Ньюс агентлагийн сэтгүүлч ОХУ-аас мэдээлж байна.
“Ази, Европын хооронд дамжин өнгөрүүлэх "Транзит Монгол" болгох зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, хил дамнасан төмөр зам, авто зам эрчим хүчний шинэ коридор бий болгох идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо. Манай хоёр улсын хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөн хүрээнд ажиллаж ирсэн сайхан уламжлал байдаг. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийлье.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний дэвшүүлсэн Их Евроазийн түншлэл байгуулах санаачилгыг Монголын тал дэмжиж, бүс нутгийн худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зорилготой хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цар тахлын амаргүй нөхцөлд ч урагшаа үргэлжилж байна. Миний бие өнөөдрийн хэлэлцээрийн үр дүнд сэтгэл хангалуун байна”. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үг. Түүний маш шахуу хөтөлбөртэйгөөр ОХУ-д хийж буй хоёр өдрийн айлчлалын хамгийн гол арга хэмжээ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ганцаарчилсан уулзалт хийсэн нь байлаа. Хоёр улсын тэргүүн нар гурван цаг гаруй уулзалт хийсэн юм.
Ганцаарчилсан уулзалтын талаар Кремлийн эзэн хэлсэн үгийг эшлэл болгон сонирхуулж байна. Тэрбээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр хамтарсан тунхаглал гаргасан” тухайгаа онцлоод "Оросын эрчим хүчний компаниуд Монголын шатах тослох материалын дотоодын зах зээлд орж ажиллах сонирхолтой" болохоо илэрхийлсэн юм.
-Орос улс Монгол Улсад эрчим хүч нийлүүлдэг найдвартай түнш бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээний 80 хувийг хангадаг.
-“Роснефть” компани шинэ нисэх онгоцны буудалд шатахуун нийлүүлэх сонирхолтой байна.
-Оросоос Хятад руу Монголын нутгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн төсөл боловсруулах шатандаа байгаа.
-Хамгийн оновчтой маршрут, урт зэрэг үзүүлэлтийг гаргаж, ТЭЗҮ боловсруулсан.
-Өнгөрсөн жил манай улсын компаниуд Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчилсэн.
-Гуравдугаар дулааны цахилгаан станцыг шинэчлэх өөр нэг хамтарсан төслийг боловсруулж байна.
-Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах ирээдүй бий.
-Монгол Улсад Цөмийн шинжлэх ухааны төв байгуулна.
-Монголын эдийн засгийн салбарыг хөгжүүлэх үүднээс атомын судалгааг хийх боломжтой.
-Орос, Монгол хоёр улс цаашид байгаль орчны хамгаалалтын салбарт чухал төслийг хамтран хэрэгжүүлнэ.
-ЮНЕСКО-гийн өв хэмээн бүртгэгдсэн Байгаль, Таир нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлнэ.
-Хил дамнасан гол мөрнийг хамгаалахад хамтран ажиллана.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал үргэлжилж байгаа бөгөөд ОХУ-ын Засгийн тэргүүн М.В.Мишустин болон Холбооны хурлын хоёр танхимын дарга нартай уулзана.
Холбоотой мэдээ