Шог зургийн сор болсон уран бүтээлчдийн нэг, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр 2021 оны шилдэг шог зураачаар шалгарсан байна.
Тэрбээр, "Ихэнх шагналаас ичдэг болсон энэ цаг дор харин бахархаж хүндэтгэмээр нэгэн омогшуулал хүртсэнээ хуваалцъя. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг "Эмнести Интернэйшнл" байгууллагатай хамтран зохион байгуулдаг "Шог зургийн үзэсгэлэн"-гийн үеэр хүндтэй шагнал авлаа.
Мэргэжил нэгт нөхдийн маань үнэлгээ үнэлэмж болохоор бүр л үнэ цэнэтэй, утга учиртай. Байгуулагдаад удаагүй байгаа "Шогч бийр" шог зураачдын холбооноос жил бүр шилдгээ шалгаруулж байх шийдвэр гарсны анхных нь энэ бөлгөө.
Цомын загварыг манай барималч, шог зураач Н.Оргил маань хийсэн бөгөөд хад чулууг хага яран ургаж буй цэцгийн дэлбээ нь бийрийн хэлбэртэй байгаа нь юунд ч үл хоригдох үзэл санаа, үнэний төлөө дуугарч чадах уран бүтээлийг билэгдсэн аж.
Сонгож авсан ардчилал эрх чөлөөний замаараа алдаа оноогоо цэгнэн дүгнэж улам урагшлах уу аль эсвэл нэг намын дарангуйлал, үзэл суртлын нөлөөлөл, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь улам ихээр хааж боох цензуртай тоталитар дэглэм рүү буцах уу гэдэг салаа зам дээр ирчхээд байгаа.
Энэ эгзэгтэй цаг үед ийнхүү шог зураачид маань нэгдэж нийлж эргэнд сэргэж өндийж байгаа чухам л цагаа олсон хувьсгалын тохироо, чөлөө завшаан хэмээн сэтгэл өег өөдрөг, цоглог цовоо болж ирж байна шүү. Бид хамтдаа байхдаа илүү хүчтэй" гэж цахим хуудастаа хуваалцжээ.
Эмнести интернэшнл 2019 оноос өнөөг хүртэл хүний эрх эрх чөлөө шог зургийн үзэсгэлэнг тасралтгүй зохион байгуулж буй аж. Анхны шог зургын үзэсгэлэн 2000 хүнд хүрч байсан бол 2020 оны цахим үзэсгэлэн 7000 гаруй хүнд хүрчээ.
Цар тахал ба хүний эрх үзэсгэлэнд тавигдаж буй зурагнуудаас 25 зургийг сонгон энэ оны арванхоёрдугаар сарын 10-нд Төрийн ордноо болсон Хүний эрхийн үндэсний форумын 400 гаруй төлөөлөгчдөд толилуулсан байна.
Хамтран ажилласан Шогч бийр холбооныхондоо дахин талархал илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа улам бүр тэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бид зөвхөн үзэсгэлэн гаргахад биш үзэсгэлэнд тавигдсан бүтээлээр цахим ном хийн Монголд төдийгүй дэлхийн дахинд толилуулах талаар цаашид хамтран ажиллах болно гэдгийг мөн онцолжээ.
Холбоотой мэдээ