Филиппиний ерөнхийлөгчөөр 2016 онд Родриго Дутерте сонгогдсоноор Хятадад чиглэсэн тус улсын бодлогод томоохон өөрчлөлт гарсан юм. Ирэх онд болох сонгуулиар ямар өөрчлөлт болох бол гэдэг тун сонирхолтой.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Филиппин, Хятад хоёр орны харилцаа маш их савалгаатай байсан. Нэг хэсэг алтан үе гэж хэлж болохуйц байснаа сүүлдээ Азийн хамгийн хортой харилцаа гэж ч хэлэгдэж байв. Энэ хэлбэлзэл нь Филиппин дэх ерөнхийлөгчийн засаг захиргааны эргэлттэй салшгүй холбоотой. Учир нь Филиппиний үе үеийн ерөнхийлөгчид бүгд л дор бүрнээ Хятадтай харилцах өөрийн гэсэн зарчимтай байсан.
Тус улсын үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч зөвхөн нэг л удаа сонгогдон ажиллах ба дахин сонгогдох боломжгүй юм. Дахин нэр дэвшихгүй учраас сонгогдсон хугацаандаа тухайн ерөнхийлөгч өөрийн хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх магадлал өндөр. Дараагийн ерөнхийлөгч нь түүний бодлогыг өөрчлөх магадлалтай учир тус улсад хувиралтгүй нэг л гадаад бодлогыг баримтлах нь амаргүй байдаг.
2001-2010 оны ерөнхийлөгч Глориа Макапагал-Арройо нь АНУ-тай байгуулсан эвслээ хадгалахын сацуу Хятадтай ч найрсаг харилцаатай байхыг эрхэмлэж байв. Энэ талаар тэрбээр 2004 онд танилцуулсан Филиппиний гадаад бодлогын тухай илтгэлдээ онцолж байжээ. Эдийн засагч хүнийхээ хувьд Глориа Арройо нь Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай холбоотойгоор Хятадтай хийх худалдаа, хөрөнгө оруулалтыг чухалчилж байсан. Тиймдээ ч ерөнхийлөгчийн бүрэн эрхт хугацаагаа дуусах хүртэл харьцангуй тайван ажиллажээ. Арройо эдийн засгийн өсөлтийг өөрийн засаг захиргаагаа хууль ёсны болгох гол түлхүүр гэж үзэж байсан. Тухайн үедээ АНУ-тай ч мөн адил нягт хамтарч, зуун дамнасан харилцаагаа эрхэмлэж ажилласан.
Гэвч Арройо болон түүний холбоотнууд Хятадтай холбоотой ил тод бус, хэт өндөр өртөгтэй төслүүдийг үзэглэж, улсын тусгаар тогтнолыг хувийн ашиг сонирхлоороо худалдаж байна гэх шүүмжлэлд өртөж байжээ.
Дараагийн ерөнхийлөгч Бенино Акуйно III нь Хятадтай илүү сөргөлдөх бодлого баримталж, АНУ-тай ч харилцаагаа хоёр дахин багасгаснаараа Глориа Арройогоос ялгаатай байв. Шударга, ил тод байдлаараа алдартай Акуйно нь Хятадад хандах зөөлөн бодлогыг авлигатай холбон тайлбарладаг байжээ. Түүний бүрэн эрхийн хугацаанд улам л хурцадсан Өмнөд Хятадын тэнгисийн маргаанд хатуу байр суурьтай байснаараа тэрбээр өмнөх засгийн газраас ялгарсан.
Филиппиний хамгийн том байлдааны хөлөг болон Хятадын ажиглалтын хөлөг онгоцнууд 2012 онд Өмнөд Хятадын тэнгисийн Скарборо Шоалд маргаан үүсгэсний дараа, Хятад тус хэсгийг хяналтандаа авч, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлжээ. 2013 оноос эхлэн Хятад улс Өмнөд Хятадын тэнгис дэх хад чулуудыг цэргийн хүч ашиглан хиймэл арлууд болгосон.
Уг маргааны улмаас Бээжингийн өдөөн хатгалттай тулгарсан Акуйно тухайн үедээ Филиппиний зэвсэгт хүчнийг шинэчлэх шаардлагатай байгааг сануулахын зэрэгцээ Вашингтонтой байгуулсан эвслийг онцгойлон дурдаж байв. АНУ-аас Филиппинийг эргүүлийн хөлөг онгоц, байлдааны пуужин болон бусад цэргийн тоног төхөөрөмжүүдээр хангаж байсан. Акуйногийн засаглалын үед буюу тодруулбал 2014 онд АНУ, Филиппин хоёр улс нь Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг үзэглэжээ.
Акуйногийн дараа 2016 онд Родриго Дутерте ерөнхийлөгчөөр сонгогдсон ба Хятадтай харилцаагаа дахин сэргээж, цэрэг, эдийн засаг аль аль талаараа АНУ-аас хамааралгүй болох тухайгаа зарласан. Обамагийн засгийн газар хар тамхи наймаачдыг хууль бусаар хөнөөсөн хэргээс болж Филиппиний ерөнхийлөгчийг хурцаар шүүмжилж байв. Гэтэл нөгөө талд Хятадын засгийн газар Филиппиний бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалж, тэдний бодлогыг дэмжсэн байр суурьтай байсан.
Хятадын хөрөнгө оруулалтын хариуд Родриго Дутерте арбитрын шийдвэрийг байнга няцааж, Өмнөд Хятадын Тэнгис дэх бүтээн байгуулалтын ажилд нүдэн балай чихэн дүлий ханддаг байжээ. Тэрбээр Хятад дэндүү хүчирхэг учраас бид зогсоож дийлэхгүй гэж хэлж байсан ч удаатай юм. Ийм арга замаар Хятадтай холбоогоо хадгалж байсан ч, эсрэгээрээ дотоодынхны шүүмжлэлд байнга өртөж байлаа. Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нь таван жилийн дараа Бээжингийн анх амласан 24 тэрбум долларын хөрөнгө оруулалтын багахан хувь нь л биеллээ олсон байв.
Филиппиний ээлжит ерөнхийлөгчийн сонгууль ирэх 2022 оны тавдугаар сард болно. Хэд хэдэн нэр дэвшигчид өрсөлдөж буй бөгөөд дарангуйлагч асны хүү Фердинанд Маркос, дэд ерөнхийлөгч Лени Робредо, Манила хотын дарга Франциско Домагосо, боксчин асан Мэнни Пакьяа зэрэг хүмүүс байна.
Нэр дэвшигч Фердинанд Маркос хэлэхдээ, “Дутерте Бээжинтэй яг зөв замаар харилцаж байсан. Хоёр талын зөвшилцөлд хүрэх нь хамгийн чухал” гэжээ. Хэрвээ Маркос 2022 онд ерөнхийлөгчөөр сонгогдвол Хятадад чиглэсэн Дутертегийн бодлого огт өөрчлөгдөхгүй гэсэн таамаглал байна.
Харин дэд ерөнхийлөгч Робредогийн хувьд хүртээмжтэй, бие даасан гадаад бодлогыг баримтлах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Вьетнамын Хятадтай хэрхэн харилцаж байгаагаас үлгэр жишээ авч, худалдаа, хөрөнгө оруулалт гэх мэт сөргөлдөөнгүй салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогыг баримтална гэжээ. Үүний тулд Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай холбогдох 2016 оны арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж тэр хэлэв.
Нэр дэвшигч Мэнни Пакьяагийн хувьд Дутертегийн бодлогыг шүүмжилсэн байр суурьтай байдаг. Өмнөд Хятадын тэнгисийн маргаан дээр Дутертег хэтэрхий зөөлөн хандсан гэж тэр хэлжээ. Манила хотын дарга Домагосо мөн ижил байр суурьтай байгаа бөгөөд хэрвээ сонгуульд ялвал Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний бүрэн эрхийн төлөө зоригтойгоор тэмцэхээ илэрхийлсэн.
Ерөнхийлөгч Филиппиний гадаад бодлогыг тодорхойлох бүрэн эрхтэй учраас дээрх нэр дэвшигчдийн хэн ялсан нь Хятад болон АНУ-тай харилцах цаашдын арга барилыг тодорхойлох болох нь. Филиппиний гадаад хэргийн сайд асан Альберт дель Росарио хэлэхдээ 2016 оны сонгуульд Бээжингийн нөлөө байсан учраас Дутерте ялсан гэжээ. Үнэн худлын аль нь ч байсан, 2022 оны сонгуульд харь гүрний гар хөл болсон "утсан хүүхэлдэй" ялах вий гэсэн болгоомжлол эрх баригчдын дунд байна.
ЭХ СУРВАЛЖ: THEDIPLOMAT
Холбоотой мэдээ