"Харгис дарангуйлагч"-ийн замнал үргэлжлэх үү?

Хуучирсан мэдээ: 2021.12.16-нд нийтлэгдсэн

"Харгис дарангуйлагч"-ийн замнал үргэлжлэх үү?

"Харгис дарангуйлагч"-ийн замнал үргэлжлэх үү?

XXI зууны "харгис дарангуйлагч" Ким Жон Ун дэлхийн хамгийн хаалттай орныг удирдаж эхэлсний 10 жилийн ой энэ Ням гариг /2021.12.19/-т тохиож байна. Эцэг Ким Жон Ил нь зүрхний шигдээсээр таалал төгссөнийг 2011 оны арванхоёрдугаар сарын 19-нд албан ёсоор зарласнаар тэрбээр төрийн эрхийг залгамжилсан. 1910 оноос хойш Японы эзэрхийлэлд байсан Солонгосын хойгийг дэлхийн II дайны төгсгөлд чөлөөлсөн боловч үзэл суртлын улмаас нэг үндэстэн хоёр хуваагдсан юм. Улмаар Ким Ил Сун тэргүүтэй коммунистууд Хойд Солонгосыг үүсгэн байгуулав. Өдгөө тус улсыг Кимийн гурав дахь үеийн залгамжлагч удирдаж байна.

Ким Жон Ил дөрвөн эхнэртэй байсан бөгөөд таван хүүхэдтэйд тооцогддог. Түүнийг төрийн эрхэнд гарсны дараа Хойд Солонгосын тэргүүн хатагтайгаар өргөмжлөгдсөн Ко Ён Хигийн гурван хүүхдийн дундах нь Ким Жон Ун байв. Ах Ким Жон Чоль нь “эмэгтэйлэг”-т тооцогдсон учир “гологдож”, дүү Ким Жон Ун нь эцгийнхээ залгамжлагчаар сонгогдсон гэж үздэг.

Ким Жон Чоль өдгөө 40 настай бөгөөд Пёньянд улс төрөөс ангид амьдардаг аж. Түүнийг нэгэн хамтлагийн гитарчин гэж Лондонд суух Хойд Солонгосын Элчин сайд асан хэлж байв. Харин охин дүү Ким Ё Жон нь ахынхаа баруун гараар ажиллаж, олон улсад танигдсан улстөрч эмэгтэй болсон. Зарим ажиглагчид түүнийг Ким Жон Уны залгамжлагчдын нэгээр нэрлэдэг.

Ким Жон Уныг удирдагч болсны дараа түүнийг Швейцарьт боловсрол эзэмшсэн, сагсан бөмбөгт дуртай гэхээс өөр мэдээлэл хомс байв. Гэвч тэрбээр олон улсын ажиглагч нарын таамаглаж байснаас тэс өөр харгис, шийдэмгий хүн гэдгээ эцэг нэгт ахыгаа замаасаа “зайлуулж”, хүргэн ахыгаа хөнөөснөөр харуулсан.

Түүний цөмийн зэвсэг, баллистик пуужингийн амбиц Солонгосын хойгт дахин дайн дэгдэх вий гэх айдсыг үргэлж төрүүлдэг. Гэсэн ч тэрбээр олон улсын харилцаанд чадварлаг дипломатч гэдгээ дайсагнагч АНУ болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нартай хийсэн дээд хэмжээний уулзалтаар батлан харуулсан.

Өдгөө цар тахал, олон улсын хориг, байгалийн гамшиг хавсарснаар хүнд байдалд орсон эдийн засгаа хэрхэн аварч, цааш авч явах вэ гэдэг нь түүний өмнө тулгарсан хамгийн том сорилт болжээ. Магадгүй энэ үе Ким Жон Ун цаашид 10, эсвэл түүнээс урт хугацаанд Хойд Солонгосыг удирдах уу гэдгийг шийдвэрлэх эгзэгтэй үе гэж ажиглагчид үзэж байна.

КИМ ЖОН УНЫ АМЬДРАЛЫН ОН ДАРААЛАЛ

ӨВ ЗАЛГАМЖЛАЛ

  • 1984.1.8: Ким Жон Ун эцгийнхээ гурван хүүгийн бага болж төрсөн.
  • 2010.9 сар: Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг Ким Жон Уныг дөрвөн одтой генерал болсныг мэдээлснээр анх удаа олон нийт нэрийг нь сонссон.
  • 2010.10 сар: Ким Жон Ун цэргийн сүрт жагсаалын үеэр Пёньяны төрийн ордны тагт дээр өвөөгийнхөө хөргийн хажууд зогсож буй нь телевизээр гарсан. Ийнхүү тэрбээр анх удаа олон нийтийн өмнө харагджээ.
  • 2011.12.17: Ким Жон Ил 69 насандаа таалал төгссөн.
  • 2011.12.19: Ким Жон Илийн нас барсныг төрийн мэдээллийн хэрэгслийн үдийн тусгай хөтөлбөрөөр нийтэд зарлаж, Ким Жон Уныг “аугаа залгамжлагч” гэж зарлажээ.
  • 2011.12.30: Ким Жон Ун Хойд Солонгосын 1.2 сая цэрэгтэй армийн дээд командлагчаар нэрлэгдсэн. Энэ нь эцгээ нас барсны дараа хүлээж авсан эхний албан тушаал нь байв. Дараагийн саруудад нь тэрбээр Хөдөлмөрийн нам болон Үндэсний батлан хамгаалах зөвлөлийн тэргүүн болсноор төрийн эрхийг барих үйл явц үргэлжилсэн.

ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ

  • 2012.7 сар: Хойд Солонгосын армийн дарга Ри Ён Хог хашиж байсан бүх дээд албан тушаалаасаа халагдсан. Энэ нь Ким Жон Уны их цэвэрлэгээний эхлэл байсан гэж үздэг.
  • 2013.12 сар: Ким Жон Ун өөрийг нь чиглүүлэгч, өндөр эрх мэдэлтэй Жан Сун Тэкийг авлига, эх орноосоо урвасан гэх олон хэрэгт буруутган, олны өмнө цаазалсан.
  • 2015.5 сар: Батлан хамгаалахын сайд Хён Ён Чолийг хэдэн сарын өмнө өөрийг нь шүүмжилснээс гадна хурлын үеэр унтсан гэж буруутган, их буугаар буудаж цаазалсан гэж Сөүлийн тагнуулын агентлаг мэдээлсэн.
  • 2017.2 сар: Удирдагчийн эцэг нэгтэй том ах Ким Жон Нам Малайзын нисэх буудал дээр явж байхдаа мэдрэлд хүчтэй нөлөөлөх бодист хордож нас барсан. Түүний нүүр рүү химийн бодис цацсан сэжигтэн хоёр эмэгтэйг баривчилсан. Түүнийг хөнөөх захиалгыг Ким Жон Ун өгсөн гэдэг ч Пёньян үгүйсгэсэн.

ЦӨМИЙН АМБИЦ

  • 2012.12 сар: Хойд Солонгосоос сансарт пуужин хөөргөсөн гэж мэдээлсэн ч барууныхан үүнийг анх удаа холын зайн тусгалтай пуужингийн туршилт байсан гэж үздэг. Улмаар НҮБ-аас Хойд Солонгосыг хориотой пуужингийн технологийн туршилт хийсэн гэж буруутган, эдийн засгийн хориг арга хэмжээ авсан.
  • 2013.2 сар: Пёньян гурав дахь удаагаа цөмийн зэвсгийн туршилт хийсэн. Кимийн дэглэм ийнхүү анх удаа атомын бөмбөг дэлбэлж туршчээ.
  • 2016 он: Хойд Солонгос хоёр удаа цөмийн туршилт хийж, хоёр дахь хиймэл дагуулаа амжилттай хөөргөв.
  • 2017.4 сар: Тив алгасах баллистик пуужингийн анхны туршилтыг хийсэн. Үүнийг АНУ-ын тусгаар тогтнолын өдөрт илгээсэн Ким Жон Уны “бэлэг” гэж нэрлэсэн. Тухайн онд Пёньян дахин хоёр ч удаа тив алгасах баллистик пуужин туршсан.
  • 2017.8 сар: АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Пёньянд хандан “Тамын галд шатна шүү” гэж анхааруулсан. Хариуд нь Пёньянаас Гуам руу пуужингуудаа харвана гэж сүрдүүлжээ.
  • 2017.9 сар: Хойд Солонгос зургаа дахь удаагаа хамгийн хүчтэй цөмийн зэвсэг туршсан. Үүнийгээ тив алгасах баллистик пуужинд зориулсан устөрөгчийн тэсрэх бөмбөг гэж мэдээлсэн.

ДИПЛОМАТ ОРОЛДЛОГО

  • 2018.4 сар: Ким Жон Ун дайсагнагч өмнөд хөрш Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзсан. Энэ нь 1945 оноос хойш хоёр орны төрийн тэргүүн нарын хийсэн гурав дахь уулзалт байв. Үүнээс хойш тэд хоёр удаа дээд хэмжээний уулзалт хийсний нэг нь хилийн өндөр хамгаалалттай бүсэд болжээ.
  • 2018.6 сар: Ким Жон Ун “мөнхийн дайсан” АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамптай анх удаа Сингапурт дээд хэмжээний уулзалт хийсэн. Уг уулзалтад Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөө ажиллана гэж амласан. Гэвч тодорхой цаг хугацаа, төлөвлөгөөгүй амлалт учир биелээгүй.
  • 2019.2 сар: АНУ-ын экс Ерөнхийлөгчтэй Ханойд хоёр дахь удаагаа уулзсан ч Вашингтон Пёньяны эсрэг хориг тавьснаар хэлэлцээ үр дүнд хүрээгүй.
  • 2019.6 сар: Ким Жон Ун хоёр Солонгосын хилийн бүсэд Дональд Трамптай гурав дахь удаагаа уулзсан ч мөн л үр дүнгүй байв.

СОРИЛТУУД

  • 2020.6 сар: Хоёр Солонгосын шууд харилцааны газрыг Пёньяны талаас дэлбэлж устгасан. Энэ нь Өмнөд Солонгосын төрийн бус байгууллагуудаас ухуулах хуудсыг олноор хөөргөж байсны хариу үйлдэл байв.
  • 2021.1 сар: Ким Жон Ун Хөдөлмөрийн намын их хурлын үеэр эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөө нь бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч тэрбээр АНУ-ын дайсагналын эсрэг цөмийн зэвсгийн тоогоо нэмэгдүүлж, технологио хөгжүүлэхээ мэдэгдсэн.
  • 2021.4 сар: Цар тахал, олон улсын удаан үргэлжилсэн хориг арга хэмжээ, байгалийн гамшгаас болж Хойд Солонгос хэзээ ч байгаагүй хүнд байдалд орсныг мэдэгдсэн.
  • 2021.10 сар: АНУ-ын эх газарт хүрэх чадалтай холын тусгалын пуужин зэргийг үзүүлсэн зэвсгийн үзэсгэлэнгийн үеэр Ким Жон Ун “үл үзэгдэгч арми” байгуулахаа амласан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж