Британийн арлуудыг донсолгосон АГУЭРООООО | News.MN

Британийн арлуудыг донсолгосон АГУЭРООООО

Британийн арлуудыг донсолгосон АГУЭРООООО

Британийн арлуудыг донсолгосон АГУЭРООООО

Барселона клубын Аргентин довтлогч Серхио Кун Агуэро эрүүл мэндийн шалтгааны улмаас 33 насандаа их спортоосоо зодог тайлж буйгаа зарлалаа. Тэр бол энэ спортын түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг маргаангүй мөн билээ.


ЭЭЖИЙНХЭЭ ОВГИЙГ АВСАН НЬ

Таксины жолооч Лионель болон гэрийн үйлчлэгч Адриана нар нийт долоон хүүхэдтэй. Адриано насанд хүрээгүй байхдаа Агуэро болон түүний эгч Жессика нарыг төрүүлжээ. Залуухан Лионель дель Кастилло жирэмсэн эхнэр болон охиныхоо хамтаар Буэнос Айресын ядуусын дүүрэг болох Гонзалес Катан дүүрэгт амьдарч байх үеэр байшин нь үерт автаж, хоног төрүүлэх газаргүй болж байв. Тэд гэртээ эргэн харих хүртлээ сургуулийн спорт заалны шалан дээр хоёр долоо хоногийг өнгөрүүлсэн гэнэ. Адриана төрөх гэж Буэнос Айресын төвийн нэр хүндтэй эмнэлэгт очсон ч нөхөр нь эмнэлгийн төлбөр төлөх боломжгүй байсан учир хотын зэргэлдээх Ла Матанза дахь нэгэн жижигхэн эмнэлэгт Серхио Агуэрог 1988 оны зургадугаар сарын 2-ны 15:23 цагийн орчимд төрүүлжээ.

Гэтэл гэнэт асуудал гарч ирэв. Агуэрогийн ээж, аав хоёр насанд хүрээгүй, гэрлээгүй байсан тул төрсний гэрчилгээн дээр нь Серхио дель Кастилло хэмээн бүртгэхээс татгалзжээ. Арга ядсан хосууд Адрианагийн ааваар хүүгээ овоглож, Серхио Агуэро гэх нэр Аргентины иргэний бүртгэлд бүртгэгджээ.

Агуэрогийн эгч дүү нар болох Есика, Габриэль, Маира, Дайана, Маврики, Гастон нар бүгд “дель Кастилло” овогтой.

Агуэро багадаа Японы Ванпакү Омакүши Күмү Күмү гэх хүүхэлдэйн кинонд дуртай байсан бөгөөд үүнээс улбаалан түүнийг Кун хэмээн дуудаж, эцэст нь бид бүхний мэдэх Серхио Кун Агуэро гэх нэр бүтжээ.

ИНДЕПЕНДЬЕНТЕ”-ИЙН ХҮҮ ИСПАНИД ГЯЛАЛЗАВ

Латин Америк хүүхдүүдийн адил Агуэро багаасаа хөлбөмбөгтэй нөхөрлөж, амьдралаа өөрчлөх ганц боломж энэ гэдгийг ухаарсан хэрэг. Тэрбээр Индепендьенте багийн хүүхдийн академид есөн настайдаа элсч, 15 нас 35 хоногтойдоо мэргэжлийн хөлбөмбөгийн анхны тоглолтдоо оролцож байв. 2003 оны долдугаар сарын 5-ны өдөр Индепендьенте талбайдаа Сан Лоренцо де Алмагро багийг хүлээн авсан тоглолтын 69 дэх минутад залуухан хүү Эммануэль Ривасаар сэлгэгдэн талбайд гарсан. Тухайн тоглолтын дараа Аргентины хэвлэлүүд Агуэрогийн талаар шуурч, сайн тоглолт үзүүлсэн гэж дүгнэв. 2005 он гэхэд Агуэро багийнхаа гарааны тоглогч болж, Нидерландад болсон 20 хүртэлх насны дэлхийн аваргад оролцох Аргентины шигшээд дуудагджээ.  Энэ үед тэрбээр дотны анд, хүүгийнхээ загалмайлсан эцэг Лионель Месситэй танилцсан гэнэ.

2005 оны 20 хүртэлх насны дэлхийн аваргад Аргентин түрүүлж, Лионель Месси мэргэн бууч болж байлаа.

2005-2006 оны улиралд Агуэро Аргентины дээд лигт 36 тоглолтод 18 гоол оруулж, Европын томчуудын анхаарлыг татав. Залуу хүүг 2006 оны Германд болох дэлхийн аваргад оролцох Аргентины шигшээд дуудагдана гэж олон хүн хүлээж байсан ч тийм зүйл болсонгүй. Ийнхүү Испанийн нийслэлийн Атлетико Мадрид клуб 2006 оны тавдугаар сард 20 сая еврогоор Агуэрог худалдан авснаа зарлаж, түүний Европ тив дэх их аялал эхэлсэн түүхтэй. Фернандо Торрес Английг зорьсны дараа Аргентины Агуэро, Уругвайн Форлан гэх Латин Америк довтолгооны хослол Колконеросыг чимж, Ла лигийн хамгаалагчдын толгойны өвчин болж байлаа.

Аргентины Агуэро, Уругвайн Форлан

АГУЭРООООО

Атлетико Мадрид олон шилдэг довтлогчдыг бэлтгэн гаргадаг уламжлалтай. Фернандо Торрес, Серхио Агуэро, Диего Форлан, Фалкао, Диего Коста, Антуан Гризманн, Жексон Мартинез, Жимми Флойд Хасселбайнк тэргүүтэй шилдгүүд энэ багт өсч дэвжин хожим нь Европын том багуудад гангардаг. 2008 оны есдүгээр сарын 1-ний Араб тэрбумтан Шейх Мансур Английн Премьер лигийн Манчестер Ситиг худалдан авснаа зарлаж, багтаа эрс өөрчлөлт хийж эхэлсэн. Хэрэгтэй, хэрэггүй, авьяастай, авьяасгүй олон тоглогчдыг өндөр үнээр худалдан авч, Англи дахь Ситигийн эрин үеийг эхлүүлэв. Үүний хүрээнд 2011 оны долдугаар сарын 28-ны өдөр тэд 35 сая фунтээр Атлетико Мадридаас Агуэрог худалдан авч, таван жилийн гэрээ байгуулсан. Дугаар 16, өмсгөлийнх нь ар дээр Кун Агуэро гэж бичигдсэн Аргентин эр эхний тоглолтоосоо л Англид “түймэр” тавьж, Британийн арлуудаар цуу алдраа дуурсгав.

Атлетико Мадрид болон Манчестер Ситид үзүүлсэн сайн тоглолтынхоо ачаар Серхио Агуэро 2011 оны Баллон д’Ор буюу Алтан бөмбөгт анх удаагаа нэр дэвшсэн.

2011-2012 оны улирлын Манчестер Ситигийн довтолгооны бүрэлдэхүүнд Марио Балотелли, Карлос Тевез, Серхио Агуэро, Эдин Жеко гээд нэрийг нь л сонсоход сүрдэм тамирчид байлаа. Тухайн улиралд Манчестер хотын хоёр баг лигтээ бусдаасаа оноогоор хол тасарч, цомын төлөө хоорондоо өрсөлдөж байлаа. Юнайтед болон Сити хоёулаа 37 тойргийн дараах байдлаар 86 оноотой 38 дугаар тойрогтой золгосон юм.

Премьер лигийн дүрэм ёсоор сүүлийн тойргийн бүх тоглолтууд зэрэг эхлэх ёстой бөгөөд Манчестер Сити КПР-ийг заавал хожиж байж, 44 жилийн лигийн цомын ган гачгаа тайлах байв.

2012 оны тавдугаар сарын 13.

Этихад цэнгэлдэхэд Манчестер Сити – Куинз Парк Рейнжерс багуудын тоглолт, Стадиум оф Лайтад Сандерлэнд – Манчестер Юнайтед багуудын тоглолт зэрэг эхлэв.

Этихад дахь тоглолтын эхний гоолыг Забалета оруулж, Сити илүү гарсан ч эсрэг талаас Жибрил Сиссе, Жэймс Макги нар дараалан гоолдож, Куинз Парк Рейнжерс (КПР) хожиж эхлэв. Хэдийгээр КПР хүн дутуу арвуулаа талбайд үлдсэн ч Сити тэдний хамгаалалтыг нэвтэлж чадалгүй тоглолтын үндсэн цаг дуусч, шүүгч таван минут сунгав. Нөгөө талд Манчестер Юнайтед Рунигийн ганц гоолоор Сандерлэндыг буулган аван албан бусаар баяраа тэмдэглээд эхлэв. Тэр үед Юнайтедын хамгаалагч Фил Жонес талбай дээр баяраа тэмдэглэн, гүйж байсан дүр зураг одоо ч нүдэнд тодхон харагдана.

Сити хожсоныг мэдсэн Фил Жонес цомоо эцсийн мөчид алдсанаа ухаарав

Ситигийнхэн таван минутад хоёр гоол оруулах хүндхэн даалгавартай болсон. Гэтэл 90+2 дахь минутад Давид Силвагийн булангийн цохилтоос өгсөн дамжуулалтыг Эдин Жеко мөргөн гоол оруулж, тооны харьцааг 2-2 болгов. Одоо хотыхонд лигтээ түрүүлэхэд ердөө ганцхан л гоол хэрэгтэй. Тэд ээлж дараалан довтолсоор, цаг явсаар.

“Сандерлэндэд тоглолт дуусчээ. Юнайтед өөрсдийн ажлаа гүйцэтгэж, гурван оноогоо авсан байна. Харин энд Манчестер Сити одоо ч цомын өрсөлдөөнд амьд хэвээр байна. Балотелли, АгуэрООООООООО. Би амлъя та нар үүн шиг зүйлийг дахиж хэзээ ч харахгүй” хэмээн Английн алдарт тайлбарлагч Мартин Тайлер ярьж байлаа.

Этихад цэнгэлдэх тэр мөчид “нурсан”. Ситигийн 48 мянган фанатууд 44 жил хүсэн хүлээсэн лигээ цомоо хүртэж, Роберто Манчини юу хийхээ мэдэхгүй гүйж, үсэрч байсан бол Агуэро Англид ирсэн хэргээ бүтээсэн. Тэр Ситид ирсэн эхний улиралдаа л 35 саяынхаа өрийг төлсөн. Гоолынхоо талаар Агуэро “Замналынхаа хамгийн чухал гоолыг орууллаа. Сүүлийн мөчид цомын хүртэх гоол оруулна гэдэг гайхалтай. Дахиж миний замналд ийм зүйл тохиох эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед Мариог өөрөө цохино гэж бодсон. Гэтэл тэр дамжуулж, миний хөлд бөмбөг ирсэн. Тэр үед би дотроо “Хаалга руу цохь. Цохиж чадах хамгийн хүчтэйгээрээ хаалга руу цохь” гэж хэлсэн. Тэгээд л гоол орсон” хэмээн дурсчээ.

НУЛМИСТАЙ ТӨГСГӨЛ

Манчестер Ситид өнгөрүүлсэн хугацаандаа Серхио Агуэро дотоодын бүхий л тэмцээнүүдэд түрүүлж, гоолын бороог улирал бүр оруулсан. Сити дэх сүүлийн улирал нь хүссэнээр нь болоогүй. Улирлын эхэнд бэртэл гэмтлээс салаагүй тэрбээр улирлын төгсгөлд УЕФА Аваргуудын лигийн финалд Челсид хожигдон хамгийн ихээр хүссэн дэлдэн чихт цомоо өргөж чадаагүй.

Ийнхүү 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр Манчестерийг албан ёсоор орхиж, Барселонад ирэв. Түүний хүсэл нь тамирчны замналынхаа сүүлийн жилүүдийг Месситэй хамт өнгөрүүлэх байсан. Гэвч Месси Парисыг зорьж, Агуэрогийн хүсэл талаар болсон. Бэртлийн улмаас тааллаараа тоглож чадахгүй байсан тэрбээр өнгөрөгч аравдугаар сард Барселонагийн төлөөх анхны тоглолтдоо оролцож, үүнээс долоон хоногийн дараа анхны Эль Класикодоо зодоглож, багийнхаа ганц гоолыг оруулсан. Гэвч Алавес багтай хийсэн тоглолтын үеэр түүний зүрхний хэм алдагдаж, эмнэлэгт хүргэгдэв. Анхандаа Агуэро гурван сарын хугацаатай хөлбөмбөгөөс завсарлана гэж байсан ч энэ долоо хоногийн хэвлэлийн бага хурал хийн, зодог тайлж буйгаа зарлалаа.

Өнөө цагийн дэлхийн хөлбөмбөгийн тод оддын нэг байсан тэрбээр хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Үнэхээр хүнд мөч байна. Энэ шийдвэрийг би эрүүл мэндийнхээ төлөө гаргаж байна. Сар хагасын өмнөөс л би асуудалтай болсон. Би сайн эмч нарын хяналтад байгаа. Талбайд гарах боломжтой бүхий л зүйлсийг хийсний эцэст болохгүй гэдгээ ойлгон шийдвэрээ гаргалаа. Өөрийн замналаараа би бахархаж байна. Таван настайдаа анх бөмбөгт хүртсэн цагаасаа л мэргэжлийн хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байлаа. 18 настай надад боломж олгосон Атлетико Мадридад болон Манчестер Ситид баярлалаа. Хүн бүр намайг Ситид ямар сэтгэлтэй мэднэ. Тэд ч надад сайн хандсан. Дэлхийн шилдэг клубуудын нэг Барсад ирэх гайхалтай байлаа. Гэхдээ юмс шалтгаантай. Эцэст нь Аргентины шигшээ багтаа маш их хайртай шүү” гэжээ.

Харин Месси найздаа зориулан “Бид хамтдаа энэ бүгдийг тууллаа, Кун. Бид хамтдаа олон гайхалтай мөчүүдийг өнгөрүүллээ. Энэ бүх мөчүүд биднийг дотны найзууд болголоо. Цаашдаа ч талбайн гадна олон гайхалтай мөчүүдийг өнгөрүүлнэ. Шинэ амьдралд чинь амжилт хүсье. Найздаа маш их хайртай шүү. Аргентины шигшээд өнгөрүүлсэн гайхалтай мөчүүдээ би санан дурсах болно” гэжээ.

Лионель Месси бол Агуэрогийн том хүү Бенжамины загалмайлсан эцэг нь. Дашрамд дурдахад, Серхио Агуэро домогт Диего Марадонагийн бага охин Жианнинатай гэрлэж байсан бөгөөд дундаасаа Бенжамин хэмээх хүүтэй. Өөрөөр хэлбэл, Бенжамины өвөө нь домогт Диего Марадона, аав нь Серхио Агуэро, загалмайлсан эцэг нь агуу Лионель Месси. Хосууд 2008 онд гэрлэж, 2012 онд салжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зээл 2021-12-17 151.82.36.161

SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ.

Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 евр

Avatar

Зочин 2021-12-17 213.87.131.171

===== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

fanat 2021-12-17 202.126.88.168

Энэ хүү хөлбөмбөгчин болбол уу, аав нь Агуэро, өвөө нь Марадона, загалмайлсан эцэг нь Месси…

Avatar

К.К.К. 2021-12-17 202.72.242.139

Серхио – Ты один из лучших форвардов Аргентины и Мира.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж