"Союз МС-20" модулиар сансарт аялсан Японы жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ ОХУ хийлээ. Тус модулийг Казахстанд аюулгүй газардсаны дараа аврах, эрэн хайх ажиллагаа явуулах сургуулилалтыг ОХУ-ын талаас зохион байгуулав. Сургуулилалтад ОХУ-ын төв цэргийн дүүргийн алба хаагчид болон Уралын Челябинск хотын аврах баг, Казахстаны 50 орчим аврагч, нийт 200 гаруй хүн оролцсон байна. Мөн аврах, эрэн хайх ажиллагаанд 12 ширхэг Ми-8 нисдэг, хоёр ширхэг АН-20 нисэх онгоц, АН-26 нисэх онгоц, 6 ширхэг аврах, нүүлгэн шилжүүлэх төхөөрөмж болон 20 орчим техник хэрэгсэл оролцжээ.
Сансрын аялалд Оросын сансрын нисэгч Александр Мисуркин, Японы тэрбумтан Юкасү, түүний туслах Ёзо Хирано нар сансарт 12 хоног болсны дараа арванхоёрдугаар сарын 20-нд газардах юм. Сонирхуулахад, Александр Мисуркин нь Тасс агентлагийн сурвалжлагч-сансрын нисэгч болж Олон улсын сансрын станцад байрлан ажиллахаар гэрээ байгуулсан билээ.
Энэ нь сүүлийн жилүүдэд АНУ-ын гарааны хэд хэдэн компаниуд сансрын аялал жуулчлалд хүч түрэн орж ирснийг гүйцэж түрүүлэхийн тулд хийж буй Оросын сансрын хөтөлбөрийн хувьд чухал мөч болж байна. ОХУ нь сансрын аялал жуулчлалын салбарт 10 жил идэвхгүй байв.
АНУ нь 2011 онд сансрын хөлгийг зогсоосны дараа зөвхөн ОХУ л Олон улсын сансрын станц руу хүмүүсийг тээвэрлэж байсан бол өнгөрсөн жил Элон Маскийн "SpaceX" компани NASA-гийн хоёр сансрын нисгэгчийг амжилттай хөөргөж чадсан юм.
Одоогийн байдлаар Орос АНУ-ын "Space Adventures" компанитай хамтран сансарт долоон жуулчин илгээжээ.
ЭХ СУРВАЛЖ: TASS
Холбоотой мэдээ