Бодит ертөнцийг өөрчлөх технологи – Metaverse

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

Бодит ертөнцийг өөрчлөх технологи – Metaverse

Бодит ертөнцийг өөрчлөх технологи – Metaverse

"Facebook" компани өөрсдийн нэрээ "Meta" болгон өөрчилж, "Metaverse" хэмээх цоо шинэ төслөө танилцуулсан билээ. Марк Цукерберг үүнийг компанийхаа болон интернетийн дараагийн үе шат хэмээн тодорхойлсон юм.


“Metaverse” гэж юу вэ?

Бидний өдгөө ашиглаж буй интернет хоёр хэмжээст орчин бол "Metaverse" бол гурван хэмжээст орчин. Хүмүүс "VR" буюу хиймэл бодит орчин болон "AR" буюу баяжуулсан бодит байдалд өөрсдийн аватарыг бүтээж, бие биетэйгээ мөн дижитал объектуудтай харьцах боломжтой. Зарим мэргэжилтнүүд үүнийг маш олон хүн онлайнаар дүрд хувирч тоглох тоглоом, хиймэл бодит байдал, вебийн хослол гэж үздэг.

"Metaverse"-ийг ерөнхийдөө одоогийн интернетийн дараагийн үе гэж төсөөлж болно. Хүмүүс ирээдүйд үүгээр дамжуулан хоорондоо харилцаж, тоглож, дэлгүүр хэсч, ажлаа хийх боломж бүрдэнэ.

Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Нил Стивенсон 1992 онд бичиж байсан өөрийн “Snow Crash” хэмээх зохиолдоо “Metaverse” гэх нэр томъёог анх ашиглаж байжээ. Энэхүү зохиолын гол баатар Хиро өөрийн аватарыг бий болгож, хиймэл ертөнцөд адал явдал эрэлхийлдэг аж. Үүнээс санаа аван Марк Цукерберг өөрийн компаниа нэрлэсэн гэнэ.

Хамгийн гол энэ нь орчин бодитоор оршдоггүй.

Metaverse дэх боломжууд

"Metaverse" бол бизнес цэцэглэн хөгжих шинэ гарц. Энэхүү платформ дээр та найзуудтайгаа уулзаж, ажлынхантайгаа хуралдаж, байр авч, дэлгүүр хэсч, бизнес эрхлэх боломжтой. Гэхдээ танд юуны өмнө дижитал түрийвч болон зарим тохиолдолд крипто валют хэрэгтэй.

Хэрэв та газар авахыг хүсвэл одоогоор "Decentraland", "Sandbox", "Somnium", "Cryptovoxels", "Upland" зэрэг платформууд газар худалдаалж, мөн түрээслүүлж байна. Та өөрийн төсөвтөө тааруулан дээрх платформуудаас газар худалдан авч болохоос гадна үнийн санал тавих, тохиролцох давуу талтай.

Технологи, үл хөдлөхийн мэргэжилтнүүд ирээдүйд "Metaverse" дэх байр, газрын үнэ нэмэгдэнэ гэж үзэж байна. Саяхан "Metaverse" дэх үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч Малайзын "Republic Realm" компани 4.3 сая ам.доллараар "Sandbox" платформ дээр дижитал газар зарчээ.

Саяхан крипто валютаар гүйлгээ хийдэг "Shopping.io" сайт өөрсдийн “shopverse” гэх нэртэй “Metaverse”-д анхны худалдааны их дэлгүүрээ нээжээ. Тус сайт нь 200 гаруй крипто валютаар гүйлгээ хийхийг зөвшөөрдөг гэнэ.

Зул сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан миллениал болон "Gen-Z" үеийнхэн баярын бэлэг болгон крипто валют, "NFT", "Metaverse" дэх дижитал газрыг бусдад бэлэглэх төлөвтэй байгаа аж. Өнгөрөгч арваннэгдүгээр сард крипто валютын зах зээл 3 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд “bitcoin” болон “ethereum”-ийн үнэ бүх цагийн үеийнхээ дээд цэгт хүрчээ.

Урлаг, хөгжим, тоглоомын NFT буюу блокчэйн технологиор баталгаажсан дижитал бүтээлийн хэрэглээ, ханш нэмэгдэх төлөвтэй байна.

"Metaverse"-ийн адилаар сүүлийн үед "NFT" гэх нэршил тренд болж байна. Саяхан реппер "Snoop Doggs" өөрийн 1000 ширхэг "NFT"-ийг борлуулан “Metaverse”-ийн “Sandbox” платформ дээр өөрийн тоглолтоо хийсэн. Түүний нэгэн дэмжигч шүтээнтэйгээ "Metaverse" дээр хөрш болохын тулд 450 мянган ам.доллар төлсөн аж.

“Metaverse”-ийн ирээдүй

Автомашин, хувцас загварын дэлхийн томоохон брендүүд ирээдүйд "Metaverse" руу чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хандлагатай байна. Зарим нь хэдийнэ үйл ажиллагаа хэрэгжүүлээд байгаа бөгөөд Японы "Uniqlo" бренд "Minecraft" дээр, "Balenciaga" бренд "Fortnite" дээр дижитал хувцасны загваруудаа гаргажээ.

Сүнсний баяраар Мексикийн түргэн хоолны сүлжээ болох “Chipotle” "Roblox" дээр өөрсдийн дижитал салбараа байгуулж, анхдагч болсон. Харин "Ferrari" "Fortnite" дээр "296 GTB" загварын автомашинаа гаргасан.

"296 GTB" загварын автомашин нь 2022 он хүртэл бодит ертөнц дээр зарагдахгүй атал "Fortnite" тоглоомон дээр хэдийнэ нээлтээ хийжээ. Мөн "Nike", "Roblox" тоглоомон дээр “Nikeland” хэмээх өөрсдийн ертөнцийг үүсгэж, дижитал пүүзний “RTFKT” компаниа байгуулав. Интернетийн ирээдүй гэгдэж буй Metaverse”-ийг цаашид бодит ертөнцийг орлоно гэж олон хүн шагшин магтаж мөн эмээж байна.

Хэрэв та бүхэн "Metaverse"-ийн талаар илүү их мэдэхийг хүсвэл "Ready Player One" киног үзэхийг санал болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж