Залуус орон нутгаасаа дайжиж, хот руу "дүрвэж" байна

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

Залуус орон нутгаасаа дайжиж, хот руу "дүрвэж" байна

Залуус орон нутгаасаа дайжиж, хот руу "дүрвэж" байна

“… Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас нөхөр, таван хүүхдийн хамт ирсэн. Манай суманд ажлын байр байхгүй. Шилжин ирсний дараагаар манай нөхөр ажил хийгээд, би хүүхдүүдээ харж байна. Би уншиж, бичиж мэдэхгүй, нэгдүгээр ангиасаа сургуулиас гарсан. Гэртээ хүүхдүүдээ хардаг"

Эмэгтэй, 35 настай.

“… Би Увс аймгийн Баруунтуруун сумаас шилжин ирсэн. Гурван хүүхэдтэй. Миний шилжилтийн гол зорилго бол хүүхдүүдээ сайн сургуульд өгөх, амьжиргаагаа дээшлүүлэх байсан. Хөдөө орон нутагт ямар ч ажлын байр байхгүй”

Эмэгтэй, 40 настай.

Энэ иргэд шиг хөдөөнөөс хотыг чиглэсэн их нүүдлийн цуваа өнөөдөр ч үргэлжилсээр. Энэ бүхэн зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оноос эхлэлтэй гэдэг. Хөдөө орон нутагт ажлын байр үгүй болж, иргэд амьдрахын эрхээр хот газар бараадах болсон. Бид шилжилт хөдөлгөөн хэрээс хэтэрлээ, сумд эзгүйрлээ гэж байнга ярьдаг.

Тэгвэл энэ талаар Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөнийг ойлгож, зохицуулах нь” төслийн хүрээнд Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалжээ.

Судалгаанд Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн нийт 2505 өрхийг хамруулсан байна. Судалгаагаар 2014-2016 онд шилжин ирсэн 486 шилжигч, 2017-2020 онд ирсэн 536 шилжигч, бүртгэлгүй 540 шилжигч, 943 шилжигч бус өрхүүд багтжээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн насны бүтцийг харахад, хөдөлмөрийн насныхан илүү өндөр хувь эзэлж байна. Шилжигчдийн дийлэнх нь 20-34 насны, ганц бие буюу огт гэрлэж байгаагүй, бүрэн дунд боловсролтой залуучууд байна. Эндээс харахад, дөнгөж сургуулиа төгссөн залуусаар эгнээгээ өргөтгөн, улам залуужиж, хөдөлмөрийн насны хүн ам хөдөө орон нутгийг орхиж буйг энэ тоо илтгэнэ.

Судалгаанд хамрагдсан өрхүүдийн гуравны нэг нь Хангайн бүс (37%)-ээс Улаанбаатарт шилжин ирсэн байна. Үүний дараа Төвийн бүс орж байна (21.3%). Зүүн бүсээс шилжин ирэгсэд хамгийн бага хувийг эзэлж байна.

Шилжигчдийг уугуул аймгаар нь ангилвал, Архангай, Төв, Баянхонгор, Булган, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэд өндөр хувийг эзэлжээ.

Шилжигчдийн ойролцоогоор бараг 60 хувь нь эдийн засгийн шалтгаан, ялангуяа, хөдөлмөр эрхлэлт, амьжиргаагаа дээшлүүлэхээр хотод шилжин иржээ. Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой шалтгааны улмаас хотод шилжин ирсэн иргэд бүртгэлгүй шилжигчдийн дунд өндөр хувийг эзэлж байна.

Шилжигчдийн бараг 20 хувь нь боловсролтой холбоотой, зургаан хувь нь хүүхдийнхээ ирээдүйн төлөө, таван хувь нь гэр бүлийн шалтгааны улмаас хотод шилжин ирсэн гэжээ. Хотын гэр хороололд амьдардаг өрхүүдийн хувьд дийлэнх нь орон нутгаас шилжин суурьшигчид байгаа юм.

Тухайн иргэдийн хотод шилжин ирэхээсээ өмнө амьдарч байсан газрын байршлыг харахад, шилжигчдийн бараг тэн хагас нь аймгийн төвд амьдарч байсан байхад ердөө наймхан хувь нь сумын төвд амьдардаг байжээ. Үлдсэн 44 хувь нь алслагдмал хөдөө нутагт амьдарч байсан аж.

Шилжин суурьшигч хүн амын ойролцоогоор дөрөвний нэг нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан бол хотод ирсний дараа тэдний дийлэнх нь бусад салбар руу шилжиж, дундаж орлого нь өмнөхөөсөө нэмэгдсэн байна.

Цар тахлын нөлөө шилжигч өрхийн хөдөлмөр эрхлэлтэд тодорхой хэмжээнд өөрчлөлт авчирчээ. Өрхүүдийн дийлэнх нь өр зээл, түрээс төлөх болон ашиглалтын зардлаа хангахад хүндрэлтэй байсан гэжээ.

Бараг гурван өрх тутмын нэг нь хуримтлалаа хэрэглэсэн бөгөөд хамгийн дээд тал нь зургаан сарын хугацаанд хуримтлалаараа амьдрах боломжтой гэж хариулсан байна.

Өрхийн тэргүүлэгчдийн дийлэнх нь шилжин ирснийхээ дараа цалин хөлстэй ажилд орох, эсвэл өрхийн аж ахуй, бизнес эхлүүлсэн байна. Харамсалтай нь, нийслэл хотын хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байр хомс учраас шилжин ирэгсэд ихэвчлэн албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байна.  Улаанбаатарт шилжин ирсэн өрхүүд хөдөө орон нутагт цалин хөлс хэт бага, ажлын байр хомс, амьдралын чанар муу зэрэг шалтгааны улмаас буцан шилжих сонирхолгүй байна.

Орон нутгийн иргэд Улаанбаатар руу ирэхийн тулд эхлээд баг, сумын төвөөс аймгийн төв рүү, мөн нэг аймгаас нөгөө аймаг руу шилжин, эцэст нь нийслэл хотод шилжин ирж байгааг судалгааны дүн батлан харуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж