Ардчилсан намаас өнөөдөр (2021.12.16) 4:11 уулзалтын цагаараа цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Тус намаас төр бизнес эрхлэгчдээ дэмждэггүй, эсрэгээрээ төрийн бүтэц данхайж байгааг шүүмжлэв.
Ардчилсан намын дарга М.ТУЛГАТ:
-Өнөөдөр Монгол Улсад бизнес эрхлэгчид маш хүнд нөхцөлд байгааг та бүхэн мэднэ. Сүүлийн 10 жилд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 ам.долларт эргэлдсэн. Энэ хугацаанд эдийн засаг тэлээгүй. Гэтэл 10 жилийн хугацаанд улсын нэгдсэн төсөв 5 дахин өссөн. Үндсэндээ 30 жилийн ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш өнөөдөр хувийн сектороо боомилж, төр улам данхайлаа. Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал хилийн асуудлаа шийдэж чадахгүй, хувийн хэвшлийнхэн туйлын хүнд байдалд орж байна. Сайд нар гурав хоногийн дараа хил нээгдэнэ гэдэг ч асуудал шийдэгддэггүй. Дунд шатны хурган дарга нарын хариуцлагын асуудлаас болж хоёр улсын хооронд хил нээх асуудал хойшилсоор байна. Хувиараа бизнес эрхлэгчид Монголд үстэй толгойгоо зулгааж, амьдралаа хэрхэн авч явахаа ч ойлгохоо больсон байдалтай байна.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ ХУУЛИЙН ДАГУУ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА
Өнөөдөр Монголд төсвийн байгууллагын болон төрийн өмчит үйлдвэрийн газрын албан хаагчид, төрөөс тендер авдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид л сайхан амьдарч байна. Бусад нь туйлдаж байна. Гэтэл Засгийн газар “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, "Оюутолгой"-н өр тэглэлээ гэж үлгэр ярьдаг ч иргэд туйлдаж байна. Нөхцөл байдал ийм байгаа үед Ардчилсан нам дотоод асуудлаа яаралтай шийдэх ёстой. Ардчилсан намын бүх үеийнхэн энэ асуудалд санаа зовж байна. Хэдий хууль шүүх, тамганы маргаан байгаа ч үзэл санаа, бодлогын асуудлаар Ардчилсан нам нэгдэх ёстой. Угаасаа бид угшил нэгтэй хүмүүс. Бид галаа тойрч суух ёстой гэдгийг ч байнга хэлдэг. Ийм хэрэгцээ шаардлагаар АН-ын Бодлого стратегийн нэгдсэн зөвлөл гэсэн хамтын үзэл санаа, бодлогоо ярилцах нэгжийг байгуулж, цаашид нам нэгдэх тухай хэлцэл хийгээд байна.
"ДАРГА НАР НЬ Ч 100 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ"
Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Төрийн ордонд болсон хүний эрхийн үндэсний форумын үеэр эрх баригчид хоёр үзүүртэй зүйл ярилаа. Бид жагсаал цуглаан зохион байгуулахдаа зөвшөөрөл авдаг байдлыг болиулна гэж хэлж байгаа юм. Гэхдээ иргэд улс төрийн зорилгоор жагсвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж заналхийлж байна. Үүнийг хуулийнхан анхаараач. Дарга нарыг шүүмжилсний төлөө иргэдийг хорьж цагдахаар айлгаж байна. Нэг талдаа хүний эрхийг дээдэлнэ гэж ярьж, нөгөө талд хүний эрхийг нухчин дардаг. Иргэдээ улс төржсөн гэж айлгахаа боль.
Хууль баталсан УИХ-ын гишүүн асуудлыг шийдэх үү, хуулийг хэрэгжүүлж буй дарга нар мэдэх үү. Хууль сахиулж буй цагдаагийн үзэмжийн асуудал уу. Ийм зүйл рүү явж болохгүй гэж "No Double standart" хөдөлгөөний залуус уулзалт зохион байгуулсан. Энэ уулзалтад Ардчилсан намыг төлөөлж очсон. Уг уулзалтад эрх баригчид очоогүй. Өнөөдөр нэг зүйлийг сануулмаар байна. Сайд, дарга болж тангараг өргөж байна. Таны үйл ажиллагаа, бүх үйлдэл олон нийтэд ил тод байх ёстой. Үүнийг сайн дураар хүлээн зөвшөөрөх ёстой. Ардчилсан нийгмийн зарчмыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол таныг хэн ч дарга бол гэж гуйгаагүй.
Шүүмжилсэн иргэдээ 100 мянган төгрөгөөр торгодог, дарга нар нь ч 100 мянган төгрөгийн үнэтэй байж болохгүй. УИХ-аас өчигдөр хүний эрхийн талаас нээлттэй сонсгол хийхээр болсон. Энэ тал дээр Ардчилсан нам сайн ажилласан гэж үзэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын Тамгын газрын даргад хүсэлт гаргасан. Албан бичгийн хариуд, буруутай албан тушаалтнуудад сануулга өгсөн. Төрийн албыг олон нийтэд хүргэх гэж байгаа сэтгүүлчдээс бичиг баримт шаардахгүй.
Холбоотой мэдээ