Эрүүл мэндийн яамнаас 14 хоногт тутамд Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбоотой нэгдсэн мэдээллийг өгч байгаа билээ.
УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр:
-Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 86 оронд омикрон хувилбар бүртгэгдээд байна. ДЭМБ-аас улс орнуудын шинэ нөхцөлд бэлэн байхыг уриалж байна. Улс орнуудын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадамж буурч, сульдаж байна.
Халдварын тархалт мутацид орж тархсанаас үүсэх эрсдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тухайлбал, 1-2 сарын дараа дэлхийн олон оронд дельта болон омикрон хувилбарын оргил үе гарах магадлал их байна. Омикрон хувилбарын нууц үе богиносч, халдвар тархах эрсдэл өндөр болсон. Үүнээс болж шинж тэмдэг нуугдмал байж, олон хүнд халдвар тарааж байгааг ДЭМБ анхааруулж байна. Монголчууд томуугаар олноор өвддөг, хавсарсан өвчлөл их тул омикрон хувилбараар өвдвөл хүндрэл их гарна. Тиймээс дахин өвдөх эрсдэлээс хамгаалж иргэд халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлах хэрэгтэй.
Арванхоёрдугаар эхний хоёр долоо хоногийн байдлаар халдварын батлагдах тохиолдол 90 хувь буурсан. Бид омикроны халдвараас хамгаалахын тулд хилийн халдвар хамгаалалтын дэглэмийг чангатгах шаардлагатай байна. Зайлшгүй шаардлагагүй тохиолдолд гадаад улс руу зорчихгүй байхыг анхааруулъя.
ОХУ-ын хувьд зөвхөн зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсан байгаа. Одоогийн байдлаар ОХУ, Энэтхэгээс ирж байгаа иргэдийг тусгаарлалтад оруулах талаар зөвлөмж гаргаагүй.