Москваг Украины нутаг дэвсгэрт халдлага хийхээр бэлтгэж байна гэж барууныхан үзэж буй энэ цаг үед Франц, Герман, Украины удирдагчид Оростой энхийн хэлэлцээр хийх тухай ярилцав.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар Брюссельд болсон Европын холбооны чуулга уулзалтын үеэр энэ талаар хэлэлцжээ. Тэд Оросыг багтаасан Нормандын форматын хэлэлцээрийг дахин сэргээх талаар санал солилцсон байна.
Гурван улсын удирдагчид Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, сөргөлдөөнийг нэг тийш болгох урт хугацааны шийдэл олохын тулд энхийн хэлэлцээр хийх нь зөв гэдэгт санал нэгджээ.
Зеленский хэлэхдээ “Украин улс Оростой ямар ч хэлбэрээр хэлэлцээр хийхэд бэлэн байна. Гэхдээ цаашдын хурцадмал байдлаас сэргийлэхийн тулд Москвагийн эсрэг барууны хатуу хориг арга хэмжээ хэрэгтэй. Зарим удирдагчдын хувьд Оросын зүгээс аливаа сөрөг үйлдэл гаргавал л хориг арга хэмжээ авахыг зорьж байна. Тэгвэл хэтэрхий оройтсон арга хэмжээ болж мэдэх юм” гэв.
Мөн тэрбээр “Франц улс Европын холбооны ээлжит тэргүүнээр сонгогдож байгаагийн хувьд Европ дахь Оросын эрлийз түрэмгийллийг зогсооход дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэж жиргэжээ.
Чуулга уулзалтын үеэр Зеленский Германы канцлер Олаф Шольцыг эх орондоо айлчлахыг уриад, эрчим хүч, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ