Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсэн хөгжиж 110 жилийг ардаа үджээ. Өнгөрөгч хугацаанд хууль эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд дотоод хэргийн бодлогыг Монгол Улс хэрэгжүүлж ирсэн. Харин цаашид Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хувийн эрх зүйг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах аж. Учир нь хуульчдын дийлэнх нь нийтийн эрх зүйг судалж мэргэшсэнээр албадлагын шинжтэй, шаардлагатай үед хорьж цагдах хэлбэр давамгайлж буй. Тиймээс "Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр /2021.12.16/ зохион байгуулагдлаа.
Тус хуралд Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон хувийн эрх зүйгээр дагнасан мэргэжлийн багш, эрдэмтэн судлаачид, олон улсын төлөөлөгчид оролцсон юм. Сэдвийн хүрээнд хийсэн судалгааны ажил болоод хэлэлцүүлэг хэр сонирхолтой өрнөж, хурлын үр дүнг хэрхэн тодорхойлж буй талаар сурвалжиллаа.
ХЗДХЯ-ны гүйцэтгэж байгаа одоогийн үүрэг бусад улс оронтой харьцуулахад өвөрмөц. Бусад ихэнх оронд Хууль зүйн яам, Дотоод хэргийн яам нь салангид байдаг бол Монголд эдгээр яамыг нэгтгэсэн байдаг. Ингэснээр цагдаа, шүүхийн байгууллага, гадаадын иргэн харьяат, цагаачлалын алба, оюуны өмчийн байгууллага нь хууль сахиулах байгууллага гэж үзэж, Хууль зүйн яамны харьяанд байдаг билээ. Тэгэхлээр ардчилсан нийгэмд амьдарч байгаа хэн ч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа албадлагын шинжтэй заалтаар цагдан хоригдож, бизнесээ зогсоохгүй байх хувийн эрх зүйн асуудалд яам онцгой анхаарахаар болсон нь сайн зүйл. Харин гагцхүү бизнес эрхлэгчид улсдаа татвар төлөөд бизнесээ эрхлэх таатай орчинг бүрдүүлэхэд тус хувийн эрх зүйн шинэтгэл ямар нөлөөтэй болохыг илүүтэй сонирхлоо.
ХУВИЙН ЭРХ ЗҮЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД ОНЦГОЙ АНХААРАХ ШААРДЛАГА ИХ БИЙ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-ХЗДХЯ өнгөрсөн 110 жилийн хугацаанд Монгол Улсад үе үеийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн системчлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, дотоод хэргийн бодлогыг амжилттайгаар хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийтийн эрх зүйн салбарт эрх зүйн шинэтгэл эрчимтэй явагдаж, хууль, эрх зүйн орчин тодорхой хэмжээнд боловсронгуй болж байна. 1990 оноос хойш өмчийн олон төрөл хэлбэрийг хүлээн зөвшөөрч, хүний эрхийг дээдлэх, олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрөх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх, иргэний нийгмийг байгуулах зэрэг үйл явцтай зэрэгцэж манай улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлага үндсээрээ өөрчлөгдсөн гэж хэлж болно. Социалист эрх зүйн бүл тогтолцооны үед эрх зүйн тогтолцоог хувийн болон нийтийн эрх зүй хэмээн төдийлөн заагладаггүй байснаас хувийн эрх зүйн салбарын хөгжил сул байсан нь харагддаг.
Тиймээс хувийн эрх зүйн салбарыг хөгжүүлэх, иргэн, аж ахуй нэгж байгууллагууд зах зээлийн эдийн засагт аж ахуй эрхлэх боломжийг нээж өгөх, хууль ёсны шударга тогтолцоог шүүх хамгаалдаг, үүссэн хэрэг маргааныг шуурхай шийдвэрлэхийг энэ цаг үе маань биднээс зүй ёсоор шаардаж байгаа юм.
Тухайн улс орны эдийн засаг хурдацтай тэлж хөгжихтэй зэрэгцэн түүнтэй холбогдох бүхий л асуудлууд шийдэгддэг зүй тогтолтой. Иймд 2020 онд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа эдийн засгийн хөгжлийг дэмжсэн эрх зүйн шинэтгэлийг хийнэ гэдэг зорилтыг дэвшүүлсэн. Тэгвэл эдийн засгийг эрчимжүүлэх, түүнийг эрчимжихэд эрх зүйн хөгжлийг түргэтгэж, шинэтгэл хийх асуудал бидний өмнө тулгамдаж байна. ХЗДХЯ нь Монгол Улсын хууль тогтоомжийн 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичигт хувийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зорилтыг тусгаж, “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II”-ийг боловсруулж эхлээд байна.
Хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдийн хувьд сонирхолтой бөгөөд зөвхөн Монгол Улсад тулгамдаж буй асуудал, гарц гаргалгааг хайхаас илүүтэй олон улсын түвшинд болж байгаагаар онцлог байв.
Тухайлбал, ОХУ, БНСУ, ХБНГУ, Казахстан, Япон зэрэг орноос төлөөлөгчид оролцож тус бүрдээ илтгэл танилцуулсан нь хуралд дэвшүүлсэн зорилгыг илүү баяжуулж чаджээ. Жишээ авахад гэхэд л “ОХУ дахь нийгмийн аж ахуй эрхлэлт ба хувийн эрх зүйн шинэтгэл” сэдвээр Эрхүүгийн улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Ульяна Борисовна Филатова илтгэл танилцуулав. Энэ сэдэв Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой болж чадсан. Учир нь Монголд үүссэн нийгмийн ялгарал, анги давхаргын эрх тэгш бус байдлыг хэрхэн хувийн эрх зүйгээр зохицуулж болохыг онцолсон юм.
ХУВИЙН ЭРХ ЗҮЙ НЬ МОНГОЛЫН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООНД ИТГЭХ ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ СУУРЬ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Амарсанаа:
-Миний хувьд өнөөдөр “Хувийн эрх зүйн судалгаа ба эрх зүйн динамик: цаашдын чиг хандлагыг тодорхойлох нь” сэдвээр илтгэлээ танилцууллаа. Өнөөдрийн нөхцөлд бизнес эрхлэгчдийн дунд итгэл гэдэг зүйл алдарсан байна. Бие биедээ итгэх, эрх зүйн тогтолцоонд эргэлзэж байна. Иймээс энэ асуудлыг эрх зүйн хүрээнд шинэтгэлээр шийдвэрлэх шаардлагатай. Өнөөдөр хэрэгжиж буй эрх зүйн тогтолцоогоо бид өөрчлөхийн тулд түүнд байгаа итгэл үнэмшлийг динамик байдлаар өөрчлөх шаардлагатай гэх асуудлыг хөндөж байгаа юм.
Эрх зүйн шинэтгэл нь улс төрийн шийдвэр байдаг. Тиймээс маш богино хугацаанд шинэтгэл хийгдэх ёстой гэх ерөнхий хандлага бий. Гэхдээ энэхүү статик хуульд динамик байдлаар өөрчлөлт хийх, түүнийг урт хугацаанд тогтвортой мөрдөх хүсэл зориг байвал судалгаан дээр үндэслэж, эрх зүйн шинэтгэлийг хийх ёстой. Энэ хүрээнд холбогдох байгууллага, судлаач, хуульчид арилжааны хуулийг боловсруулах шаардлагатай.
Тухайлсан нийгэм амар, амгалан оршин тогтнохын тулд олон хүчин зүйл шаардлагатай. Үүний нэг нь тухайн нийгмийнхээ тогтолцоог дэмжих эдийн засгийн бүтэц, орлого зарлага нь тэнцвэртэй нөхцөл байх ёстой. Өнөөгийн нөхцөлд эрх зүйн тогтолцоо эдийн засгийн хэрхэн нөлөөлж байгаа талаарх асуудал яригдана. Эрх зүй бол бүхэллэг тогтолцоо. Энэхүү тогтолцоог бүхэлд нь өөрчлөх бололцоогүй учраас эрх зүйн шинэтгэлийг дэлхийн улс орнууд үе шаттайгаар хийдэг.
МОНГОЛ УЛСЫН ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООНЫ НЭГДМЭЛ, БҮХЭЛЛЭГ БАЙДАЛ ХАМГИЙН ЧУХАЛ
Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн Эмерит профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх С.Нарангэрэл:
-Манай улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, Манжийн төрөөс хараат бус Засгийн газрыг эмхлэн байгуулсан. Засгийн газрын таван яамны нэг нь Хууль зүйн яам. Яам анх үүсэхдээ л удирдлага болгосон чиг үүрэг нь шинэ төрлийн хууль тогтоомжийг боловсруулан зохиох, манжийн үед дагаж мөрдөж байсан хуулиас Монгол Улсын тусгаар тогтнолд харшлах зүйлийг нь хүчингүй болгох, дагаж мөрдөж буй хууль, тогтоомжийг олон нийтэд тайлбарлах, мэдээлэх үүрэгтэй байгуулагдсан.
Аливаа бие даасан тусгаар тогтносон улсын эрх зүйн тогтолцоо бүхэллэг, нэгдмэл байх ёстой. Тухайлбал, хууль тогтоомжоо боловсронгуй болгоно гэж өөрчлөлт оруулчхаад хуулийнхаа хэрэгжилтийг орхичихвол нөгөө хууль нь цаасан дээрээ л үлдэнэ.
Тиймээс эрх зүйн бүхэллэг байдал хамгийн чухал нь. Энэ нь эрх зүйн орчны суурь, эрх зүйн эх сухвалжуудаас гадна номлол, боловсрол, хууль шинжлэх ухаан эрх зүйн мэргэжил, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал зэргийг бүхэлд нь багтаадаг гэсэн үг. Тиймээс би илтгэлдээ тэрхүү бүхэллэг байдлыг хэрхэн бүрдэх, яаж хөгжүүлэх, бид юун дээр алдаж байгааг гаргаж ирэхийг зорьсон.
ОРЧИН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГААС ХАРАХАД ХУДАЛДААНЫ ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭТГЭЛ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк:
-Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсч хөгжсөний 110 жилийн хүрээнд ХЗДХЯ хувийн эрх зүйн шинэтгэлд ач холбогдол өгч, энэхүү сэдвийг хөндөж байгаа нь анхаарлын төвд байгаа чухал асуудал яахын аргагүй мөн гэж ойлгож байна. Энэ утгаараа манай түншлэгч байгууллага хувийн эрх зүйн шинэтгэлд томоохон ач холбогдол өгч буй сигнал хэмээн харж болно. 28 жилийн турш эрх зүйн шинэтгэлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Монгол Улс эрх зүйн шинэтгэлийн хувьд нэлээн амжилттай яваа гэж дүгнэдэг.
Олон улсын худалдаа дээр эрх зүйн шинэтгэл дутмаг байгаа. Ялангуяа сүүлийн үед олон улсын худалдааны эрх зүйн харилцаанд шинэтгэл улам бүр дутагдаж байгаа. Ер нь орчин үеийн чиг хандлагаас авхуулаад худалдааны хувийн эрх зүйн шинэтгэл шаардлагатай. Эрх зүй гэдэг нь байнгын өөрчлөлт, хөгжилд байдаг зүйл. Тухайн цаг үеийнхээ нөхцөл байдалд нийцэж, байнга өөрчлөгдөж, хувирч байх зүй тогтолтой харилцаа учраас эрх зүйн шинэтгэл хийгдэх нь зүй ёсны зүйл хэмээн үзэж байна.
Хувийн эрх зүйн салбарын шинэтгэлийн бодит үр дүн, улс орны эдийн засгийн хөгжилд үзүүлж буй нөлөөг шинжлэх ухааны үндэстэй тогтоох, хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход эрдэмтэн судлаачдын оролцоо байр суурь нэн чухал ач холбогдолтой. Дээрх эрдэмтэн судлаачдаас гадна Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяагийн “Хувийн эрх зүйн шинэтгэл ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, БНСУ-ын Күүкминий их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Пак Жон Воны “Бүгд Найрамдах солонгос улсад дижитал хэлбэрээр шүүхэд маргаан шийдвэрлэж буй асуудал” Казахстан улсын Хууль тогтоомж, эрх зүйн мэдээллийн институтын Иргэний эрх зүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэнхимийн тэргүүлэх судлаач, доктор Горячева Елена Васильевнагийн “Казахстан иргэний хууль тогтоомжийн шинэчлэл: өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлага” зэрэг илтгэлүүд хурлын оролцогчдын сонирхлыг ихэд татсан, үр дүнтэй, өгөөжтэй сэдвийн хүрээнд судалгааг хийсэн харагдлаа.
Хурлын үеэр хэлэлцүүлсэн илтгэлүүдийг цахим эмхэтгэл болгож, олны хүртээл болгохоор төлөвлөж буй бөгөөд https://110.mojha.gov.mn/ холбоосоор орж танилцах боломжтой юм.
Холбоотой мэдээ