Манай сайтын тоймч Ж.Нямсүрэн Москвагаас мэдээлж байна.
Тусгай үүргийн онгоцоор Москвад хүрэлцэн очсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр /2021.12.16/ албан ёсоор эхэлнэ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Кремлийн ордонд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм. Монгол Улс 1921 онд Оростой дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тиймээс энэхүү айлчлалыг "түүхэн" хэмээн хоёр улсын дипломатчид тодотголоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурван жилийн өмнө буюу Ерөнхий сайд байхдаа тус улсад албан ёсны айлчлал хийж, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ” байгуулж байв. Тэгвэл Халхын голын дайнд ялсны 80 жилийн ойн хүрээнд буюу 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд “зочлохдоо” иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоож байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх транзит Монгол болохоо НҮБ-ын индэр дээрээс зарлаж байлаа. Энэхүү айлчлалаар ОХУ, Монголын эдийн засгийн харилцааг өргөжүүлж, хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн коридор, байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дамжуулах зэрэг томоохон төслүүдийн талаар хөндөх аж.
ОХУ-ын Төрийн тэргүүнтэй хийх Ерөнхийлөгчийн ганцаарчилсан уулзалтын хүрээнд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар илүү өргөнөөр ярилцана гэсэн мэдээлэл байна. Уулзалтаас “100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргахаар төлөвлөжээ.
Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Соёлын сайд Ч.Номин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Энхболд, Д.Өнөрболор зэрэг албаны хүмүүс гадна бизнесийн төлөөлөгчид багтжээ.
Монгол, Оросын худалдааны эргэлт 2021 оны эхний 11 сарын байдлаар 1.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 37.8 хувиар өссөн хэдий ч энэ маш бага үзүүлэлт юм. Монгол Улсын гадаад худалдааны дөнгөж 12 хувийг л Орос эзэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголоос ОХУ руу хийх экспортын хэмжээ ердөө 100 сая ам.доллар бол импорт 1.7 тэрбум ам.долларт хүрсний дийлэнхийг бензин, шатахуун эзэлж байна.
Оросоос монголчууд газрын тосны бүтээгдэхүүн, улаан буудай, цахилгаан эрчим хүч, автомашин, вагон худалдаж авдаг. Эсрэгээрээ гянт болд, зэс, жонш, адууны мах, чулуун нүүрс, сүлжмэл зэрэг цөөн тооны нэрийн бүтээгдэхүүн гаргадаг.
Ерөнхийлөгчийн айлчлалын өмнөхөн Оросын тал Монгол руу гурван элч төлөөлөгчөө илгээсний нэг нь В.В.Абрамченко. Тэрбээр “Монгол Улсад шаардлагатай эрчим хүчний хэрэгцээг Галуут нуурын цахилгаан станцаас хангахад бэлэн байгаа”-гаа илэрхийлсэн талаар “Риа Новости” агентлаг мэдээлсэн ч Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр тухайн үед “Эгийн голын УЦС барих асуудлаар онцгойлон яриагүй. Гэхдээ эрчим хүчний нийлүүлэлтээ хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа хэлсэн. Хоёр талын ерөнхий байр суурь бол энэ төсөл дээр хамтарсан судалгаа хийхэд нэгдсэн. Орос том гүрэн, том ашиг сонирхолтой. Монгол Улсад ч гэсэн өөрийн ашиг сонирхол бий. Үүнийгээ хоорондоо ярилцаж байгаад ойлголцох ёстой” гэсэн байр суурийг хэвлэлд илэрхийлж байлаа.
Кремлийн эзэнтэй уулзсаны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөхөөр айлчлалын хөтөлбөрт товлогджээ.
Уг хөшөөг 2015 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үеэрээ Оросын ард түмэнд Монголын ард түмний өмнөөс бэлэглэж байсан юм.
2.5 тонн жинтэй уг хөшөөг уран барималч А.Очирболд бүтээжээ.
Холбоотой мэдээ