Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэн хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд “Монголын Худалдаа 100 жилд: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвийн дор олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэхүү хурал нь худалдааны салбарын ололт амжилт, түүхийн сургамж, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэж, салбарын бодлого, зохицуулалтад тусгах санал, зөвлөмжийг боловсруулах зорилготой.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ.
Тэрээр “Худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал байр суурь эзэлж, нийт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагын 30, ажиллах хүчний 16 хувийг бүрдүүлж байна.
Бид 156 улстай худалдаа хийж, нийт бараа эргэлт 15 тэрбум америк долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2.6 тэрбум америк долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 34.2 хувиар өсжээ. Хэдийгээр худалдааны салбар хөгжиж дэвшиж байгаа ч эрх зүйн зохицуулалт сул, олон улсын худалдааны жишигт нийцээгүй, салбарын бүтээмж муу зэрэг тулгамдсан асуудал бий.
Гадаад, дотоод болон цахим худалдааны нөхцөл байдал, өнөөгийн хүрсэн үр дүнг нэгтгэн дүгнэх, худалдааны салбарыг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд хөгжүүлэх, шинэ санаа, шинэлэг үр дүнг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Хуралд төр, олон улс, боловсролын байгууллагын төлөөлөл, судлаачид оролцож, Монгол Улсын худалдааны хөгжил, цаашдын хандлага; Монгол Улсын гадаад худалдааны өнөөгийн байдал; Хүнсний тогтолцооны өөрчлөлт, дэлхийн төлөв байдал ба Монгол Улсын боломж; Цахим худалдааны хөгжил, хэтийн төлөв, эрх зүйн зохицуулалт; Монгол Улсын гадаад худалдааны ирээдүй зэрэг сэдвээр илтгэл тавьсан бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэлтсийн дарга О.Онон дотоод худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар мэдээлэл өглөө.
Энэхүү хурал “Худалдаа”, “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ба шим тэжээлийн асуудал” гэсэн үндсэн хоёр салбар хуралдаантай бөгөөд худалдааны салбарын хуралдаан үргэлжилж байна.
Холбоотой мэдээ