй нь адил эмзэгхэн эрхтэн л дээ. Түүнийг их цочроосон, их гуниглуулсан нулимстай мэдээг тэр мартаж чаддаггүй юм.
Бат-Үүлийг шоронд илгээж байгаа шуугиан мөн л энэ орой гал адил дүрэлзээд ороод ирэв. "Энэ чинь ямар муухай өдөр вэ" гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Бат-Үүлийн тухай бичих надад хэцүү. Өөрийнхөө тухай бичиж байгаатай ялгаагүй санагдаад байдаг юм. Харин азаар Үүлийн тухай, болж буй үйл ажиллагааны талаар чамгүй их хүн бичиж, бас бичсээр байна. Тэр бүхнээс миний бодож байгаатай давхацсаныг жиргээнд хэсэг хуваалцав. Гэхдээ л хэн ч бичихгүй, хэлэхгүй тийм үг үлдээд байх шиг.
Бат-Үүлийг шоронд хорих боломжгүй л дээ. Учир нь эрх чөлөө бол шоронгоос давсан хүч юм. Бас "Бат-Үүлээ энэ хэд хорилоо, Монгол улс шударга улс болж байна" гэж чин сэтгэлээсээ итгэх хүн ховор. Харин ч эсрэгээрээ. Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн нөхцөл байдал энэ оронд дордлоо гэж л үзэж байна. Ингэснээр Монголын бие даасан байдал, тусгаар тогтнол, урагшлах хөгжих боломжид учрах хор хохирол нэмэгдэж байгаа юм.
Яахав нэг хэсэг нь хорсолоо тайлж баярлаж баясах биз. Тэгэж баясах эрх чөлөөг нь хүртэл олгох, хадгалах гэж явдгаа ч Үүл хэлсээр, үзүүлсээр байгаа. Мөн Монгол улс ардчилсан, эрх чөлөөтэй байх явдлыг буруу гэдэг хэсэгт Бат-Үүлийг ялласан нь таатай мэдээ болж сонсогдох нь дамжиггүй.
Энд бас нийгмийн сэтгэл зүйд тааруулан, юмыг хар цагаантай, сонголттой авч үзээд байгааг зориуд тэмдэглэх хэрэгтэй. Хүүг нь гэмт хэрэг үйлдээгүйг хууль шүүх нотолж цагаатгажээ. Буурал Үүлийг бол шоронд явуулах ёстой гэж үзжээ. Бат-Үүл тухайн асуудал босоход өөртөө биш хүүдээ илүүтэй санаа зовж байсныг бүгд харсан, сонссон. Чулуудай ч "тэр шалгаруулалтыг аав огтоос мэдээгүй" гэж саяхан шүүхийн байрны гадаа тодотгож хэлнэ лээ. "Та нар миний хүүгийн оролцоотой компанийг сонгожээ. Энэ саналаа эргэж хараач. Өөр аж ахуйн нэгжийг сонгооч" гэж хүртэл тэр олны өмнө ил хэлж байсан.
-Түүнийг ойлгох ухаан хайрла. Дарга нар өөрийн үр хүүхэд, ах эгч дүүс, танил талдаа нууж тендер, бизнес, мөнгө өгдөг. Бат-Үүл дарга харин хүүгээ ил тод, бусдын сонгон шалгаруултаар гараад ирэхэд ажлыг нь хийлгэхгүй юм. Дээрхи утгатай бичвэрийг Цэнддоо толилуулж байсныг хараагүй, уншаагүй гэх үү! Баабар "Манай хүү энд шалгаруулалтад тэнцсэн байна, хотын даргын хүүхэд болохгүй, та нар захиалагчаа солиоч" гэж иргэдийг цуглуулан гуйж байсан нь зурагтаар гарч байсныг санаж байна уу? Даанч загасны ой 8 секунд!" гэж сануулсаар сууна.
-Бат-Үүлийг хүүдээ албан тушаалаа урвуулан тендер авч өгч гэнэ, улс олны хөрөнгийг ийм байдлаар завшиж гэнэ, авлига авч гэнэ…Та ийм юманд итгэх үү! 1989 оноос хойш тэрбээр шилэн хоргонд амьдарч байгаа хүн. Бид хоёрт наадаг шүлс дэндүү адилхан бөгөөд одоо ч хатаагүй байгаа. "Ардчилалаа өөрсдөө гутаасан. Идэж уусан. Эд хөрөнгө, эрх мэдэлд шунасан. Шонд өлгө, шоронд хий" гэцгээдэг. Гэхдээ Батүүл тийм гэм хийгээгүй. Хийх ч хүн биш. Ардчилалд хүн бүрийн амыг барих, хүслийг гүйцэлдүүлэх зорилго байхгүй. Харин хүн бүрийн үгээ хэлэх, өөрөөрөө байх эрхийг хангах хамгаалах үүрэг бол бий. Ямар ч албан тушаал, эд хөрөнгөд шуналаар биш шударгаар хандах ёстой. Батүүл ийм л зарчимтай хүн.
Түүнд нэг л асуудал бий. Монголоо эрх чөлөөтэй, жинхэнэ бие даасан улс болгох гэж л тэр зүтгэсэн. Ардчилал, эрх чөлөөг амьдралаа гэж үзсэн. Атаархал хорсол, доромжлол гутаалтыг салхи шиг л сөрсөн. Бат-Үүл үүнийхээ төлөө, Монголдоо, эрх чөлөөндөө амь шиг хайртай байсныхаа төлөө яллуулж байгаа юм.
Хууль байсан ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа нь бас л адил хуулиар дууссан. Иймээс хууль бус ял. Хууль бусаар хүнийг яллах, хорих бол хуулийн хариуцлага хүлээдэг хариуцлагатай алхам. Монголын хууль ч ийм, Монгол улсын нэгдэж орсон олон улсын хууль ч ийм. Иймээс л Бат-Үүлийн ял зохиомол, хоёр нүүртэй, дэндүү утгагүй болчихоод байгаа юм. Энэ бол ардчилсан улсын биш арчаагүй улсын дүр төрхийг бодитоор илэрхийлдэг нэг зүйл.
Ардчилал бол нэг хоёр хүнээс болоод унаад байдаг ч тогтолцоо биш. Хүн бүр амьдрал, ажил, хувь заяандаа эзэн болчихвол тэгтлээ их хараагаад баймаар ч нийгэм биш. Гэхдээ хараах хүртэл ардчиллын саванд багтдаг учир хэн хүнгүй түүнд талтай байдаг юм.
Үүл бид хоёрын хувьд бодлоо хэлье. Хараах талд нь Үүл бид хоёрыг тавьчих. Ерөөх талд нь бусдыг тавьчих. Дахиад бид хоёрт хамаагүй нэг зүйл нэмж хэлье. Та хараалгаж гутаалгаж байгааг нь эсвэл ерөөлгөж магтуулж байгааг нь, алийг нь дагахаа, дэмжихээ өөрөө шийд. Хүний орчлонгийн өргөс бүхнийг бид хоёр түүгээд эс дуусгах ч, ургасан цэцэг бүрт баярлах талархах эсэхээ өөрөө шийд. Сонголт бол жинхэнэ эрх чөлөө гэдгийг Та нар эс мэдэх биш.
Новшнууд гучин хоёр жил Бат-Үүлийг шийтгэх гэж зүтгэсэн, мөрөөдсөн, төлөвлөсөн. Одоо л түүнийгээ арайхийж гүйцэлдүүлж, яллаж байгаа юм. Ийм ял цагийн шалгуур даахгүй. Харин тэр лалар яллагчийг цаг хугацаа мөнхөд яллана. Ийм байсан, цаашид ч тийм байх болно. Эрх чөлөөг хүсэх хүсэл шиг их хүч энэ хорвоод байхгүй.
Бат-Үүлтэй хамт зөнгөөрөө орших Монголын эрх чөлөө, зовсон ардчиллыг шоронд хийлээ гэж баясаж болох ч, энэ бүхэн эндүүрэл байсныг ирэх өдрүүд нотлоно.
Батүүл бол шүүхийн яллах дүгнэлтэд бичсэн шиг юмыг хэзээ ч хийхгүй. Түүнд тийм хүмүүжил, зуршил байхгүй. Түүний үнэт зүйл дотор тийм юмны орон зай үгүй. Тэр хөрөнгөд, баялагт, баянд шунадаг хүн биш. Тэр сайн бүхнээ, олсон бүхнээ Монголдоо зориулж ирсэн л хүн. Тэр Монголтойгоо хамт эрх чөлөөгөө олсон. Эрх чөлөөгөө Монголтойгоо цуг орхино, үлдээнэ гэж л яваа хүн. Энэ тухайгаа одоо яг шоронгийн хананы цаана тэр тэрлэж суугаа. Удахгүй бүгд юу бичсэнийг нь унших болно.
Түүний биеийг хорих байр, өргөстэй торны цаана түгжиж болох ч зүрх сэтгэлийг нь шоронд байлгах аргагүй юм. Шоронг хүн барьж босгодог ч, нийтийн эрх чөлөөг Батүүл шиг хүн бүтээдэг юм. Монгол улсын ардчилал, монголчуудын эрх эрх чөлөөнд "муухай өдөр" тохиосон ч Монголын өмнө мянга мянган сайхан өдөр байгаа гэдэгт би үл эргэлзнэм.
Холбоотой мэдээ