Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Лхагва гаригт ЕХ-ны удирдагч нарт хандан Оросыг түрэмгийлэхээс өмнө хориг арга хэмжээ авахыг уриалжээ. Тэрбээр Брюссельд сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ, "Бидний хувьд хориг арга хэмжээг мөргөлдөөн гарсны дараа биш өмнө нь авах нь чухал. Учир нь мөргөлдөөний дараа хориг арга хэмжээ авах нь үндсэндээ утгагүй үйлдэл болно. Бид найман жилийн турш "дайтаж байна". Зэвсэгт мөргөлдөөн гарахаас өмнө хориг арга хэмжээ авсан тохиолдолд энэ нь аливаа хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэх механизм болно" гэж хэлсэн аж.
Зеленскийн үүнээс өмнө Путинтэй хурцадмал байдлыг намжаах талаар ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн боловч ОХУ-аас хариу шийдэл өгөөгүй байна.
Европын холбооны Зөвлөлийн ерөнхийлөгч Чарльз Мишелиэс сэтгүүлчид Зеленскийн уриалгыг Европ сонсох эсэхийг асуухад, "Бидэнд тодорхой хориг арга хэмжээ байгаа, шаардлагатай бол нэмэлт хориг арга хэмжээ авахад бэлэн, юу болохыг харах болно" гэж хариулжээ.
АНУ, Европын холбоо нь Оросын эсрэг авах хариу арга хэмжээний талаар хамтран ажиллаж байгаа ч ямар нэгэн бодитой мэдээлэл гараагүй байна. Европын холбооны зүүн орнууд хориг арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа ч Франц, Герман зэрэг бусад орнууд "түрэмгийлэлд хүргэж болзошгүй" гэж болгоомжилж байна.
Европын холбооны 27 үндэсний удирдагчид өчигдөр дээд хэмжээний уулзалт хийж, оросууд Украин руу довтлохоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хэлэлцжээ.
Зеленский хэлэхдээ Европын холбооны таван удирдагчтай ОХУ-аас Украин руу довтолбол ямар хариу арга хэмжээ авах талаар ярилцсан гэх боловч тодорхой мэдээлэл өгч тайлбарлаагүй.
ЭХ СУРВАЛЖ :NEWSWEEK
Холбоотой мэдээ