“Ньюанс”-ынхан тоглолтын сюрпризээ нууцалж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.16-нд нийтлэгдсэн

“Ньюанс”-ынхан тоглолтын сюрпризээ нууцалж байна

Жил бүрийн гуравдугаар сарын 27-нд олон улсын театрын өдөр тохиодог. Театрын өдрийг угтан “Ньюанс” хамтлаг тоглолтоо хийдэг уламжлалынхаа дагуу “Анжелина” нэртэй поп опера тоглолтоо үзэгчдэдээ өргөн барих гэж байна.  Тоглолт энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дуур бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд уг хамтлаг анх удаа дөрвөн гишүүнтэйгээр тоглохоороо онцлог юм. “Ньюанс”-ын анхны гишүүн  Д.Өнөрбаатар АНУ-аас түр хугацаагаар эх орондоо ирээд байгаагийн дээр тус хамтлагийн отгон гишүүн Д.Дүйнхэржав өнгөрсөн жил СУИС-ийн дуулаачийн ангийг дүүргэсэн байна. Хамтлагийн гишүүн М.Боргилчулуун болон хамтлагийн ахлагч М.Амарсанаа нартай утсаар холбогдон энэ удаагийн тоглолтын үеэр үзэгчдэд ямар бэлэг барих талаар тодруулахад “Бид дөрөв дэх жилдээ уламжлалт попоперийн тоглолтоо хийх гэж байна..Сонгодог аялгууг орчин үеийн хөг aйзам, хэмнэл донжтой төгс зохируулсан поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг болсоор бид багагүй хугацааг үдэж байна. Дэлхийн хөгжмийн ертөнцөд улам бүр хүчээ авч мянга мянган залууст сонгодог урлагийг ойртуулж байгаа энэхүү гайхамшигт поп опера урсгалаар бид хамтлагийнхаа тодотголыг хийж яваадаа баярлаж басхүү бахархаж явдаг билээ. Эргэлт буцалтгүй сонгосон энэхүү урсгалын яруу сайхныг үзэгчдэд улам бүр мэдрүүлэн сонгодог урлагийн өндөр хэмжүүрт нийцсэн сайхан уран бүтээлүүдийг туурвихаар шамдаж байна. Тоглолтыг “Хаан банк”, “Улснэт” компани ивээн тэтгэж байгаа. Ивээн тэтгэчдийн зүгээс үзэгчдэд зориулан олон сайхан сюрприз бэлдсэн. Одоогоор бид ч тэрхүү гэнэтийн бэлгийн талаар сайн мэдэхгүй байна” гэсэн юм. Тус хамтлаг 2007 онд “NUANS popera concert”, 2008 онд “ISABEL” рорera concert, 2009 онд “AMORE” роp-oрera concert нэртэй тоглолтуудыг толилуулж ирсэн юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж