Төв банк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах үндсэн чиг үүрэг хүлээдэг онцгой байгууллага. Энэ чиг үүргээ биелүүлэхэд төв банкны хараат бус, бие даасан байдал чухал нөлөөтэй.
Монголбанк, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль хамтран өнөөдөр (2021.12.17) “Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эрх зүйн зохицуулалт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид “Төв банкны бие даасан, хараат бус байдал, түүний эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, Монголбанкны хараат бус байдлыг дээшлүүлэхэд анхаарах асуудал, хууль, эрх зүйн орчныг төлөвшүүлэх талаархи” судалгаа, судалгаанд үндэслэн гаргасан санал, дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүллээ.
Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, олон улсын санхүүгийн байгууллагууд, Монголын банкны холбоо, банк, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, шүүх, прокурор, цагдаа, хууль зүйн болон эдийн засгийн их сургуулиуд болон олон нийтийн төлөөлөл оролцов.
Эрдэм шинжилгээний хурлыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Б.Амарсанаа нар нээж хэлсэн үгэндээ “Төв банкны бие даасан байдал нь мөнгө, санхүүгийн тогтвортой байдал хангагдах урьдач нөхцөл болж, урт хугацааны эдийн засгийн хөгжлийг дэмждэг” болохыг онцолсон юм.
Төв банк үйл ажиллагааныхаа үндсэн зорилт болох үнийн түвшний тогтвортой байдлыг хангах үндэслэл нь түүний бие даасан хараат бус байдлыг хангах явдал болохыг судлаачид тэмдэглэлээ. Мөн судалгаагаар улс орнууд төв банкны бие даасан, хараат бус байдлын ач холбогдолыг өндөрт авч үзэж, бие даасан байдлыг Үндсэн хууль болон нарийвчилсан органик хуульд тусган баталгаажуулдаг нь харагдаж байна.
Судлаач, эрдэмтэд төв банкны бие заасан, хараат бус байдалд улс төрийн бодлого, шахалт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж буйтай санал нэг байгаагаа илэрхийлэв. Тус эрдэм шинжилгээний хурал судлаачид Монгол Улсын төв банкны хараат бус, бие даасан байдлыг сайжруулах талаар санал, дүгнэлт өгч, хэлэлцүүлсэнээрээ онцлог ач холбогдолтой боллоо.
Монголбанкны хараат бус байдлын үнэлгээний үр дүнг нэгтгэн авч үзвэл үйл ажиллагааны хараат бус байдлын зургаан шалгуур үзүүлэлтээс 50 хувь, улс төрийн хараат бус байдлын долоон шалгуур үзүүлэлтээс 42 хувь нь шалгуур үзүүлэлттэй нийцтэй байгаа аж. Энэ талаар Санхүү, эдийн засгийн их сургуулийн бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор, дэд профессор Б.Мөнхзаяа "Төв банкны бие даасан, хараат бус байдал ба санхүүгийн тогтвортой байдал" илтгэлдээ онцлов.
Хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Ч.Хашчулуун “Төв банкны хараат бус байдал ба Covid-19-ийн нөлөө сэдэвт сонирхолтой илтгэл тавив. Тэрбээр "Монгол Улсын хувьд 2009 оны хямралыг Мөнгөний бодлогоор бус, томоохон төслүүдийг эхлүүлэн, экспорт, хөрөнгө оруулалтаа эрс нэмэгдүүлснээр хямралаас гарч, инфляцын үндсэн зорилтуудыг ч биелүүлж чадсан. Харин 2020-2021 онуудад Covid-19-ийн хямралын үед эдийн засгийг сэргээх гэж их оролдсон. Гэвч 2021 оны гуравдугаар улирлын байдлаар ДНБ-ий өсөлт дөнгөж 3.6 хувьтай байгааг анхаарахад, одоогийн байдлаар энэ бодлого үр дүнд хараахагүй хүрэхгүй байгаа тул үндсэн зорилт болох үнийн тогтвортой байдалд ирэх жилүүдэд илүү анхаарах нь зөв" гэв.
Холбоотой мэдээ