Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа салбар бол уул уурхай. Улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг гол эх үүсвэр болсон энэ салбарыг одоогоор орлох салбар манай улсад байхгүй. Уул уурхайн салбарын цаашдын хөгжлийн талаар салбарын төлөөллүүд дараах байр суурийг илэрхийлэв.
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ДЭЛХИЙН ЖИШИГТ ХҮРЭХ ЁСТОЙ
Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Н.АЛГАА:
-Монголын уул уурхайн салбарт компанийн засаглалтай холбоотой тулгамдсан асуудлууд бий. Байгаль орчны хууль тогтоомжийн биелэлт хангалтгүй, нөхөн сэргээлт муугаас гадна хүний эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал ч эрсдэлтэй. Энэ мэтчилэн асуудлууд олон бий. Уул уурхайн салбар өнөөдөр жижиг дунд, үндэстэн дамнасан төрийн өмчит компани гэх мэт маш олон өнгө төрхтэй. Засаглал нь ч өөр өөрсдийнхөөрөө атал сайн нь ховор. Гэсэн ч уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бол хуулийн шаардлагуудыг биелүүлэх ёстой. Хууль эрхзүйн орчин хангалттай ч биелэлт нь хангалтгүй байна. Ирээдүйд жижиг дунд уул уурхайн компаниуд жишиг дагаж сайжрах ёстой. Том компаниуд ч манлайлах нь зүй ёсных. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд цар тахлын улмаас уул уурхайн салбарын тогвортой үйл ажиллагаа тасалдсан. Энэ хугацаанд борлуулалт тасрах, сайн ажилтнаа хадгалж үлдэх зэрэг маш олон саад бэрхээлийг туулсан. Уул уурхайн салбарт тэргүүлж буй АНУ, Австрали зэрэг улсын компаниудын туршлага хариуцлага, тогтвортой хөгжил. Байгалийн нөөцийг зохистой ашиглаж, иргэдэд үр өгөөжтэй хүртээх, хүний эрхийг дээдлэх, дэлхийн хэмжээний түвшинд тогтвортой хөгжлийн бодлого руу явах ёстой. Үүний гүүр нь өнөөдөр яригдаад буй хариуцлагатай уул уурхай. Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дэлхийн жишиг рүү дөхөх асуудал яригдаж байна. Өнөөдөр хөрөнгийн биржид бүртгэлтэй “Рио Тинто”, “Тавантолгой” зэрэг компани шинэ түвшинд очсон байхад жижиг компаниуд хоцорсон. Эдгээр жижиг уул уурхайн компаниудыг төр зогсоож, лицензийг нь хураах боломжгүй. Иймд жижиг уул уурхайн компаниудыг иргэдийн хяналт руу оруулах манлайлал хэрэгтэй.
УУЛ УУРХАЙН САЛБАР ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЖ БУЙ БОДИТ НӨЛӨӨЛЛИЙГ ТОДОРХОЙЛЖ ЧАДСАНГҮЙ
Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн Д.ЖАРГАЛСАЙХАН:
-Уул уурхайн үйлдвэр бол вакум доторх эд биш. Нийгмийн нэг хэсэг нь боловч бусад бүх салбартайгаа холбогддог. Автомашинтай зүйрлэвэл нэг эд анги нь юм. Уул уурхайн үйлдвэрийн худалдан авалтаар дамжин ажлын байр, орлого, улсад татвар төлөх зэрэг нийгэмд үзүүлэх дам нөлөөтэй. Нийгэм, эдийн засгийн бусад салбарт цочир өсөлтүүдийг бий болгодог. Харин бид уул уурхай манай улсын эдийн засагт үзүүлдэг нөлөөллийг бодитоор харж чадалгүй, заримыг нь орхиж байна. Хэрэв нөлөөллийг нь бодитоор харж чадвал манай улсын уул уурхайн салбар зөв чиглэл рүү явж байгаа эсэхийг тодорхойлж чадах юм. Тиймээс бидэнд энэ салбарыг илүү тод харах загвар хэрэгтэй. Харамсалтай нь, загвар байхгүй учраас уул уурхайн эдийн засагт үзүүлж буй нөлөөллийн талаар зөв бодит дүгнэлт хийж чадахгүй байна.
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙХ НЬ ХӨГЖЛИЙН ГОЛ ЧИГЛЭЛ
Олборлох үйлдвэрлэл, ил тод байдлын санаачилгын ажлын албаны зохицуулагч Ш.ЦОЛМОН:
–Уул уурхайн салбарт дэлхий дахины хандлага ч өөрчлөгдөж байна. Өмнөх шигээ ашгийн төлөө хөөцөлдөх нь зохимжгүй болж, байгаль орчин ч доройтох болсон. Тиймээс уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд аль болох байгаль орчинд ээлтэй технологи ашиглаж байна. Олон тооны технологийн шинэчлэл, арга барилын шинэчлэл хийж байна. Зарим талаар орон нутагт уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болж байна. Учир нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Иймд олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулах, арга барилаа өөрчлөх зайлшгүй нөхцөлд хүргэж байна. Энэ ч үүднээс уул уурхайн компаниуд ёс зүй, хариуцлагатай байх нь цаашдын хөгжлийн гол чиглэл байх юм. Өөрөөр хэлбэл, цаашид хариуцлагагүй уул уурхай хөгжихгүй. Хууль дүрмээ биелүүлдэггүй, орон нутгийн иргэдийг хүндлэхгүй, байгаль орчноо хамгаалахгүй тухайн уул уурхайн компанийг ажиллуулахгүй.
ОРОН НУТАГТ ИРГЭДИЙН ОЙЛГОЛТЫГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
"Тавантолгой" ХХК-ийн Стандарт үнэлгээний албаны дарга Х.ЭНХТУЯА:
-"Эрдэнэс Тавантолгой" ХХК хариуцлагатай уул уурхайн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд цар тахлын гамшигийн хүнд нөхцөл байдалтай тулгарлаа. Хэдийгээр хүндрэл бэрхшээл асуудал байсан ч тухай бүрт асуудлыг шийдэж, үйл ажиллагаагаа таслахгүй байхыг зорьж, өнөөдрийг хүртэл эдийн засагт хувь нэмрээ оруулж ирлээ. Цар тахал дэлхий нийтэд шинэ сорилт болсон. Бидний хувьд ч мөн адил бизнесийн үйл ажиллагааг эрсдэлд суурилах, учирч болзошгүй эрсдэлээ тооцох, хариу арга хэмжээ авах зэргээр эрсдэлээ тооцох сургамж боллоо. Ер нь уул уурхайн салбар гэхээр иргэдийн дунд газар ухаж тонодог, байгальд хор хөнөөлтэй зэрэг хандлага нийтлэг. Дараагийн хөгжлийн гол чиглэл иргэд, төрийн байгууллага, хувьцаа эзэмшигчид нэгдсэн ойлголттой байх нь чухал байна. Уул уурхайд тулгуурлан дэд бүтэц, бусад хөгжлийн асуудлаа шийдэх шаардлагатай. Төмөр зам болон шинэ төслүүд хэрэгжүүлэхэд манай компани хувь нэмрээ оруулна.
Холбоотой мэдээ