Сурвалжлага: Өрийн дэвтэр зузаарч, өрхийн орлого нимгэрэв

Хуучирсан мэдээ: 2021.12.17-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Өрийн дэвтэр зузаарч, өрхийн орлого нимгэрэв

Сурвалжлага: Өрийн дэвтэр зузаарч, өрхийн орлого нимгэрэв

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн халаас нимгэрсэн дүр төрх хаа сайгүй байна. Үүний нэг жишээ нь өрийн дэвтэр. Иргэдийн худалдан авалт, цалин орлого амьжиргаанд хүрэлцэхгүй байгааг өрийн дэвтрээс харж болно.

Цуврал сурвалжлагынхаа энэ удаагийн дугаарыг Баянзүрх дүүргийн захын гэр хорооллын хүнсний дэлгүүрээс бэлтгэлээ. Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны гудамж дундах хүнсний дэлгүүрээр орлоо. Худалдан авагч цөөнтэй, ганц нэг хүн элэгний нухаш, талх, сүү авахаар зогсч байлаа.

Худалдагч Ж.Эрдэнэчимэгийн хэлснээр сүүлийн үед зээл гуйхаар орж ирсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг хэллээ. Ихэнх нь цалингаа буухаар өгнө гээд алга болдог бол, зарим нь халамж, хүүхдийн мөнгө буухаар зээлээ төлдөг айлууд байгааг хэлэв. Өрийн дэвтэр бол иргэдийн амьжиргааны түвшин ямар байгаа илтгэх нэг жишээ.

Тус дэлгүүрийн өрийн дэвтэр энэ сар гарснаар гурван хуудас “нэрээр” дүүрчээ. Тус дэлгүүрт багадаа 15 мянга, хамгийн дээд тал нь 100 мянган төгрөгийн зээлтэй айлууд байна. Сүүлийн саруудад орлого 30 хувиар буурсан гэдгийг худалдагч хэлж байлаа.

ХҮҮХДИЙН МӨНГӨ, ХАЛАМЖ БУУХААР ӨГЬЕ ГЭДЭГ

Худалдагч Ч.Уранчимэг:

-Эднийх  гэхэд халамж авдаг айл. Өр нь 200 мянга болчихсон. Дүү нь ирж өрийг нь дарж өгсөн. “Эгч чинь халамж буугаагүй гээл өрөө өгөхгүй удаад байна. Чи эгчийнхээ өрийг дараад өг” гэж байгаад өрийг нь даруулсан. Зарим айлууд зээлээ өгч чадахгүй байна. Бүр хэцүү боломжгүй айлуудад зээл өгч  чаддаггүй. Бид чинь ардаа амьдралтай улс шүү дээ. Өрийн дэвтэрт нэрээ бичүүлсэн хүмүүсээсээ тал мөнгийг нь ч болтугай өгөөч гээд гуйгаад л явна.

Иргэд цалингаас цалингийн хооронд өр тавиад явж байна. Зээл өгөхгүй байх хэцүү. Иргэдийн худалдан авалт их муудсан. Талхан дээр 100 төгрөг нэмж “харна”. Амьдрал үнэхээр хүнд байна. Энэ жоохон махыг авч чадахгүй шүү дээ.

Юмны үнэ нэмэгдээд байгаа болохоор заримдаа бид нарт уурлах юм. Зээл авахдаа хүүхдийн мөнгө, халамж буухаар өгье гээд орж ирдэг хүмүүс байдаг. Саяхан энэ сарын 13-нд хүүхдийн мөнгө буусан бөөн баяр. Одоо нөгөөдөх нь дуусахаар дахиад л өр тавина. Зарим нь амьдралаа болгох гээд ядаж байна. Байнга махан таташ авдаг айлууд ч байна.

Энд нэг барилга дээр ажилладаг залуу цалингаа авч чадахгүй байна гээд байнга зээл тавиад л байдаг. Нээх сайхан юм ярьдаг нь ховорхон доо. Хэдэн сараар өрөө өгөөгүй нэг айл байна. Хүмүүсийн худалдан авалт арай ч ийм байдаггүй байсан. Өдөрт талх тариа, боорцог сайн гүйдэг. Хил хаагдсантай холбоотой барааны сонголт муу болчихсон. Түүнийг дагаад үнэ нэмэгдчихээр хүмүүс их бухимдалтай хүлээж авч байна.

ӨДӨРТ НЭГ ХУУДАС ӨР БИЧИГДЭЖ БАЙНА

Худалдагч бүрийн хэлж буй нэг зүйл нь худалдан авах чадвар эрс муудаж, иргэд хоолны л хэрэгцээний бараа зээлээр авч байна гэдгийг хэлж байв. Тус дэлгүүртэй ойр бас нэгэн хүнсний дэлгүүрээр орвол өрийн дэвтэр нь өдрөөс өдөрт зузаарч байгааг онцолж байлаа.

Худалдагч Ц.Одсүрэн:

-Иргэдийн худалдан авалт муу байна. Юмны үнэ өсчихсөн, долоо хоногт 2-3 удаа татан авалт хийхэд 100-300 төгрөг нэмэгдчихсэн байх юм. Эхэндээ хүмүүс уурлаад байдаг байсан. Одоо бол дөжирсөн. Өр бол аймаар. Өдөрт нэг хуудас өр бичигдэж байна. Зээл аваад буцаагаад өгдөг хүмүүс ч бий. Зарим нь тэр чигээрээ “голорч” байна.  Буцаагаад өрөө нэхэхэд хэцүү байх юм. Ажил хийгээд  ч нэмэргүй олон хүүхэдтэй хүмүүсийн цалин хаана ч хүрэхгүй. Урд хормойгоор, хойд хормойгоо нөхөж байгаа харагддаг. Төсвийн цалинтай хүмүүс үнэхээр хэцүү байна. Сүүлийн үед байнга зээл өгөөч гэсэн хүмүүс олширсон. Тийм хүмүүсийг харахаар олон хүүхэдтэй эсвэл нэг нь ажил хийдэг, халамжаар амьдардаг хүмүүс яалт ч үгүй зээл авч байна. Өдөрт дор хаяж 15 хүн зээл авдаг. Манайх архины зээлийг огт өгдөггүй.

АРХИНЫ ГҮЙЛГЭЭ БУУРСАН

Зарим хүнсний дэлгүүрт өмнө нь хамгийн их гүйлгээтэй байсан архи зарагдахгүй байгааг хэлж байв. Учир нь өнөөдрийн хоолоо авч байгаа, авах мөнгөгүй хүмүүс юун архи худалдан авах, дэлгүүрүүд ч архи зээлээр өгдөггүй гэдгийг худалдагчид онцолж байлаа.

Б.Батцэцэг:

-Худалдан авах чадвар буурсан. “Юмны үнэ нь ямар их нэмэгдэж байна аа” гээд гайхсан хүмүүс байна. Одоохон мөнгө орж ирнэ гээд зээлсээр байгаад 100 мянга гараад зээлдэг хүмүүс бий. Хамгийн дээд тал нь 200 мянгөн төгрөгийн зээлтэй хүн байгаа. Зээлээ өгөхгүй сар гаруй болж байгаа хүмүүсийг өгөх байх гээд хараад сууж байна. Баахан карт тавиад алга болдог. Цалингаа буухаар зарим нь найдвартай өгдөг. Манай энэ  хавийнхан арай ч  талх, махаа граммлахгүй. Хил хаалттай бараа ховордчихсон. Жишээ нь Максим кофе, бэлэн гоймонгийн үнэ нэг дахин өссөн. “Хараа” архи их гүйдэг байсан бол одоо багасчихсан.

Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдэд санхүүгийн хувьд дарамт болж худалдан авах чадварыг дордуулж байгааг дээрх жишээнээс харлаа. Сүүлийн саруудад өрхийн орлого буурсан ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сар бүр тогтмол нэмэгдсээр буйг бид өмнө нь мэдээлсэн. Гэвч Үндэсний статистикийн газраас гаргасан тайлан бодит байдалтай нийцэхгүй байгаа юм.

Өнгөрсөн жилд эдийн засаг зургаан хувиар агшиж, өмнөх оны гуравдугаар улиралд гэхэд л 70 мянга гаруй ажлын байр хумигдсан гэсэн судалгаа гарсан. Энэ хэрээр ажилгүй иргэдийн тоо өсч хүнсний дэлгүүрээс хүнсээ зээл авах иргэд нэмэгдсэн байна.

Цар тахлын улмаас үүссэн эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг олон талаас нь судалсан судалгаанууд хийгдэж байгаа. Гэвч иргэдийн өнөөгийн амьдрал, өрхийн эдийн засгийн бодит байдлыг хамгийн ойроос, хамгийн бодитоор нь хүнсний дэлгүүрийн өрийн дэвтрээс харж болохоор байна.

 

Гэрэл зургийг : Л.Энх-Оргил

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж