Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын шинжээч Х.Сүрэнхоролтой ярилцлаа.
-Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Энэ хуулийн хамгийн чухал ач холбогдол нь юу вэ?
-Хувь хүний нууцын тухай хууль 1995 онд батлагдсан. Зохицуулалтын хувьд хувь хүнд хамааралтай ердөө дөрвөн төрлийн мэдээллийг нууцад хамааруулж, хувь хүн өөрөө мэдээллийн нууцлалаа хадгалж хамгаалах зохицуулалттай явж ирсэн. Нөгөө талаас нийгмийн харилцаа өөрчлөгдсөөр буй энэ цаг үед хэрэгжээд 26 жилийн хугацаа өнгөрсөн хуулиар зарим төрлийн харилцааг зохицуулахад ихээхэн хүндрэлтэй байна.
Нэг жишээ бол хувь хүний нууцыг задруулах асуудал практикт ажиглагдаж байхад энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн таван жилийн хугацаанд жилд дунджаар 2-5 бүртгэгдсэн тоон мэдээ бий. Энэ бол эрх зүйн зохицуулалтыг зайлшгүй эргэж харах, тодорхой өөрчлөлтүүд хийх цаг болсныг харуулж байгаа юм.
Үүнийг ажлын хэсгийн хүрээнд судалж үзээд дэлхийн улс орнуудын практик, энэ дундаа Европын холбооны жишиг зохицуулалт, Эстони, Словень, Япон, Солонгос, Хятад, Тайвань зэрэг улс орнуудын туршлагаар Хувь хүний нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг жил гаруйн хугацаанд боловсруулж, одоо УИХ-аар батлагдах шатандаа явж байна.
1995 оны хууль маань нэршлийн хувьд өөрчлөгдсөн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль нэртэйгээр явж байгаа. Ер нь нууцын хууль гэхээсээ хувийн мэдээлэл хамгаалах гэсэн агуулгаар зохицуулж байгаа олон улсын практикийг харгалзаж үзсэн.
Гэхдээ Монгол Улсын үндсэн хуулиар тогтоосон хувь хүний нууцыг хамгаалах агуулга нь шинэчилсэн найруулгадаа хэвээр хадгалагдаж үлдсэн. Ерөнхийдөө хувь хүн мэдээллээ өөрөө хамгаалдаг концепцийг өөрчилж хувь хүн өөрийн мэдээллийг хадгалж хамгаалахаас гадна хувь хүний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа мэдээлэл хариуцагч нь мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах үүрэгтэй байхаар тогтоож өгсөн. Мөн тухайн хүнийг тодорхойлох мэдээллийн агуулгыг өргөжүүлж тогтоолоо.
-Олон нийтийн зүгээс энэ хуулийг иргэд гэхээс илүүтэй эрх баригч, өндөр дээд албан тушаалтнууд өөрийгөө хаацайлахад ашиглана гэх хардлага байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?
-Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн ерөнхий концепци юу вэ? гэхээр хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангаж хүний хувийн мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлөөр цуглуулах юм. Гэхдээ хуульд заасан бусад үндэслэлээр мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр хүний хувийн мэдээллийг цуглуулж болох зохицуулалт мөн байгаа. Түүнчлэн сэтгүүлзүйн зорилгоор, нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс хувийн мэдээллийг цуглуулах боломжтой. Тэгэхээр хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангана гээд өөрийгөө хаацайлах гэсэн асуудал гарахгүй гэж үзэж байна.
-Техник технологи хөгжиж, цахим орчинд санаатайгаар хувийн нууцад халдсан мэдээллийг түгээх тохиолдолд тооцох хариуцлага гэж бий юу? Эзэн холбогдогчийг тогтооход хүндрэлтэй юу?
-Хувийн мэдээллийн тухай хуулийн гол үзэл баримтлал бол хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг эзний зөвшөөрлийг авдаг байх. Одоогийн Эрүүгийн хуулиар хувь хүний нууцыг задруулсан бол хариуцлага хүлээлгэх зохицуулалт байгаа. Гэхдээ харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ялгамжтай тогтоогоогүй. Тийм учраас УИХ дээр Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцээд энэ талаарх зохицуулалтыг ялгамжтай тогтоож хүлээлгэх хариуцлагыг чангатгасан. Мэдээж энэ нь нийгэмд болон тухайн хувь хүнд учруулах хор аюулын хувьд харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглалгүйгээр хувь хүний нууцыг задруулсан үйлдлээс хүнд байх нь ойлгомжтой. Хоёр хүн хоорондоо бусдын нууцыг дэлгэнэ гэдэг нэг асуудал.
Харин олон нийтийн сүлжээгээр бусдын нэр төрд халдахуйц мэдээлэл цацна гэдэг өөр зүйл. Тиймээс хэрэв цахим сүлжээнд бусдын хувийн нууцыг задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэхээр тусгасан. Харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж хувь хүний нууцыг задруулсан хэргийн эзэн холбогдогч нь олоход хүндрэлтэй хэдий ч одоогийн хуулийн зохицуулалтаараа ч хууль сахиулах байгууллагад энэ үүрэг нь байгаа. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана гэсэн үг юм.
-Тэгвэл гүйцэтгэх ажиллагааны үеэр олж авсан бичлэгийг задалж, хувь хүний нууцад халдаж байгааг хэрхэн зохицуулах вэ?
-Гүйцэтгэх ажлын хуулиар зохицуулснаас бусад хувь хүний нууцтай холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулахаар тусгасан. Одоогийн Эрүүгийн хуулиар албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх зохицуулалт байгаа.
-Улс төрийн зорилгоор бусдын мэдээллийг нийтэд мэдээлэх нь их. Ялангуяа сонгуулийн жил их гардаг?
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль маань тухайн хүний мэдээллийг түүний зөвшөөрөлгүйгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр хувийн мэдээллийг замбараагүй цуглуулж, боловсруулж, ашиглах, цааш нь дамжуулахыг хориглох үүднээс олон улсын жишиг стандартад нийцүүлж боловсруулсан. Мэдээж хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах нь чухал. Хүний эрхийн үндэсний комисс хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана. Зөвхөн комисс гэлтгүй төрийн байгууллага, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага гээд бүх этгээд хувийн мэдээллийн хадгалалт, хамгаалалт дээр хариуцлага хүлээж ажиллана. Мөн энэ хүрээнд эрх нь зөрчигдсөн гэж үзвэл тухайн хувь хүний гомдол гаргах эрхийг бас баталгаажуулсан.
Хууль хэрэгжиж эхэлснээр хувь хүний мэдээллийг хамгаалах асуудал тодорхой ахиц гарна гэж харж байгаа. Энэ хууль ирэх оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Тэр хүртэл хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор бэлтгэл ажлыг хийх зүйлүүд байгаа. Сүүлийн жилүүдэд харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглаж хувь хүний нууцыг задруулж байгаа тохиолдол их гарч байгаа. Тийм ч учраас энэ төрлийн үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, зохицуулалтыг ялгамжтай тогтоосон талаар өмнө дурдсан.
–Хүний хувийн нууцад хамаарах мэдээллийг гүйцэтгэх ажиллагааны хүрээнд нийгмийн сүлжээнд тавьж байна. Эдгээр тохиолдолд Хувь хүний нууцыг хамгаалах хуулиар хариуцлага хүлээдэг үү?
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг дагаж боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр нийгмийн сүлжээнд бусдын нууцыг задруулсан үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг УИХ-аар хэлэлцэх явцад чангатгахаар заасан. Өмнө дурдсанаар мөн гүйцэтгэх ажлын явцад буюу албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалт Эрүүгийн хуульд байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалт бий.
-Хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг дэлгэж, түгээсэн тохиолдолд одоогийн хуулиар ямар хариуцлага хүлээж байна вэ?
-Эрүүгийн хуулиар хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол хүлээлгэх хариуцлагыг чангатгаж нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр өөрчлөн тусгаад байна.
–Хувь хүний мэдээллийг бусаар цуглуулсан тохиолдолд устгах зохицуулалт хуулийн төсөлд орсон уу?
-Хуулийн төсөлд тодорхой тохиолдолд цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа хүний хувийн мэдээллийг устгах зохицуулалт орсон. Хуульд зааснаас бусад аргаар олж авч, боловсруулж ашигласан бол тус мэдээллийг устгах зохицуулалт бий. Олон улсад ч энэ зарчмыг баримталдаг.
–Хуулийн төсөлд тусгасан өөр онцлог зохицуулалт юу вэ?
-Нийгмийн харилцаа өөрчлөгдөж, дэлхий ертөнц цахим шилжилттэй нүүр тулж байгаа энэ цаг үед тухайн хувь хүнд хамааралтай Хувь хүний нууцын тухай хуульд заасан эрүүл мэнд, захидал харилцаа гэх зэрэг мэдээллээс гадна тухайн хүний биеийн давхцахгүй өгөгдөл буюу биометрик /гарын хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч, нүүр царай гэх мэт/, генетик зэрэг мэдээллийг хадгалж хамгаалах асуудлыг мөн хөндөж зохицуулсан. Хүний биометрик мэдээллийг эрх зүйн зохицуулалтгүйгээс замбараагүй цуглуулж байгаа практикийг өөрчилж тодорхой хязгаар тогтооно. Мөн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулахад тавигдах шаардлагыг тогтоож, тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караокены өрөө, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор тусгаад байна.
-Сэтгүүлч хувь хүний нууцад хамаарах мэдээллийг цуглуулж, ашиглахдаа тухайн хүнээс зөвшөөрөл авах зохицуулалтыг хуулиас хасна гэж байсан?
-Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх явцад хуульд заасан тухайн хувь хүнд хамааралтай зарим мэдээллээс бусад мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр сэтгүүл зүйн зорилгоор, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс цуглуулж, боловсруулж, ашиглаж болохоор зохицуулалтыг өөрчилж тусгасан. Энэ хуулийн зохицуулалт нь сэтгүүл зүйн талаарх олон улсын болон дотоодын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байгаа.
Холбоотой мэдээ