NEWS агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа 2021 оны “Miss Universe”-ын тэргүүн титмийн эзэн Харназ Каур Сандхуг онцолж байна. Энэтхэгийн Сушмита Сен 1994 онд, Лара Дутта 2000 онд “Ертөнцийн Мисс” болж байснаас хойш 21 жилийн дараа 21 настай Харназ улсдаа тэргүүн титмийг эргүүлэн авчирчээ.
ХҮҮХЭД НАС
Харназ 2000 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Энэтхэгийн Гурдаспур хотод төрж, Чандигарх хотод өсчээ. Түүний эцэг Притампал Сингх Сандху нь үл хөдлөх борлуулагч, ээж Рабиндер Каур Сандху нь эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй. Харназын төрсөн ах Харнур Сандху АНУ-ын Атланта хотод ажиллаж амьдардаг, 500 мянган дагагчтай Youtubе сувагтай.
Притампал Сингх Сандхугийн гэр бүл 2006 онд Их Британи руу нүүсэн ч хоёр жилийн дараа Энэтхэгт буцаж ирсэн байна. Харназ англи, энэтхэг, пенжаб хэлтэй. Тэрбээр Чандигарх дахь Шивалик улсын болон охидын сургуулийн төгсөлтийн дараах коллежид суралцаж, мэдээлэл, технологийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшчээ. “Ертөнцийн Мисс”-д өрсөлдөхийн хажуугаар төр, нийгэм, захиргааны чиглэлээр магистрт сурч буй аж.
ГОО БҮСГҮЙН ЗАМНАЛ
Харназ өсвөр наснаасаа эхлэн загвар өмсөх, тайзан дээр алхаж, зураг авахуулах сонирхолтой байжээ. Аавынхаа эсэргүүцлээс эмээдэг ч ах, ээж хоёртойгоо хуйвалдан, хамгийн анхны тэмцээндээ орж байжээ. Түүний аав дараа нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Охин минь анхныхаа тэмцээнд орж байхад би юу ч мэдээгүй.
Ээж, ах хоёр нь мэдэж байсан боловч тэмцээнд ороод тэргүүн байр эзэлснийх нь дараа надад хэлсэн. Би тэр үед охиндоо "Юуг ч нууж хаах хэрэггүй. Цаг үе өөр болсон болохоор юу хүссэнээ хий" гэж хэлж байсан” гэжээ.
Харназын хамгийн анх оролцсон тэмцээн “Мисс Чандигарх 2017 ” байсан аж. Тус тэмцээнд “Чандигархын шинэ нүүр царай” тэмцээний ялагч болж, гоо бүсгүйн замналаа улам тодотгожээ. Үүний дараа 2018 онд Мумбай хотод болсон “Miss Max Emerging Star India” тэмцээнд тэргүүн байр, 2019 онд “Энэтхэгийн мисс” гоо бүсгүй шалгаруулалтын тэмцээнд мөн адил тэргүүлсэн байна.
Тэрбээр 2021 оны есдүгээр сарын 30-нд Мумбайд болсон "Miss Diva 2021" тэмцээнд Чандигархаас оролцон ялалт байгуулж, Энэтхэгийг төлөөлөн "Miss Universe 2021"-д нэр дэвшиж, тэргүүн титмийн эзэн болоод байгаа юм.
АМЛАЛТАА БИЕЛҮҮЛСЭН НЬ
Харназ гоо үзэсгэлэнтэй төдийгүй чамгүй сайн жүжигчин ажээ. Түүний тоглосон хоёр ч бүтээл ирэх онд дэлгэцнээ гарах юм байна. Энэтхэгийн Нэрт жүжигчин Упасна Сингх “Капил Шарма Шоу” нэвтрүүлэгт оролцохдоо "Харназтай дахин хоёр кинонд хамт тоглох гайхалтай завшаан тохиолдсон" гэж ярьжээ. Тэд маш сайн найзууд бөгөөд “Ертөнцийн Мисс 2021” тэмцээний дараа хамгийн түрүүнд Харназ Упасна руу залгаад, Мумбайд очоод, хамгийн түрүүнд гэрт нь очихоо хэлсэн байна.
“Тэр титмээ гардаж авсныхаа дараа над руу залгаад, "Амлалтаа биелүүлж чадсан шүү" гэж хэлсэн. Түүний ярианаас ямар их аз жаргал мэдрэгдэж байсан гэж бодож байна. Бараг л миний хүүхэд тэмцээнд ялалт байгуулсан мэт л байсан. Бид хоёр их дотно байдаг. Учир нь Харназ Мумбайд ирэх болгондоо манайд байрладаг. Энэ удаад ч Израилиас хамгийн түрүүнд манайд ирэхээ хэлсэн” гэж Упасна ярьжээ.
АВЬЯАСЛАГ БҮСГҮЙН ЧИН ХҮСЭЛ
Харназ өөрийн төрөлх хэл болох пенжабаар шүлэг, зохиол бичих дуртай, спортоор хичээллэх сонирхолтой. Тэрбээр йог, гүйлт, бүжиг, сэлэлт, морин спортоор хичээллэдэг, дуулж, бүжиглэх онцгой чадвартай нэгэн. Гэр бүл, найз нөхөд нь “Чихэрхэн” гэж хочлох нь амттанд хичнээн дуртайг нь илтгэнэ.
Харназын биеийн галбираа хадгалдаг нууц үргэлжийн дасгал хөдөлгөөнтэй холбоотой. Түүний ээж эмэгтэйчүүдийн эмч байсан тул багаас нь ариун цэврийг сайтар сахиулж сургажээ. Харназ өсвөр наснаасаа эхлэн охид, бүсгүйчүүдэд хэрэгтэй мэдээлэл түгээх кампанит ажил зохиосоор ирсэн байна.
“Miss Diva” тэмцээний үеэр Израилийн Элчин сайдын яам болон Ражив Гандийн нэрэмжит Хавдар судлалын хүрээлэнтэй хамтран эмэгтэйчүүдийн хөх болон умайн хүзүүний хорт хавдараас сэргийлэх кампанит ажил зохион байгуулж байсан ажээ.
"ЕРТӨНЦИЙН МИСС 2021"-ИЙН ТЭРГҮҮН ТИТМИЙН ЭЗЭН БОЛОВ
Дэлхийн өнцөг булан бүрээс тэргүүн титмийн эзэн болох хүсэлтэй гоо бүсгүйчүүд "Ертөнцийн мисс тэмцээн"-ийг зорин ирдэг. Энэ жилийн миссийн тэмцээнд нийт 80 орны миссүүд өрсөлдөж, сүүлчийн шатанд Харназ, Парагвай улсын Надиа, Өмнөд Африкийн Лалена нар тунаж үлдсэн билээ.
Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын үеэр Харназаас “Дарамт шахалттай нүүр тулаад буй залуу охид, бүсгүйчүүдэд юу гэж зөвлөмөөр байна вэ” гэж асуухад “Одоогийн охид залууст тулгараад буй дарамт бол өөртөө итгэх итгэл юм. Өөрсдийнхөө бусдаас өөр, үзэсгэлэнтэй гэдгээ ухаарах хэрэгтэй. Бусадтай өөрийгөө харьцуулахаа больж, дэлхий дахинд санаа тавих нь зүйтэй. Гарч ирээд өөрсдийнхөө төлөө дугар. Учир нь чи амьдралынхаа эзэн нь. Чи бол өөрөө өөрийнхөө дуу хоолой юм. Би өөртөө итгэсэн болохоор л энд зогсч байна” гэжээ.
Харназ жилийн хугацаанд Нью-Йорк хотод амьдарч, кампанит ажлаа үргэлжлүүлэх юм. "Ертөнцийн мисс" болсных нь дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Нерандра Моди твиттер хуудсаараа дамжуулан түүнд баяр хүргэсэн бол Энэтхэгийн үе үеийн миссүүд мөн баяр хүргэсэн байна.
ШАГНАЛ ДАГАСАН ХАРИУЦЛАГА
“Ертөнцийн мисс” тэмцээний гоо бүсгүйн титэм дэлхийн хамгийн үнэтэй титэм юм. Тодруулбал, тус титэм 18 каратын алттай, 1770 ширхэг алмаз ордог, гол алмаз нь 62.83 карат аж. Титмийн эзэн тэмцээний дараа их хэмжээний мөнгө бэлэг болгон авдаг боловч зохион байгуулагчид хэд болохыг нь нууцалдаг байна.
Харназ бүтэн жил Нью-Йорк хотноо тансаг зэрэглэлийн байшинд үнэгүй амьдрах эрхтэй. Түүнд туслах, стилистээс гадна гоо засалчдын баг бүрдүүлж өгөх юм. Мөн "Ертөнцийн мисс 2021" тэмцээний зохион байгуулагчид түүний бүтэн жилийн үнэт эдлэл, хувцасны зардлыг даахаас гадна дэлхийгээр аялуулах билээ. Гэхдээ Харназ зүгээр аялахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлан, кампанит ажлаа үргэлжлүүлж, дэлхий дахинд хүргэх юм.
Эх сурвалж: CONAN DAILY, STARSUN FOLDED, WIKIPEDIA, REPUBLIC WORLD
Т.ИСҮ
Холбоотой мэдээ