С.Баярын хөл алдалт ба Л.Оюун-Эрдэнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

С.Баярын хөл алдалт ба Л.Оюун-Эрдэнэ

С.Баярын хөл алдалт ба Л.Оюун-Эрдэнэ

МАН-ынханд, Оюутолгойн гэрээ мордохын хазгай болсон гэдгийг “Рио тинто” зөвшөөрч, Монгол Улсын Засгийн газарт буулт хийчихлээ гэсэн магтаалаасаа өмнө арай өөрийг харах ухаан та нарт байна уу? Баярлаад л, бялууртал “долоогоод”, Засгийн газрын тэргүүндээ “баяр” хүргээд сүйд.

Энэ үнэхээр үнэн бол Монгол Улсын дараагийн саалийн үнээ гэгддэг "Оюутолгой"-н энэ гэрээг хазгай мордуулсан эрхмүүд хамгийн түрүүнд хариуцлага хүлээж таарна.

Зуун жилийнхээ ой дээр намын даргаар залагдсан Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ч ийм утгатай үг эрс шулуун хэлж, имижээ бүрдүүлж байгаа. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ах ч бай, найз ч бай, журмын нөхөр ч бай бүгдтэй нь тэр хариуцлага тооцоод л явна. Шинэ зууны залуусын их хүлээлт бол авлигагүй Монгол, үүнийг л Л.Оюун-Эрдэнэ чинь олж хараад үнэт зүйлээ болгосон гэсэн. Тэгэхээр хамгийн түрүүнд хариуцлага тооцогдох эрхэм бол стандарт бус Засгийн газар байгуулж, "Оюутолгой"-н гэрээг байгуулсан Санжийн Баяр. Энэ гэрээг өөрийн толгойгоор хариуцна гэдгээ ч хэлж байсан хүн.

Улс төрийн хэлмэгдүүлэлт биш, улс төрийн шударга үнэний төлөөс өөр тийш нь чиглэсэн гэдгийг С.Баяр баттай гадарлажээ. Барагтай бол барьц алдаад байдаггүй С.Баяр сүүлийн өдрүүдэд их л тух алдаж, 80-аад оны төлөөлөл болсон намын толгойд байгаа залуустаа хандаж бөхөлзөөд эхэллээ.

Бүх зүйл шалтгаантай. Бас утга учиртай. Учир нь юу гэвэл “Рио тинто”-гоос ирсэн бичигт нэг өгүүлбэр бий. "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын тайланд хөндлөнгийн аудит оруулж, дүгнэлт гаргуулах бүх эрхийг нь Монгол Улсын Засгийн газарт өгчихсөн аж. Гэхдээ тэд аудит компанийг сонгоход бидэнд мэдэгдээрэй гэсэн мессежийг нь хавсаргасан гэх. Дэлхийг дамнасан компани хэдий ч Ч.Улааны хэлээд байсан 2 тэрбум ам.доллар Монголд орж ирэлгүй гарсны шалтгааныг, та нар өөрсдөө ол гэсэн далд утгатай мессэж нуугаад дайчихсан юм биш биз дээ.

Бид хохироод үлдэхгүй, буруутныг та бүхэн өөрсдөө олоод, хууль журмаараа шийтгэ гэсэн санаа биш үү. Ийм л учраас экс ерөнхий сайд С.Баяр гэлбэлзээд эхэлсэн юм биш байгаа. С.Баяраас үзэгдэмгүй бөхийлт бас дипломат “долоолт” ч цахим сүлжээгээр дүүрэн зохион байгуулалттай тархаад буй. “Цар тахлын энэ хэцүү нөхцөлд, мөн сайн ажиллаж байна даа, залуу ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Олон түмний дэмжлэг одоо л энэ залууд хэрэгтэй байна” гэж ирээд л маш алсуур, маш зөөлөн хүчээр намирах нь эрс шулуун гэх тодотголтой С.Баяраас гарамгүй үг, бас үйлдэл. МАН-ын туршлагагүй, мэдлэггүй залуусын хажууд энэ цаг үеийн хамгийн том стратегич гэгдсэн энэ хүн яагаад ийн барьц алдав.

Үнэндээ бол гүйцэтгэх засаглалын тэргүүндээ ч биш. Ажлаа мэддэг хүмүүсээр багаа бүрдүүлж, ажлын хэсэгт оруулсан нь цагийн шалгуураар илэрч, "Оюутолгой"-н гэрээ зөв замдаа орсон гэвэл илүү онох байх. Асуудлыг ултай, суурьтай улстөржсөн өнцгөөс бус, ном журмынх нь дагуу тайлбарлаж ирсэн Б.Солонго талуудын талаар тайлбар өгөхөд үг хэлүүлэхгүй гэж ямар хөгийн үйлдэл үзүүлж байгааг шууд дамжуулалтаас харсан л байх.

Учир нь түүнийг гавьяаг эхнээсээ өмчлөөд эхэлсэн хойно, арга байж уу? Түүнийг хориглосон нь "Попууд"-аас илүү бодит үнэнийг хэлчих вий гэж болгоомжилсон болов уу.

Нам доторхи авлигачтайгаа тэмцээд, авлигагүй Монголыг бий болгох юм бол С.Баяр, С.Батболд мэтийг хэлсэн хэлээгүй түмэн олон бүчнэ.

Нэг л зүйлийг хэрэг болгож асууя. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хойд хөршид хийж буй айлчлалын багт С.Баярын нэрээ оруулахаар явсан гэх "тамхины цэг"-ийн мэдээлэл ямар учиртай юм бол… Хардах эрхийнхээ хүрээнд таамаглавал улс төрд эргэн ирэх гэж тэмүүлэхээс илүүтэйгээр амиа авч гарах гэсэн сүүлийн арга гэж дүгнэмээр санагдана. Хэрэг хийгээгүй, нуух хаах зүйлгүй юм бол яагаад залууст хөл алдаад байна даа гэж сэрдмээр.

“Рио Тинто”-той хэл амаа ололцох ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ гэхээсээ У.Хүрэлсүх байгуулсан нь явсаар өнөөгийн мэдэгдэл хийх хэмжээнд хүрсэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэтэл Оюутолгойг хөдөлгөсөн гол хүн өөрсдийнх нь хийсэн гэрээг илт үгүйсгэж байхад өөрийн биеэр хариуцах хүн ийн хөл алдаад буйн цаана ямар учир байна вэ?

Үе үеийн Ерөнхий сайд нартай Л.Оюун-Эрдэнэ уулзахад үүдэнд нь шахуу суугаад байсны цаад учир үүнд юм биш биз? Алга ташиж байгаад ар хударгаар нь унах нүхийг нь ухаад, ууртай нь аргагүй  ирсэн М.Энхболдыг түлхэн гарч ирээд яасныг нь мэдэхийн хувьд С.Баяр хуучны имижээрээ бол шууд л зайгаа бариад, зангарагтай үгээ чулуудаж, ухамсарын шанаа өгөх байлаа. Гэвч тэгсэнгүй. Вакциныг эс тооцвол Л.Оюун-Эрдэнийн засгийн газар эдийн засгаа аврах талаар маш их ярьсан ч бодит байдал дээр шатахуун, хилийнхээ асуудлыг ч шийдэж чадахгүй байгаа төдийгүй, аж ахуйн нэгжүүдийн хувьд том дарамт болж буй. Үрэлгэн, хөшөө дурсгалд хөрөнгө оруулсныг л гавьяа гэхгүй юм бол шүү дээ.

…Залууст цаг үеийг нь үлдээх хэрэгтэй, гомдсон юм алга гэх үгсийг жиргэж суусан хүн яагаад гэнэт?

“Ялаа эдлээд гарсан, улс төрөөс явсан, тэтгэврийн надад аль нэг том, жижиг даргад тал засах хэрэг алга. Ковид-бухимдал их байна гээд эрүүл ухаан багасах ёсгүй. Юутай ч ikon.mn дээр буй артикль унш, бод, дүгнэ. Тэгсний дараа маргая, муулъя. Хоосон хараал нэмэргүй” гэх үг одоо юу бодогдуулж байна даа?

С.Баярын багийг Л.Оюун-Эрдэнийн багтай харьцуулбал газар, тэнгэр шиг ялгаа бий. Хорин мянган хувьсагчийг бодож олсноос эхлээд, том том "нээлт" хийснийг бид бүхэн санаж буй. Гэтэл тал засаад, алсуур магтаад буй нь бүр ч эргэлзээ төрүүлээд байна!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж