Сурвалжлага: Энэ жил ананастай тахиа баярын цэсэд байхгүй

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Энэ жил ананастай тахиа баярын цэсэд байхгүй

Сурвалжлага: Энэ жил ананастай тахиа баярын цэсэд байхгүй

Арванхоёрдугаар сар шувтарч, ананастай тахиа "мода"-нд ордог үе ирлээ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас баярлаж чадаагүй монголчууд энэ жил баяраа нижгэр тэмдэглэж байгаа харагдана. Үдэш бүр хотын гудамжаар гоёж гангалсан бүсгүйчүүд, залуус баяртаа хоцрохгүйн тулд яарна.

Ресторан, зочид буудлын хүлээн авалтын танхимууд ч баярын орчныг боломжоороо бүрдүүлж, уур амьсгал оруулжээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд нэг зүйл ажиглагдаж байсан нь үйлчилгээний газруудын орчин нөхцөл, хүмүүсийн гоёл өөрчлөгддөг ч баярын цэс, багцууд нэг хэвийн, жилээс жилд ананастай тахиагаар дагнадаг байв. Энэ жилийн баярын багцад юу юу багтаж байгаа талаар сурвалжиллаа.

Улаанбаатар хотыг тольдох боломжтой, "Сити тауэр"-ийн 26 дугаар давхарт байрладаг “Хайнаг” рестораны хувьд 40-50 хүний захиалга авах бүрэн боломжтой бөгөөд багцаа дундаж үнээр гаргажээ. Тодруулбал, 80 мянга, 100 мянга, 120 мянгын багц байгаа аж. Багцад салат, уух зүйлс, оргилуун дарс, дессерт, хоёр төрлийн үндсэн хоол багтжээ.

"Хайнаг" рестораны менежер Э.Ганчимэг “Энэ жил манайх анх удаа шинэ жилийн захиалга авч байна. Манай онцлог гэвэл 26 давхарт байрладаг. Дээрээ террастай. Онгоц буудаг талбай бий. Шөнийн Улаанбаатарыг хамт олноороо тольдон, оргилуун дарс буудуулах боломжтой” гэж ярив.

Өнөөдрийн байдлаар тус ресторанд 10 гаруй байгууллага хамт олон захиалга өгөөд буй юм байна.

Э.Ганчимэг “Энэ жил манайх баярын цэсдээ тахиа оруулаагүй. Жилээс жилд л ананастай тахиа гардаг шүү дээ. Манайх стейк санал болгож байна. Гахай, үхрийн гол мах, хонины хавирган стейкүүд бий” гэлээ.

Үүний дараа 20 дахь жилдээ шинэ жилийн баярын хүлээн авалт зохион байгуулж буй “STO by Serj” рестораныг зорив. Хүнсний 50 дугаар дэлгүүрийн эсрэг талд "Сант Асар" төвийн нэгдүгээр давхарт байрлах тус ресторан 70-80 хүн хүлээн авах хүчин чадалтай аж. Мөн л 99 мянга, 129 мянга, 159 мянган төгрөгийн гурван төрлийн багцыг үйчлүүлэгчиддээ санал болгож байна. Багцад салат, уух зүйлс, хоёр төрлийн үндсэн хоол, коктейль, дессерт, угталтын халуун вино зэрэг багтжээ.

Зохион байгуулагч Х.Булган “Манай рестораны гол онцлог бол амт, чанар дээд зэргийнх. Шинэ жил, хүлээн авалтын 20 жилийн туршлага байна. Манай тогооч Германд олон жил ажилласан мэргэшсэн хүн бий” гэв. Түүнээс үндсэн цэсдээ ананастай тахиа багтаасан эсэхийг асуухад “Одоо ананастай тахиа улиг боллоо. Манайх стейк давамгай хийдэг. Мэдээж тахиа байхгүй бол болохгүй. Тахиа, гахайн цорой цэсэд бий” гэж хариулав.

Эцэст нь нийслэлчүүдийн хэзээний танил “Grandkhaan Irish Pub”-аар орлоо. Тус паб энэ жил 30-50 хүний багтаамжтай хүлээн авалтын заал болон 80-120 хүний багтаамжтай төв зааландаа захиалга авч байгаа аж. Гурван төрлийн багцийн үнийн хувьд 120 мянга, 160 мянга, 200 мянган төгрөг бөгөөд багцад байх ёстой бүхий л зүйлс багтжээ.

“Grandkhaan Irish Pub”-ын Үйлчилгээ хариуцсан менежер С.Мөнхсаруул “Өнгөрсөн жилүүдэд харилцагч, тогтмол үйлчлүүлдэг байгууллагуудынхаа шинэ жилийн баярыг зохион байгуулдаг байлаа. Өндөр сэтгэгдэлтэй буцсан хүмүүс таньдаг хүмүүстээ хэлсээр манайд захиалга өгөх сонирхолтой хүмүүс олширчээ. Энэ жил манайх уг нь захиалга авахгүй гэж байсан. Одоо хоёр зааландаа захиалга авч байна” гэв.

"Багцаа өөрчлөх боломж нээлттэй. Жижиг хүлээн авалтын заалны захиалга дүүрчихээд л байна. Харин төв заалны захиалга бий" гэсэн юм.

Мөн "Манай үндсэн хоол тахиа-үхрийн мах, тахиа-гахай, гахай-загас гэсэн сонголтууд бий. Манайх хоолны амт чанар сайн, баталгаатай, онцгой сонголт байж чаддаг. Энэ тал дээр гомдол ирж байсангүй. Бид үүндээ бардам байдаг. Үйлчилгээний чанар, тав тухтай орчныг бид амалж чадна" гэлээ.

Багцын үнэ олон төрөл байгаагийн шалтгаан нь бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, нэмэлт зүйлстэй холбоотой аж.

Ямартай ч энэ жил ананастай тахиа баярын цэсэд багтаагүй, энэ нь тахиа хомсдсоноос биш, ананстай тахиатай хоолноос ресторанууд, үйлчлүүлэгчид "залхсан"-тай холбоотой бололтой.

Хил, гааль хаалттай, нэг хэсэг тахиа, гахай, нарийн ногооны хомсдол үүссэн ч одоо хэвийн болсон нь дээрх ресторануудаас харагдав. Бүх төрлийн салат, тахиа, гахайны үндсэн хоолууд ямар ч асуудалгүй гарна гэдгийг дээрх менежерүүд хэлж байна. Ийнхүү бүтэн хоёр жил хөл хорионд байсан монголчууд шинэ жилээ тэмдэглэж, ресторан, пабууд захиалгадаа дарагдаж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж