"Түүх судлалын голомт-100 жил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2021.12.16) "Чингис хаан" музейн хурлын танхимд боллоо.
"Чингис хаан" музейн захирал С.ЧУЛУУН:
-Дэлхийн Монгол судлалыг нуруундаа үүрч яваа Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 100 жилийн ой тохиож байна. Олон улсын Монгол судлалын холбооны нэрийн өмнөөс тус хүрээлэнгийнхээ хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе. Та бүхний энд хуран цугласан Эзэн Чингис хааны нэртэй музейд хурлаа хийж байгаад баяртай байна. Олон улсын Монгол судлалын холбооноос хүрээлэнд хоёр сая төгрөг хандивласан. "Чингис хаан" музейн үзүүлэг дэглэлт, эрдэм шинжилгээний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн та бүхэнд маш их баярлалаа.
"Монголын шинжлэх ухаан-100 жил" нэртэй виртуал үзэсгэлэнг бүтээхэд Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллажээ. Хүрээлэнгийн 100 жилийн ойн хүрээнд олон хурал, зөвлөгөөн зохион байгуулж, гурван боть ном, баримтат кино бүтээсэн байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.НАЦАГДОЛГОР:
-Судар бичгийн хүрээлэнг анх байгуулсан цагаас хойш орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүссэний 100 жил тохиож байна. Засгийн газраас Ардын хувьсгалыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гаргасан. Энэ хүрээнд нэлээд олон арга хэмжээг салбар яамнаас хэрэгжүүлж буй. Тухайлбал, соёлын биет болон биет бус өвийг сэргээн засварлах, хамгаалах чиглэлээр ажлууд хийж байна. Үүнд, түүхийг баримтжуулах, соёлын контент хийх, "Хаадын хаан андгай" болон "Шивээ Хиагт" дуурийг шинэчлэн найруулж тавьсан. Мөн хүүхдийн бүжгэн жүжиг дэглэн тавьсан. Энэ жилийн хувьд соёлын биет бус өвийг баримтжуулах чиглэлээр таван сая төгрөгийн төсөл санхүүжүүлсэн. Мөн археологийн чиглэлээр 20 сая төгрөгийн төсөл санхүүжүүлсэн.
Холбоотой мэдээ