Чуулган: УИХ эрх мэдлээ алдсан

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: УИХ эрх мэдлээ алдсан

15 : 44
2021-12-16

"Улс төрийн том хэргүүдийг илрүүлж чадахгүй байна"

Үргэлжлүүлэн УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн танилцуулгад “УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх эрхээ дангаар эдэлж, Улсын Их Хурлын төсөв батлах бүрэн эрх хязгаарлагдсан. Үүнээс үүдэн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангах, хууль тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих УИХ-ын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлан зохицуулах шаардлага бий болсон.

Түүнчлэн Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал Улсын Их Хурал цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог…” байгуулах замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангах эрх зүйн үндсийг тогтоосон. Эдгээр хэрэгцээ, шаардлагыг харгалзан УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төсөл батлагдсанаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг бодитой, үр нөлөөтэй хянах, төрийн эрх мэдэл хоорондын хяналт тэнцлийг хангаж, хууль тогтоох байгууллагын хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоо сайжирна. Төсвийн хяналтыг хэрэгжүүлэх парламентын бүрэн эрх, хяналтын процедур болон чадавх бүрдүүлнэ. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ” гэжээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Энэ бол чухал хууль. Сүүлийн 20-30 жилийн хугацаанд Үндсэн хуулиар олгогдсон эрхээсээ УИХ татгалзсан. УИХ-аа мөлжсөөр байгаад сул болгосон. УИХ төрийн эрхийг барих дээд байгууллага гэж байгаа боловч үнэн хэрэгтээ эрх мэдлээ алдчихсан. Ер нь өвлийн хүйтэнд нимгэн хувцастай хүн шиг л болсон. Хууль тогтоох байгууллагуудын хуулийн хэрэгжилтэд бид анхаарах ёстой. Улс төрийн том хэргүүдийг илрүүлж чадахгүй байна. Ямар ч эзэн байхгүй. Ийм төрлийн хэргийг цэгцлэхгүй бол улс төрийн захиалгат гэмт хэргүүд гарсаар л байна. Тиймээс хуульд байсан мөрдөн шалгах гэдэг заалт хэр сулрав?

УИХ-аас Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцож байгааг сайд нар айгаад ажиллаж чадахгүй байна гэсээр байгаад болиулсан. Гэтэл сүүлийн хоёр Засгийн газар гялалзтал сайн ажилласан уу? Өмнөх Засгийн газруудаас өөр байж чадсан уу? Төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөл ажилдаа эзэн болж чадахгүй байна. Тагнуулын байгууллагаас тодорхой зүйл асуухаар бичгээр хариулна гэх юм. Өмнө нь бол тэгдэггүй байсан. Ер нь УИХ-ын нэр хүнд шалдаа буусан. Өөрсдөө ажилдаа эзэн болж чадахгүй байхад биднийг хэн ч тоохгүй. Айлгадаг эрх мэдэл нь марзагнаад суух юм. УИХ-ын онцгой бүрэн эрхийн хүрээнд хяналтаа гүйцэд тавьдаг болмоор байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Англи, орос хэл дээр ч парламентын мөрдөн шалгалт гэх нэршлээр явдаг. Мөрдөн шалгах гэдэг үгийг Эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг ажиллагааны асуудалтай давхардаж ойлгогдох гээд байсан учраас мөрдөн гэх үгийг тусгай шалгалт гэдэг агуулга руу оруулсан. Гэхдээ агуулга нь өөрчлөгдөөгүй. Цөөнх, олонхын хувьд зохицуулалт өөрчлөгдсөн.

Бусад улсад байдаг парламентын мөрдөн шалгалтын арга хэрэгсэл Монголд байдаггүй. 30 жилийн босгон дээрээ хяналт шалгалтын механизмтай болж байна. Илэрдэггүй хэргүүдийг олон улсад парламентын мөрдөн шалгалтын хүрээнд илрүүлдэг. Хууль тогтоомж хэрхэн биелэгдэж байгааг хянадаг ерөнхий хяналтын сонсгол явуулахаар болж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Засгийн газар өчигдөр хувь хүн, хувийн хэвшил рүү чиглэсэн төрийн хяналт шалгалтыг 50 хувиар цөөрүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь мэдээж зөв. Төрийн хяналт шалгалт нэрийдлээр албан тушаалтнууд хуулийг завхруулж, иргэдийг айлган сүрдүүлж, дарамталж авлига авдаг. Тиймээс төрийн дунд шатанд хуулийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэгт УИХ хяналтаа сайн тавих ёстой. Тухайлбал, утааны асуудал байна. Утаатай тэмцэх гэж хичнээн олон жил ярилаа. Хоёр жилийн өмнө УИХ, Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа нь анхаарсан. Үүний хүчинд тодорхой хэмжээний үр дүн гарсан. Гэтэл өнөөдөр төрийн хууль бодлого хэрэгжихгүйн улмаас эргээд бид утаан дундаа амьдарч байна.

Энэ бол ард иргэд, хувийн хэвшлийн буруу биш. Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой албан тушаалтнуудын буруу. Ажлаа сайн хийхгүй бол хариуцлага тооцно. Энэ хуулийг богино хугацаанд оруулж ирсэн ч маш сайн хууль болсон. Энэ хуулийг ард түмэн биднийг хянаж шалгах гээд байна гэж буруу ойлгох вий. Төрийн дунд, доод шатанд хуулийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдгийг шалгана.

15 : 11
2021-12-16

Ховд, Увс, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудыг ОУНБ болгож өргөтгөнө

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Энэхүү хуулиар иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон бусад сэлбэг хэрэгслүүдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх юм байна. Энэ бодлогыг дэмжиж байна. Онгоцны эд ангийг татвараас чөлөөлснөөр ямар эерэг үр дүн гарах вэ. Татвараас чөлөөлөгдөхөд тэр хэмжээний зардал буурна. Мөн тийзний үнэ буурах ёстой.

Ялангуяа алслагдсан аймгууд руу нисэх нислэгийн үнэ буурах боломж бүрдэх үү? Нөгөө талаас нислэгийн тоо хэр зэрэг нэмэгдэх вэ? Өөрөөр хэлбэл, иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөн бий болгож, ачааллыг бууруулснаар нислэгийн үнэ буурах ёстой гэж бодож байна. Шинэ нисэх буудал, Ховдын нисэх буудлаас олон улс руу нисэх бодлого хэрэгжүүлэхээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Гадаад руу карго онгоц нисч болж байна. Олон улсаас зорчигч тээврийн онгоц буулгаж бас болно.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:

-Энэ хууль батлагдсанаар иргэний агаарын тээврийн парк шинэчлэл хийгдэнэ. Парк шинэчэлтэй холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа нэмэгдэнэ. Иргэний агаарын тээврийн салбарт засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл дарамт авчирдаг. Бид хамгийн багадаа 10 хувиар зардал буурна гэж тооцоолсон. Улмаар нислэгээ нэмэгдүүлэхэд тийзний үнийг бууруулах боломжтой гэж үзэж байна. Эх орондоо боловсон хүчнийг дадлагажуулах техникийн сургалт явуулах боломж хомс.

Тоног төхөөрөмж нь их өндөр үнэтэй байдаг. Онгоцны эд ангийг татвараас чөлөөлснөөр дээрх тоног төхөөрөмжийг Монголдоо суурилуулна. Ховд, Увс, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудыг олон улсын нисэх буудал болгож өргөтгөх зорилт тавиад ажиллаж байна. Ирэх жилээс ажил нь эхэлнэ. Орон нутгийн нисэх буудлууд хилийн ойролцоох бүс нутгийн түвшинд шууд нислэг хийх бүрэн бололцоо нээгдэнэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Ховд, Баян-Өлгий аймгаас Казакстан руу иргэд ихээр зорчдог. Энэ чиглэлийн нислэг нэн шаардлагатай байна. Мөн Араб, Ойрхи Дорнодын улс руу баруун аймгаас хурганы мах гаргаад, эргээд жимс тээвэрлэдэг. Эдгээр ач холбогдолтой нислэгүүдийг та нар яагаад анхаарахгүй байна вэ?

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:

-Өмнө нь Баян-Өлгий аймгаас Казакстан руу шууд нислэг хийж байсан ч түр горимоор хаагдсан. Тантай санал нэг байна. Ачаа тээврийн эргэлтийг хил залгаа орон нутагтай хийх бүрэн боломжтой.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

-Бид дотооддоо үйлдвэрлэж чаддаг бараа, бүтээгдэхүүнийхээ гаалnaн татварыг нэмж байж үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах ёстой. Харин хийж чаддаггүй онгоц, тоног хэрэгсэл дээр гааль болон НӨАТ-ыг чөлөөлөх нь зөв. Нэгэнт дотооддоо үйлдвэрлэж чадахгүй юм чинь. Ер нь жижиг оврын онгоцыг оруулж ирэх тал дээр хэр анхаарч байна вэ? Эрүүл мэндийн салбарт тус онгоц нэн шаардлагатай байна.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:

-Монголд орж ирэх гээд хоёр ачааны онгоц хүлээгдэж байна. Ачааны онгоц өмнөх хуулиар ямар нэгэн хөнгөлөлт байхгүй учраас одоо батлагдах хуулиар татвараас чөлөөлөх боломж бүрдэж байна. Ингэснээр улс хооронд болон бүс нутагт ачаа тээврийн үйлчилгээг эрчимжүүлнэ. Хувийн хэвшлийнхэн бага оврын онгоцуудыг оруулж ирэх болсон.

Иргэний нисэхийн салбарт бүртгэлтэй том, жижиг 44 агаарын хөлөг бий. Өнөөдөр дутагдаж байгаа нэг зүйл нь боловсон хүчин. Тиймээс орон нутагт боловсон хүчнээ бэлтгэдэг болох шаардлагатай байна. Ерөнхийдөө агаарын хөлөг, хөдөлгүүр болон бусад сэлбэг хэрэгслүүдийг гааль болон НӨАТ-аас чөлөөлснөөр тийзийн үнэ 10-15 хувь буурна.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжээд, төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

14 : 38
2021-12-16

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

Хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хуулийн төслийг танилцуулав.

Тэрбээр “Монгол Улс 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орсон. Уг хэлэлцээрийн 2.1.1-т зааснаар “Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчлэх өдрөөс эхлэн гаалийн зориулалтаар Хавсралт дахь жагсаалтад харгалзах тарифын гарчигийн дагуу ангилсан бүтээгдэхүүн болон үйлдвэрлэл, засвар, үйлчилгээ, сэргээн босголт, өөрчлөлт, эсхүл хувиргалтын явцад агаарын хөлөг, эсхүл түүний угсралтад ашиглах бүтээгдэхүүний импортод ногдуулах, эсхүл түүнтэй холбогдох бүхий л гаалийн татвар болон бүх төрлийн бусад хураамжийг арилгахыг” нэгдэн оролцогч талууд хүлээн зөвшөөрнө гэж заасан.

Зөвхөн зорчигч тээврийн зориулалтаар үйлдвэрлэсэн агаарын хөлгийг нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлж буй зохицуулалт нь ерөнхий зориулалтын болон ачаа тээврийн агаарын хөлөгт хамаарахгүй байгаа. Тиймээс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.9-д заасан “иргэний агаарын зорчигч тээврийн хөлөг онгоц, түүний сэлбэг”-ийг татвараас чөлөөлж буй зохицуулалтыг өөрчлөн “бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр, газар дээрх дадлагажуур, тэдгээрийн эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг, сэлбэг, тоног төхөөрөмж, холбогдох хэрэгслийг татвараас чөлөөлөх” зохицуулалт бүрдүүлж, холбогдох татварын хууль тогтоомжийг “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т нийцүүлэх шаардлагатай болсон.

“Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-ийн 9.4.2-т зааснаар нэгдэн оролцогч тал нь хэлэлцээртэй холбоотой өөрийн хууль тогтоомж болон тэдгээр хууль тогтоомжийн хэрэгжилтэд орсон аливаа өөрчлөлтийн талаар Зөвлөлд мэдэгдэх бөгөөд 9.3.1-т зааснаар Хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөн өдрөөс хойш 30 дахь өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.

Монгол Улсын тухайд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсны дараа дотоодын хууль тогтоомж, захиргааны журмыг энэ хэлэлцээрт нийцүүлсэн талаар Дэлхийн худалдааны байгууллагын Зөвлөлд мэдэгдэж, хүчин төгөлдөр болгох ажиллагаа хийнэ” гэлээ. 

13 : 08
2021-12-16

Чуулган: Улсын хэмжээнд 2470 камер огт ажиллахгүй байна

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн танилцуулгад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал арга хэмжээ нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем  байдаг.

Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 6686 ширхэг хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналтын системийг суурилуулсан ба үүнээс нийслэл хотод 3311, орон нутагт 3375 ширхэг камер суурилуулсан байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар гудамж, зам, талбайн хяналтад авах шаардлагатай цэгүүдээс нийслэл хотын хэмжээнд суурьшлын бүсийн 17.8 хувь, аймгуудын төвүүдэд суурьшлын бүсийн 16.1 хувийг камерын хяналтад аваад байна.

Хяналтад авсан дээрх цэгүүдийн орчинд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан эерэг үр дүн байдаг боловч теле хяналтын тасралтгүй тогтмол хяналт байхгүй, теле хяналтын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт бүхий цогц систем бүрдээгүй учраас гэмт хэрэг, зөрчил буурахгүй байна. Тухайлбал, улсын хэмжээнд 6686 камер суурилуулсан бөгөөд эдгээрээс 4216 камер ажиллаж байгаа боловч үүний 1251 камер дүрсний шаардлага хангахгүй байгаа бол 2470 камер огт ажиллахгүй байна.

Камерын техникийн шаардлага хангахгүй байгаа болон огт ажиллагаагүй байгаагийн шалтгаан нь тухайн дүрс бичлэгийн техник, хэрэгсэлд арчлалт хамгаалалт хийх нутгийн захиргааны байгууллагуудын хяналт байхгүй, засвар үйлчилгээг тогтмол хийдэггүй, засвар, үйлчилгээний зардлыг төсөвт тусгадаггүй зэрэг асуудлуудаас хамаарч байна.

Нөгөөтэйгүүр теле хяналтад авагдаагүй байршил цэгүүдэд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй, цаашид өсөх хандлагатай байна. Улсын хэмжээнд теле хяналтын нэгдсэн систем буюу камержуулалтын бүрэн хяналтад авахад нийслэлийн хэмжээнд суурьшлын бүсийн 5008 цэгт 20032 камер, аймгийн төвийн суурьшлын бүсийн 3339 цэгт 13356 камер нэмж суурилуулах шаардлагатай гэсэн тооцоо судалгаа байна. Иймд дээр дурдсан дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасан тодорхой торгох ял, зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг эдгээр арга хэмжээнд зарцуулах, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулдаг байхаар, түүнчлэн энэхүү хөрөнгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад төвлөрүүлэн хуваарилж, санхүүжүүлэх агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг тусгасан.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нутгийн захиргааны бүх шатны байгууллага болон хуулийн этгээдийн хүлээх үүрэгт харьяа нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн байнгын хяналт тавьж, арчлалт, хамгаалалтыг хийж байх агуулга бүхий зохицуулалтыг хуульчилсан” гэжээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хоёр жилийн өмнө Хятадын 800 гаруй иргэнийг хууль бус ажиллагаа явуулж байхад нь илрүүллээ гээд сенсаци болсон. Энэ хэрэг юу болов. Бүр таг чиг. 10 мянга гаруй сим карт худалдсан оператор комани нь ямар хариуцлага хүлээв. С.Зориг агсны хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа дутагдаж байна. Ер нь сүүлийн хэдэн жилүүдэд гүйцэтгэх ажиллагаанууд дампуурч байна. Энэ байдлаараа улс төрийн хэргүүд хэзээ ч илрэхгүй. С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг прокурор үнэн, Хууль зүйн сайд нь худал гэдэг. Үнэн худал нь илрэхгүй ийм хэргүүдэд  УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн дээд хяналтаа тавьдаг байх ёстой. УИХ-аасаа юм нуудаг том байгууллагатай болох вий.

Тагнуулын Ерөнхий газрын ажлын хэсэг:

-Мэдээллийн аюулгүй байдлын газар кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг. Би  энэ хэргийг хариуцсан эрх бүхий хүн биш учраас таны асуултад хариулах боломж байхгүй байна. Тиймээс удирдлагадаа уламжлаад, энэ асуудлаар танд бичгээр болон бусад хэлбэрээр хариулт өгье.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-УИХ, байнгын хорооны дарга нар анхаараарай. Сүүлийн үед Тагнуулын байгууллага яг ийм хариулт өгдөг болсон. Мэдээлэл өгч чадахгүй хүнийг энд битгий суулга. Битгий энд авчир. Энэ хүнд хариуцлагыг нь хүлээлгэ. Энэ мөчөөс эхлээд УИХ, төрийг үл тоосон  хүчний байгууллагын хүмүүст УИХ хариуцлага тооц. Гишүүдийн асуусан асуултад хариулт өгч чадах хүн чуулганы танхимд суух ёстой.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Хуулийн төсөлтэй холбоогүй асуултад холбогдох байгууллагууд хариулах шаардлагагүй. Хуультай холбоотой зүйл асуу. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг удахгүй хэлэлцэнэ. Тэр үеэр ярьж болно.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Олон улсад аудит хийдэг дөрвөн том компани Монголбанкинд аудит хийх боломжгүй болсон. Учир нь Тагнуулын байгууллага төрийн нууцын мэдээлэл гэх нэрийдлээр бүгдийг шалгадаг болсон. Тэгэхээр олон улсын аудит хийдэг компани хүртэл биднээс татгалзаж байна. “Монголбанкинд аудит хийгээд өг. Төлбөр өгье” гэж гуйгаад ч хийдэггүй. Угаасаа Тагнуулын байгууллагатай зууралдаж хамаг мэдээллээ өгдөг аудитын байгууллага гэж юу байх вэ?

Үндсэндээ Монгол Улсын харилцаа холбооны салбарт том эрсдэл авчирч байна. Та нар Монголбанкны удирдлагаас асуугаарай. Тагнуулын байгууллага бүх мэдээллийг цаасаар хадгал гэж шахдаг. Мэдээллийг дижитал хэлбэрээр хадгалбал илүү аюулгүйг ойлгодоггүй Тагнуулын байгууллагаар бид кибер аюулгүй байдлыг хамгаалуулах гээд сууж байна. Энэ нь Монгол Улсын хөгжлийг боомилно.

Тагнуулын байгууллага улстөржих болохоор олон жилийн өмнөх хэргийг гаргаж ирж байгаад хэвлэлийн хурал хийдэг. Хандлага нь маш буруу байна. Тухайн үедээ асуудлыг хөндөж ярихгүй байснаа асуудал үүссэн хойно засах гэж оролдож байхаар одоо ярьсан нь дээр.

УИХ-ын гишүүн  Ж.Сүхбаатар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд орж байгаа өөрчлөлтөөр Тагнуулын байгууллага кибер аюулгүй байдалтай холбоотой гэмт хэргийн асуудлыг шалгаж, хэрэг бүртгэлт явуулах болж байна. Ч.Хүрэлбаатар гишүүний яриад байгаа болгоомжлолыг би ажлын хэсэгт байхдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хүмүүстэй бас ярьж л байсан. Тэд Ч.Хүрэлбаатар гишүүнтэй адил зүйл ярьсан. “Тагнуулын байгууллагын дэргэд байлгах нь Монгол Улсыг бүхэлд нь удирдана” гэж байсан.

Мэдээллийн аюулгүй байдал нэрийн дор бүх асуудал хамаарна. Нэг бүлэг хүмүүс ҮАБЗ-ийн дэргэд байлгах санал ч гаргасан. Энэ бас дэмий санаа. Ингээд энэ асуудал явж явж хамгийн сүүлд хүссэн хүсээгүй Ерөнхий сайд дээр очсон. Тагнуулын байгууллагыг хэт даварсан үйл ажиллагаа руу оруулж болохгүй. Гүйцэтгэх ажиллагаа  бол хэрээс хэтэрсэн. Олон тэрбум төгрөгөөр Тагнуулын байгууллагад тусгай хэрэгсэл авч өгсөн ч тэр хэмжээгээр давраад л байна.

12 : 31
2021-12-16

Бүгдийг хүчний байгууллагаар хянуулах нь IT салбарын ирээдүйг баллана

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац цахим бодлогын байнгын хорооны хамтарсан танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн танилцуулав.

Тэрбээр “Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, Япон, Хорват, Унгар, Гүрж, Литви, Латви, Сингапур, Эстони зэрэг улсууд бие даасан хуулиа батлан гаргасан байна. Монгол Улсын хувьд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д мэдээллийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэмээн тодорхойлсон. Гэсэн хэдий ч кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх чиг үүрэг бүхий  байгууллага байхгүй, хамтын ажиллагаа дутмаг байна.

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийн зорилт нь кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоох, кибер орчин дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлагдсан байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Цаашлаад цахим мэдээлэлд хандах, боловсруулах, ашиглах, түгээхэд ашиглагддаг мэдээллийн систем, мэдээллийн сүлжээ, тэдгээрийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдлага зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлдэл үзүүлэх, нөхөн сэргээх замаар кибер аюулгүй байдлыг хангах дараах харилцааг зохицуулахаар тусгасан. Үүнд:

  • Монгол Улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар кибер аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх,
  • Кибер орчинд дундын мэдээллийн систем боловсруулах, хадгалах, түгээх, цахим тооцооллын үйлчилгээ эрхэлж буй болон тэдгээрт мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эрх, үүргийг тодорхойлох,
  • Кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох мэдээллийн систем, мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагыг “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага” гэж тодорхойлон, тэдгээр байгууллагын аюулгүй байдлыг хангах зохицуулалтыг тодорхойлох,
  • Төрийн байгууллага хооронд, төр-хувийн хэвшил, иргэд кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх талаар тогтмол мэдээ, мэдээлэл солилцож байх асуудлыг зохицуулсан.

Хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалт бүхий харилцаа нь мэдээллийн аюулгүй байдлын аудит хийх харилцааг хуульчилсан. Учир нь кибер аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь мэдээлэл, түүнийг агуулах мэдээллийн сан, ашиглах боломжийг бүрдүүлэх мэдээллийн систем, хүний нөөц, техник технологийн арга хэмжээ, эдгээрийн харилцан уялдаа холбоог зохицуулсан бодлого, дүрэм журам, төлөвлөгөө, зохион байгуулалтын үйл ажиллагаа болон хөндлөнгийн хараат бус хяналт шалгалтын чиг үүрэг бүхий аудитын үйл ажиллагааг шаарддаг олон улсын жишгийн дагуу энэ харилцааг оруулж ирсэн” гэж онцоллоо.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Гадаадын усан цахилгаан станцтай танилцахад хоёрхон хүн л ажиллаж байсан. Ихэнх ажиллагаа нь бүрэн автомат болсон. Дэд станцууд нь бараг хүн байхгүй. Зөвхөн мэдээлэл гэхгүйгээр байнгын үйл ажиллагаа нь ухаалаг системээр хангагдаж байна. Олон улсад хиймэл оюун ухаан ашиглаад эхэлсэн. Жолоочгүй такси үйлчилгээнд нэвтэрсэн. Хэдийгээр Монголд хиймэл оюун ухааны талаар ярихаас цаашгүй байгаа ч гэсэн яваандаа бүрэн автомат систем ашиглах байлгүй. Тиймээс энэ хуулийн төслийг өргөн цар хүрээг хамарч чадаагүй гэж харж байна. Мэдээллийн биш иймэрхүү үйл ажиллагааны системд халдвал яах вэ?

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал:

Монгол Улс анх удаа Кибер аюулгүй байдлын тухай хуультай болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн хууль байсангүй. Энэхүү хууль батлагдсанаар НҮБ-ын олон улсын цахилгаан холбооны байгууллагаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын индексийг тодорхойлох боломж бүрдэж байна. Энэхүү индексүүдийн тайлангууд улс орны дижитал хөгжлийн түвшинг үнэлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхий дахинд шинээр бий болж байгаа аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед үндсэн системүүдээ хэрхэн хамгаалах вэ гэдгийг орчин цагтай нь нийцүүлж, шаардлага тавьж байна. Энэ шаардлагад нийцэхийн тулд бид мэдээллийн системээ хамгаалах нь чухал.

Үндэсний хэмжээний стратеги боловсруулах, төрийн гол байгууллагуудыг хамгаалах эрхзүйн орчныг бүрдүүлж өгсөн. Төрийн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудаас гадна үндэсний халдлагад хариу арга хэмжээ авах байгууллагатай болно. Энэ байгууллага Тагнуулын Ерөнхий газрын дэргэд ажиллаж байна. Үүнийг нь үндэсний төв болгон өргөжүүлж, төрийн байгууллагын нэгдсэн сүлжээнд холбогдож байгаа онц, чухал мэдээлэлтэй байгууллагуудыг хамгаалах ажил хийнэ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Зөвхөн мэдээлэл рүү халдах биш ээ. Эрчим хүчний систем рүү халдвал яах юм бэ. Эрчим хүчний системд Чех Улсаас тоолуур тавина гэж яригдаж байсан. Тэр тоолуурын бүх удирдлага Чех улсын мэдэлд гэсэн үг. Гэхдээ бид тэр тоолуурыг тавиулаагүй. Ухаалаг систем нэвтрэхээр үүнийг хэрхэн зохицуулах вэ гэж асуугаад байна. Түүнээс биш мэдээлэл хулгайлах асуудлыг яриагүй.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудад Ц.Даваасүрэн гишүүний яриад байгаа автоматжуулсан удирдлагатай байгууллагууд хамаарна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Кибер аюулгүй байдал дээр хяналт тавьдаг бүтэц зохион байгуулалт нь зөв  юм уу. Энэ зөвлөлийг Ерөнхий сайд ахалдаг. Харин Тагнуулын байгууллага төрийн байгууллагын мэдээлэлд гол үүрэг гүйцэтгэх юм байна. Төр хувийн хэвшилтэй хамтарч л таарна. Тагнуулын байгууллагын сүлжээ нэвтрээд, цаашдаа улс орны хөгжил дэвшилд гай болох юм биш үү. Кибер аюулгүй байдалтай холбоотой энэхүү хуульд Тагнуулын байгууллага голлох үүрэг гүйцэтгэх нь хэр зохимжтой вэ? Гаднын байгууллагынхан Монголын Тагнуулын байгууллагатай хамтарч ажиллах уу? Олон улсад IT компаниуд хариуцдаг. Бүх эрх мэдлийг Ерөнхий сайдад төвлөрүүлэх нь зөв үү. Хуулийн төслөөс харахад IT салбар зээл, тусламж авахад Тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авах юм байна.

IT салбарт өндөр цалин хөлс шаардагддаг. Тагнуулын авдаг цалин хэд билээ. Асуудлаа мэдэх хүмүүс хэр олон байх вэ? Орчин үеийн өндөр ур чадвар шаардсан салбарыг тагнуулын байгууллагаар аюулгүй байдлыг нь хангуулах тогтолцоог зөв гэхэд эргэлзэж л байна. Энэ салбарын хөгжлийг боомилох вий. Нэг хэсэг бүлэг хүмүүс хууль санаачлахаараа өөрсөд дээрээ эрх мэдэл авах гээд бүгдийг нь өөрчилдөг. Тэр асуудлаа чухал гэж ойлгуулахын тулд Ерөнхий сайдын мэдэлд аваачдаг. Ийм тогтолцоо буруу шүү. IT салбарт орчин үеийн шинэлэг хандлага орж ирэх нь хавь илүү. Түүнээс биш бүгдийг хүчний байгууллагаар хянуулах нь IT салбарын ирээдүйг баллана. Хандлага нь буруу хуулийн төсөл байна.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Энэ хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Хуулийг өргөн мэдүүлсний дараа УИХ дээр тогтолцооны асуудлыг ярьдаг, холбогдох байгууллагуудаас санал авдаг. Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж ажиллана гэдэг бэрхшээлтэй. Цаашдаа Засгийн газар хуулиа өргөн мэдүүлэхдээ төрийн байгууллагуудын байр суурийг сонсч нэгтгэсэн байдлаар оруулж ирэх нь зөв. Бид техник ажиллагааг нь хангаад, анхны хэлэлцүүлэгт бэлтгэдэг. Гэтэл тогтолцооны хувьд ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. Ажлын хэсэг байгуулагдсаны дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, Тагнуулын байгууллагаас дахин саналууд авсан. Энэ үеэр олон байгууллагаас төрийн болон хувийн байгууллагын мэдээллийг Тагнуулын байгууллагаар хариуцуулах санал гарсан.

Хувийн байгууллага, иргэдийн аюулгүй байдлыг хангах асуудал яагаад ч хууль хяналтын байгууллагын дэргэд байж болохгүй гэж үзээд, шинээр байгуулагдаж байгаа Харилцаа холбооны яамын дэргэд байгуулахаар тогтсон. Харин үндэсний төвөө тусад нь гаргаад, төрийн онц чухал мэдээлэл, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдож байгаа байгууллагуудын аюулгүй байдлыг хангахаар тогтсон.

Засгийн газар өөрөө Кибер аюулгүй байдлын бодлого чиг үүргийг хангах үүрэгтэй учраас Ерөнхий сайд ахлаад, Ерөнхий сайдын дэргэд нийтийн болон үндэсний төвөө байгуулна. Нийтийн төвийг яам, Үндэсний төвийг Тагнуул хариуцаад хоёр дэд даргатай байна. Ерөнхий сайд ахална. Халдлага гарлаа гэхэд хамтарсан баг байгуулаад, тухайн халдлагад хариу өгдөг төвүүд ажиллах нь зохимжтой гэж үзсэн.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ:

-Энэхүү хуулийг боловсруулахад маш олон орны мэдээлэл аюулгүй байдлын бүтэц зохион байгуулалтыг судалсан. Ингэхэд хүчний байгууллага, бодлогын байгууллага хамтран ажиллах тал дээр маш олон жишээнүүд байсан. Цахим хөгжил, харилцаа холбооны шинээр байгуулагдах яам кибер аюулгүй байдлын бодлого зохицуулалтыг хариуцна. Зөвхөн төрийн онц чухал мэдээллийн дэд бүтцийн асуудлыг л Тагнуулын байгууллага хариуцаж байгаа болохоос биш хувийн хэвшил, иргэдийн мэдээллийн аюулгүй байдал руу Тагнуулын байгууллага нэвтрэхгүй.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Эрчим хүчний салбарт ажилладаг хувийн байгууллага байна гэж бодъё. Төртэй хамтарч байгаа систем дээр асуудал үүсвэл яах юм. Хүссэн хүсээгүй Тагнуулын байгууллага энэ асуудал руу орж л таарна. IT салбар  аливаа үйл ажиллагаанд Тагнуулын байгууллагаас зөвшөөрөлт авна гэсэн зүйл хуулийн төсөлд олон байна. Энэ нь эргээд энэ салбарын хөгжилд саад болох вий. Олон орны туршлага судалсан гээд л байна. АНУ-д гэхэд Тагнуулын байгууллага нь хянадаггүй л  санагдах юм.

Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Үндэсний төвийг Тагнуул, ХХМТГ-ын аль нь  удирдах вэ гэдэг нь ажлын хэсэг дээр их яригдсан. Нийтийн төв дээр нь хариуцуулах гэхээр онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагууд руу ирж байгаа халдлагууд ихэвчлэн тагнуулын зорилготой байдаг. Тиймээс үүнийг нийтийн төв хариуцах нь зохимжгүй учраас Тагнуулын байгууллага хариуцах нь зөв гэж үзсэн.

УИХ-ын гишүүд асуулт асууж,хариулт авч дууслаа. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлэв.

11 : 10
2021-12-16

"Монгол Улс генетик нөөцийг судалдаггүй"

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Тус хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. Тэрбээр “Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, биобэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан, эсхүл түүнээс санаа авч үйлдвэрлэсэн байдаг. Гэвч Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй, биотехнологийн шинжлэх ухаан дорвитой хөгжөөгүйгээс генетик нөөцийг хангалттай хэмжээнд судалж тогтоогоогүй, бүртгээгүй.

Цаашлаад хүний нөөцийн чадавх бүрдээгүй зэргээс байгаль дээрээс хувь хүн, гадаад, дотоодын хуулийн этгээд генетик нөөцийг зөвшөөрөл, хяналтгүйгээр цуглуулж ашиглуулдаг, гадагш гаргадаг, үр шим хүртээх талаар гэрээ байгуулж чадахгүй гадаад улс руу алдсаар байна. 2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгосон байна.

Улсын хилээр гарч байгаа ургамал, амьтан, бичил биетний эдийн засгийн ач холбогдол нь олон сая ам.доллараар хэмжигдэх бололцоотой бөгөөд эдгээр генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаанд гаргаж байгааг тооцох боломжгүй байна.

Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй байна. Иймд байгалиа хамгаалж ирсэн уламжлалт мэдлэгээ ахуйн соёлдоо шингээж өвлүүлж ирсэн ард түмний хувьд энэ байдлаа баталгаажуулах, генетик нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалтыг хуулиар зохицуулах нь чухал ач холбогдолтой юм.

Генетик нөөцийн тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетний үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

Хуулийн төсөл батлагдсанаар генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийн хамгаалалт сайжирч, үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж, ашиглалтаас бий болох үр шимийг Монгол Улс, эзэмшигчид хүртэх нөхцөл бүрэлдэхийн зэрэгцээ биотехнологийн ололт амжилтад тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, технологи дамжуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээл дээр гарах боломж бүрэлдсэнээр эдийн засгийн бодит эерэг үр дүн бий болно.

Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэргэжлийн зөвлөл байгуулахаар хуульд тусгасан. Төрийн захиргааны төв байгууллагын дэргэд мэргэжлийн зөвлөмж гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулах юм. Энэ зөвлөлийн бие даасан хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүднээс зарчмын зөрүүтэй саналуудыг тусгаад байна. Төрийн бус болон шинжлэх ухааны байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл гээд холбогдох салбарын эрдэмтэн, судлаач нар зөвлөлд ажиллана” гэлээ.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүд байсангүй. Зарчмын зөрүүтэй хоёр саналыг хэлэлцээд, Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлэв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

10 : 32
2021-12-16

"Тэтгэврийг 120 мянган төгрөгөөр нэмэхийн төлөө тэмцэнэ"

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргаж, үг хэлэв.

Тэрбээр “Ахмадуудын 60-70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үнийн өсөлт тэдэнд хүнд цохилт болж байна. Улсад 30-40 жил өндөр хувиар нийгмийн даатгал төлчхөөд, маш бага хэмжээний тэтгэвэр авч байна. Миний бие тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг, мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард нэлээн тэмцэж байж уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Харамсалтай нь, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээгүй. Тус хорооны дарга энэ хуулийг түүхий байна гэж хэлсэн. Гэхдээ тийм зүйл байхгүй. Мөн уг хуулийн төслийг өнгөрсөн Пүрэв гаригт УИХ-аар хэлэлцүүлэх санал гаргасан боловч даргын зөвлөл хэлэлцсэнгүй. Энэ хуулийг хэлэлцэхгүй байгаа учраас би ахмадуудтай хамтарч тэмцэхээр болсон. Би цахим хуудастаа “7 биш, 5 жилээр тэтгэврээ тогтоолгоцгооё” гэх нэртэй групп нээсэн.

Бүгд хамтдаа тэмцэхгүй бол болохгүй нь. Энэ хууль батлагдсанаар тэтгэвэр дээр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ. Нийтдээ 140 мянга орчим иргэнд 16 тэрбум төгрөг зарцуулна. Богд Зонхова бурхны цогцолборын тал мөнгө шүү дээ. 140 мянган хүний асуудлыг шийдэх энэ хуулийн төслийг залуу гишүүд дэмжиж ажилламаар байна. МАН түүхэндээ ихэвчлэн таван жилээр ажлаа төлөвлөдөг. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихдог. Тиймээс уг хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага байна. Энэ сард багтааж хэлэлцэх асуудалд оруулмаар байна. 2018 оноос хойш өргөн хэрэглээний барааны үнэ 52 хувиар өссөн. Цалин өндөр авдаг хүмүүст 1200 төгрөгөөр зарагддаг талх 1500 болох асуудал биш. Үнийн өсөлт орлого багатай, тэтгэвэр авдаг хүмүүст хамгийн хүнд дарамт болж байна” гэлээ.

Дараа нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн горимын санал гаргалаа. Тэрбээр “Өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг хойшлуулах санал гаргаж байна. Хууль санаачлагч гадаадад томилолтоор ажиллаж байна. Тиймээс энэ асуудлыг долоо хоногоор хойшлуулах саналтай байна. Монгол Улсын хэмжээнд үйлдвэржилтийг дэмжих, үйлдвэрлэгч нарт тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, гарц шийдлийг хайх зайлшгүй шаардлагатай. Тэр дундаа хүнд үйлдвэрлэл байхгүй.

Байхгүй зүйлээ бий болгохын тулд бодитоор хууль эрхзүйн орчин талаасаа бодит дэмжлэг үзүүлсэн, татварын эрхзүйн орчныг нь сайжруулсан дэмжлэг урамшуулалтай холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай. Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт боловсруулах, баяжуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг дэмжинэ гэж тусгагдсан.

Засгийн газраас оруулж ирсэн Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг үйлдвэржилтийн байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцсэн ч дэмжлэг авалгүйгээр унасан. Энэ асуудлыг нухацтай ярилцаж, гарц шийдлийг хайж Засгийн газар, УИХ-ын түвшинд ойлголцох хэрэгтэй. Асуудлуудаа нууж хаахгүйгээр ярилцах болсон” гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар байнгын хороонд шилжүүлэв. Мөн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлав. Үүний зэрэгцээ

  • Аймаг, нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл,
  • Аялал жуулчлалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл
  • Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл,
  • Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг тус тус эцэслэн батлав.
10 : 20
2021-12-16

УИХ-ын чуулган хуралдана

 Өнөөдөр, маргаашийн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэхээр товложээ. Үүнд: 

  • Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.06.30-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/
  • “Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахтай холбоотой загвар журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/
  • Ерөнхий сайдын мэдээлэл: “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар” хэлэлцэнэ. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж