Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр хилийн хяналт шалгалт болон халдварын тархалтыг хэрхэн хянаж байгаа талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан:
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10 төрлийн зөвлөмж гаргасан. Үүний нэг нь эрсдэл суурилсан хариу арга хэмжээг авч ажиллах. Тэгэхлээр Монгол Улсад гадаадаас халдвар зөөвөрлөгдөж ирэх эрсдэл өндөр байгаа учир хилийн тандалтыг нэмэгдүүлэх шаардлага их байна.
Арваннэгдүгээр сарын 28-наас эхэлж хилийн тандалтыг тавьж ажиллаж байгаа. Нисэхийн тандалтаар өнөөдрийн байдлаар 48 нислэгээр 5411 зорчигч ирсэн. Нисэх буудал дээр ирсэн иргэдээс хоёр төрлийн шинжилгээ авч байгаа. Эдгээрээс зөөвөрлөгдсөн 38 тохиолдол батлагдсан. 16 нь дельта, долоо нь альфа хувилбар байна. Хилийн тандалт болоод хувилбарыг тодорхойлохдоо гурван төрлийн шинжилгээ авдаг. Эхнийх нь PCR, дараагийнх нь генийн дараалал тогтоох аппаратаар тодорхойлдог. Гэрийн хяналтад байгаа иргэдээс дөрөв дэх хоногийн давтан шинжилгээг мөн авч байгаа.
Нийт 14 нислэгээр 12 улсаас зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсан. Эдгээрээс дурдвал Туркээс 14, Арабын нэгдсэн эмират улсаас найм, Тайландаас дөрвөн тохиолдол батлагдсан байна. Эдгээр нь ихэвчлэн бүлэг аялал зохион байгуулсан хүмүүсээс илэрсэн. Тиймээс иргэд ухамсартай хандаж, аялал төлөвлөх хугацаагаа сайтар анхаарахыг хүсч байна.
Омикроны шинж тэмдгийг хөнгөн гэж үзэж болохгүй. Улс орнууд омикроноос хамгаалах гол арга хэмжээг дархлаа сэргээх нэмэлт тун гэж үзэж байгаа. Их Британи энэ оны сүүл гэхэд бүх иргэдээ нэмэлт тунд хамруулахыг зорьж байгаа юм байна.
Манай улсын хувьд омикрон хувилбарын хүчтэй давлагаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулахад голчлон анхаарч байгаа. Одоохондоо дотоодод халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд үргэлжлүүлэн хилийн хяналтаа сайн тавина. Тиймээс иргэдээ аль болох гадаад улс руу явахгүй байхыг уриалж байна. Онцын шаардлагагүй бол гэр бүл, улс орноо эрсдэлд оруулахаас сэргийлээрэй.
Холбоотой мэдээ