Өнгө шилэгдэх охидын өрөвдмөөр тавилан

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Өнгө шилэгдэх охидын өрөвдмөөр тавилан

Өнгөрсөн өвөл Гайтид хүчтэй газар хөдлөлтийн улмаас 20 гаруй мянган хүүхэд нас барсан баримт бий.  Харин Монгол Улсад  өвчин эмгэг , аваар осол, бэлгийн хүчирхийлэлд өртөж, харгис хэрцгийгээр хөнөөгдөж харамсалтайгаар амиа алдсан хүүхдийн тоо сар тутам   25  хол давж буй.  Энэ тоог Гайтид байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүүхдийн тоонд /хүн амын тоонд хувааж/  харьцуулж үзвэл манай улсад  хоёр дахин  олон хүүхэд амь насаа алдсан гэсэн үзүүлэлтийг мэргэжлийн байгууллага гаргасан байх юм .
Сүүлийн жилүүдэд авто тээврийн ослоор нас барагсад, өвчин эмгэг,  бэлгийн хүчирхийллийн хохирогч болж буй охид хөвгүүд эрс нэмэгдэх болсон. Тэр дундаа хүн бүрийн сэтгэл  сэмлэж, өр өвтгөсөн жигшүүрт хэргийн хохирогчоор хоёр ой зургаан сартай бяцхан хүүхдээс  эхлээд тав, зургаа, найм, 13, 15 настай охид өртсөн талаархи  аянга дэлдсэн хар мэдээг сонин хэвлэл бишгүй олон бичсэн. Харамсалтай нь анхаарал хандуулж ажил хэрэг болгож буй хүн нэгээхэн ч үгүй.  
Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаанд хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 2005 онд 352, 2006 онд 343, 2007 онд 384, 2008 онд 426 гарсан байна. Энэ үзүүлэлтээс  хүүхдийн  эсрэг гэмт хэрэг жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Дээрх хэргүүд дотроос хамгийн их сэтгэл эмзэглүүлсэн нь  бага насны охид бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирох явдал. Цэцэг цэврүү шиг насандаа өр зүрхэндээ гүн шархтай үлдэж буй охид  минь олширч байна. Зөвхөн он гарсаар харгис хэрцгий гэмт этгээдүүд  арав гаруй хүүхдийн амь нас бие сэтгэлд халдсан байх юм. Тэдгээр жигшүүрт хэргүүдээс ганц нэг баримтыг эргэн  сөхье.
 
Хөвсгөлд найман настай охиныг  хөнөөсөн ялтныг удахгүй шүүнэ
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Н.Мөнх-Оргил гэх  харгис гэмт этгээд өнгөрөгч гуравдугаар сард найман настай охиныг хүчирхийлэн онц хэрцгийгээр амь насыг нь хохироосон жигшүүрт хэрэг гарсан билээ. Бяцхан охиныг хүний санаанд багтамгүй аймшигтайгаар хороосон этгээдийг цагдаагийн ажилтнууд шуурхай илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Гэтэл мөрдөн байцаалтын явцад Н.Мөнх-Оргил нь  Баянгол дүүргийн нутаг дэвсэрт 8-14 насны гурван охиныг хүчирхийлсэн болохыг нь хууль хяналтын ажилтнууд хөдөлшгүй баримтаар нотолсон байна. Түүнд Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусч өнгөрсөн сард нийслэлийн Прокурорт  хянуулахаар шилжүүлсэн. Удахгүй түүнийг шүүх яллах юм.

Орцонд найман настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарч байв
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Бичил хорооллын нэгэн байрны орцонд тоглож байсан найман настай охиныг хүчирхийлсэн хэрэг мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан юм. Гаж донтон эл бузар хэргийг гэгээн цагаан өдөр үйлдсэн юм. Гэмт этээдийг цаг тухайд нь цагдаагийн ажилтнууд илрүүлэн баривчилж байжээ.

Нагац ахынхаа халдагад дөрвөн настай охин өртсөн байна

Мөн эгчийнхээ дөрвөн настай охиныг гаж донтон этгээд хүчирхийлж  байсан жигшүүрт хэрэг гарч сонин хэвлэлээр цацагдаж  олныг цочроож байв. Учир мэдэхгүй бяцхан охиныг хүчирхийлсэн этгээд  сэтгэцийн эмгэгтэй нэгэн байжээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охины биеийн байдал сайнгүй байгаа тухай эмч мэргэжилтнүүд мэдээлж байлаа.

Хоёр охиныг хүчирхийлсэн этгээд 19 жилийн хорих ял авсан байна
Бага насны хоёр охиныг хүчирхийлсэн 24 настай Б гэгч этгээд өмнө нь 16 настайгаасаа эхлэн өөрийн төрсөн эгчийн есөн настай охиныг хүчирхийлж мөн 2007 онд төрсөн ахынхаа 11 настай охиныг хүчиндсэн байна. Удаа дараагийн үйлдлээр   дүү нараа байнгийн бэлгийн дарамтанд байлгасан түүнд хуулийн байгууллагаас 19 жилийн хорих ял оноож байсан аж.
Энэ мэт  бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын талаархи баримтыг дурьдаад байвал энэ өдрийн сонины зай талбай хүрэлцэхгүй биз. Бид ч дуулиан болгох гэж   дээрх баримтыг сөхьсөнгүй. Хамгийн чухал нь өнөөдөр бага насны хүүхэд хүчирхийлэх хэрэг олноор гарах болсон учир шалтгаан юу вэ.  Эцэг эх асран хамгаалагчдын хариуцлага, хүүхдийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлага гарч байгааг дээрх баримтууд нотлож байна. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгуулага гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүд хэр хүрч ажиллаж байна вэ.  Тодруулбал, бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын талаар  ямар ажил хийж байна гэдгийг асуумаар байна.  
Өнөөдөр Монгол Улсад ирээдүйн  эх орны залгамж халаа бяцхан үрсийн минь  эрх зөрчигдөж буйд төрийн түшээд түмэн олон сэтгэл зовинон ярьдаг. Гэвч  дорвитой ажил хийсэн байгууллага хүн нэгээхэн ч үгүй. Зөвхөн нийслэлд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр 20 гаруй байгууллага ажиллаж байх юм. Тэдгээр байгууллага  охидыг хүчирхийллээс  хамгаалах талаар хууль хяналт, гэр бүлийнхэнтэй хамтран ажиллаж хэрэгтэй байгааг  сануулахад илүүдэхгүй биз ээ. Хүүхдийн нэрээр мөнгө гуйдаг тэр олон байгууллага хувь хүн  энэ сэдвийг анхаарал даа аваач гэдгийг  хүсэх байна. Бэлгийн хүчирхийлэлд  бяцхан охид нь минь дахин бүү өртөөсэй. Бэлгийн хүчирхийлэл гэдэг энэ дарамт хүүхдүүдийн сэтгэлийн гүн шархыг сэдрээсээр байна.  Бодох, бас дорвитой ажил хийх цаг нэгэнт иржээ.
“Нуган үр нутгаа эзэмшинэ. “Охин үр өнгө шилэгдэнэ” гэдэг.  Өнгө шилэгдэх охидын өрөвдмөөр тавилантай эвлэрэхгүй байхсан. Бэлгийн хүчирхийлэлээс охидоо аваръя.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж