"Хувийн эрх зүйн шинэтгэлд гол анхаарлаа хандуулж ажиллана"

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

"Хувийн эрх зүйн шинэтгэлд гол анхаарлаа хандуулж ажиллана"

"Хувийн эрх зүйн шинэтгэлд гол анхаарлаа хандуулж ажиллана"

Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсч хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2021.12.16) зохион байгуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хурлын үйл ажиллагааг нээж, үг хэллээ. Тэрбээр “110 жилийн хугацаанд ХЗДХЯ нь Монгол Улсад үе үеийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн системчлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, дотоод хэргийн бодлогыг амжилттайгаар хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийтийн эрх зүйн салбарт эрх зүйн шинэтгэл эрчимтэй явагдаж, хууль, эрх зүйн орчин тодорхой хэмжээнд боловсронгуй болж байна.

Бид ойрын жилүүдэд өмнө хэрэгжүүлж ирсэн шинэтгэлийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хувийн эрх зүйн шинэтгэлд голлон анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөж байна. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яам нь “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” зэрэг бодлогын баримт бичигт хувийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тусгаж, “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр II”-ийг боловсруулж эхлээд байна.

Хувийн эрх зүйн салбарын шинэтгэлийн бодит үр дүн, улс орны эдийн засгийн хөгжилд үзүүлж буй нөлөөг шинжлэх ухааны үндэстэй тогтоох, хууль хоорондын уялдаа холбоо, системчлэл, хууль хэрэглээ, шүүхийн практикт дүн шинжилгээ хийх,  хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлоход эрдэмтэн, судлаачдын оролцоо, байр суурь чухал ач холбогдолтой” гэж онцоллоо.

Хурлаар

“Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэл: сорилт ба боломж” Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар,

“Олон улсын хувийн эрх зүйн гаагийн бага хурлын үйл ажиллагаа: Монгол Улсад хамаарах асуудал” Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын атташе бөгөөд Нарийн бичгийн дарга нарын газрын хуулийн ахлах ажилтан Броди Варрен,

“Хувийн эрх зүйн судалгаа ба эрх зүйн динамикцаашдын чиг хандлагыг тодорхойлох нь”  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Амарсанаа,

“Хувийн эрх зүйн шинэтгэл ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, 

“Бүгд Найрамдах солонгос улсад дижитал хэлбэрээр шүүхэд маргаан шийдвэрлэж буй асуудал” БНСУ-ын Күүкминий Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Пак Жон Вон, 

“Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэний хууль тогтоомжийн шинэчлэл: өнөөгийн байдал ба хөгжлийн чиг хандлага” БНКазУ-ын Хууль тогтоомж, эрх зүйн мэдээллийн институтын Иргэний эрх зүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэнхимийн тэргүүлэх судлаач, доктор Горячева Елена Васильевна,

“Монгол Улсын эрх зүйн тогтолцооны нэгдмэл, бүхэллэг байдал” Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, МУИС-ийн Эмерит профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх С.Нарангэрэл,

“Монгол Улс дахь олон улсын хувийн эрх зүйн хөгжил, цаашид боловсронгуй болгох асуудал” МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Э.Байгал, 

“Оросын Холбооны Улс дахь нийгмийн аж ахуй эрхлэлт ба хувийн эрх зүйн шинэтгэл”ОХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн ухааны доктор Ульяна Борисовна Филатова,

“Япон Улс дахь арилжааны эрх зүйн хөгжил ба онолын зарим асуудал” Япон Улсын Кюшүгийн Их Сургуулийн Хуулийн сургуулийн дэд захирал, профессор, хууль зүйн ухааны доктор Минору Токумото, 

“Дампуурлын эрх зүй” НҮБ-ын Олон Улсын худалдааны эрх зүйн комисс (ЮНСИТРАЛ)-ын хуульч, Ажлын хэсэг V-ын гишүүн Ли Янг Ин, “Хялбаршуулсан арбитрын талаарх зохицуулалт” НҮБ-ын Олон Улсын худалдааны эрх зүйн комисс (ЮНСИТРАЛ)-ын хуульч, Ажлын хэсэг II-ийн нарийн бичиг  Ли Жай Сүн,  

“Шүүхийн цахимжуулалт” ХБНГУ-ын Вюрцбург хотын Юлиус-Максимилианы Их сургуулийн профессор, философийн доктор, хууль зүйн ухааны доктор Эрик Андреас Хилгендорф нар илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.

Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсэж хөгжсөний түүхт 110 жилийн ойг тохиолдуулан эрх зүйн шинэтгэлийн үйл явц, үр дүнг нэгтгэн дүгнэх, хувийн эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, гадаад улс орнуудын эрх зүйн шинэтгэлийн сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх зорилгоор энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй юм.

Өнөөдрийн “Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид болон хувийн эрх зүйн салбарын мэргэжлийн холбоод, хууль зүйн их дээд сургуулийн багш нар, зочид төлөөлөгчид оролцов.

Хурлын үеэр хэлэлцүүлсэн илтгэлүүдийг цахим эмхэтгэл болгож, олны хүртээл болгохоор төлөвлөж буй бөгөөд https://110.mojha.gov.mn/ холбоосоор орж танилцах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж