Монголд олон улсын жишигт нийцсэн анхны цанын бааз баригдана

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Монголд олон улсын жишигт нийцсэн анхны цанын бааз баригдана

Монголд олон улсын жишигт нийцсэн анхны цанын бааз баригдана

Монголд олон улсын жишигт нийцсэн цанын бааз баригдахаар болжээ. Тодруулбал, Монголын цанын холбоо (МЦХ) Төв аймгийн Борнуур суманд судалгаа явуулан, олон улсын цанын бааз барихаар гурван жилийн өмнөөс санал тавьсан байна. Тус холбооныхны хөөцөлдөж байсан газрын асуудлыг Борнуур сумын Засаг дарга Н.Ундрахбилэг шийдвэрлэн, энэ сарын 10-ны өдрийн А/280 тоот захирамжаа гарган албажуулж, өчигдөр (2021.12.15) Монголын цанын холбооны Ерөнхийлөгч Р.Хатанд сумын Захиргааны байранд гардуулан өгчээ.

Ийнхүү олон улсын цанын бааз Борнуур сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр болох “Шарын ам” хэмээх газарт байрлалтай 156,2995 га талбайд баригдахаар болж байна. МЦХ олон улсын цанын бааз байгуулах төвлөвлөгөө боловсруулж, холбогдох зураг, төслөө гарган, сонгон шалгаруулалтад орж, сумын ИТХ-ын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан ажилласнаар ийнхүү шийдвэр гарах болжээ.

Түүнчлэн энэхүү суманд одоо амьдарч байгаа, 2001-2013 онд биеийн тамирын багшаар ажилласан Монгол Улсын гавьяат багш Д.Ичинхорлоо тус сумаас олон зуун цанын спортын тамирчин бэлтгэн, спортын болон дэд мастер, зэрэгтэй 100 орчим тамирчныг бэлтгэжээ. Түүний гардан бэлтгэсэн шавь нараас Ч. Отгонцэцэг нарын гурван тамирчин цанын спортын төрлөөр өвлийн олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан аж. Энэ нь Борнуур сумын бахархал болдог ба сумын иргэд олон нийт ч гэсэн энэхүү олон улсын цанын баазыг нутаг дэвсгэртээ байгуулахыг дэмжсэн нь шийдвэр гаргахад ч нөлөөлжээ.

Өчигдөр Борнуур сумын “Шарын ам”-д Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотноо суух өргөмжит консул, соёлын элч Е.А.Кузьмин, Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан нар МЦХ-ны албаны төлөөлөгчдтэй хамт ажиллан, олон улсын цанын бааз барьж байгуулах ажлын явцтай танилцжээ.

Улмаар 2022 оны нэгдүгээр сард ОХУ-ын Красноярск хотноо МЦХ-ны албаны төлөөлөгч нарыг урьж, 2019 оны дэлхийн Универсиадын үеэр баригдсан олон улсын цанын төвтэй танилцуулах, туршлага судлах, барилгын зургийн төсөлд Оросын талын мэргэжилтнүүдийн саналыг тусгах, мэргэжлийн зөвлөгөө авах зэрэг ажлаар очихоор тохирчээ.

Монгол Улсад одоогоор гүйлтийн цанын олон улсын зэрэглэлийн бааз байхгүй бөгөөд энэхүү байгууламж баригдсанаар олимпод бэлтгэх, үндэсний болон олон улсын тэмцээн, наадмыг хүлээн авч явуулах, өндөр уулын бүсэд бэлтгэх хийх бололцоо бүрдэнэ.

Борнуур сумын “Шарын ам” нь нийслэлээс 100 км зайтай, байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд ойгоор хүрээлэгдсэн, УБ-Дарханы авто замаас холгүй, цахилгааны шугамд ойрхон байрлалтай, нийслэлийн ойр орчмын газруудаас хамгийн их цас унадаг газар гэдгээрээ онцлогтой ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж