Тамирчид нь улсынхаа нэрийн өмнөөс тэмцээнд оролцохгүй болсон ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх онд Бээжинд болох өвлийн олимпийн наадамд очно гэдгээ мэдэгдлээ. Путин Хятадын дарга Ши Жиньпиний өвлийн олимпийн наадмын нээлтэд хувиасаа урьсан зочин учир хоригт орохгүй гэжээ.
Допингийн хэргээс үүдэн ОХУ-ын баг тамирчдыг хоёр жилээр дэлхийн хэмжээний уралдаан, тэмцээнд оролцохыг хориглосон юм. Гэхдээ ямар нэгэн допингийн хэрэгт холбогдож байгаагүй “цэвэр” орос тамирчид нь Олон улсын олимпийн хорооны туг дор оролцох боломжтой.
Спортын арбитрын шүүхээс өнгөрсөн онд тэмцээн, уралдааны үеэр ОХУ-ын далбааг мандуулах болон тамирчдын хувцас дээр хэвлэхийг хүртэл хориглосон. Тиймээс ирэх 2022 оны Бээжингийн өвлийн олимпод оролцох орос тамирчид ОХУ-ын далбааг хэвлээгүй ч далбааныхаа өнгөтэй (цагаан, цэнхэр, улаан) хувцас өмсөх аж. Улмаар шүүмжлэгчид ОХУ-ын эсрэг тавьсан хориг ямар ч үр дүнгүй гэж маргаж байна.
Үүний зэрэгцээ АНУ, Их Британи тэргүүтэй барууны орнууд Хятадын засгийн газрын хүний эрхийн зөрчлийн хэргээр Бээжингийн өвлийн олимпийг бойкотлох арга хэмжээ авч эхэлсэн билээ.
Эх сурвалж: YAHOO SPORTS
Холбоотой мэдээ